Р.Раш: Одоогийн өргөн царигаар тавих нь зөв

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Р.Раш: Одоогийн өргөн царигаар тавих нь зөв

Р.Раш: Одоогийн өргөн царигаар тавих нь зөв
УИХ-ын бүтцийн байгууллагуудаар Монголын төмөр замыг шинэчлэх, Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын төслийг хэлэлцэж байна. УИХ-аар хэлэлцэж эхлээд удаагүй байгаа Төмөр замыг шинэчлэх, Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын төслийн талаар гишүүд ямар байр суурьтай байгааг цувралаар хүргэж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүд төмөр замын сүлжээ буюу хойшоо, урагшаа чиглэл болон өргөн, нарийн царигийн аль нь Монголд ашигтай вэ гэсэн асуултад хариулт өгөх юм.

Уншигч танд сануулахад, манай сайт Төмөр замын бодлого, шинэчлэлийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг явуулж байгаа бөгөөд үүнд хүн бүхэн нээлттэй оролцож, www.ardiin_mongolnet.mn болон info@news.mn гэсэн цахим хаягаар санал бодлоо ирүүлэх боломжтой юм.

УИХ-ын гишүүн Р.Раш:

Бид хоёр их гүрний хооронд байгаа улс. Үүнийг нэлээд сайн бодолцох учиртай. Манай одоогийн төмөр замын цариг нь ОХУ, хуучнаар бол ЗХУ-ын стандартын өргөн цариг. Өргөн нь 1520 мм. Цариг өөрчилнө гээд үүнийг бүгдийг хуулж болохгүй. Тиймээс энэ замтайгаа шууд холбогдох буюу огтлолцох тийм шинэ төмөр зам барих шаардлага гарахад одоогийнхоороо өргөн царигаар тавих нь зөв гэж би боддог. Тэгэхгүй бол цариг таарахгүй. Тэр болгон дээр ачаа сэлгэх нь хэцүү. Харин хил болоод зах зээлд ойрхон, тэгээд түүгээр дамжиж гурав дахь зах зээл болох Япон, БНСУ ч гэдэг юм уу, тийшээ гарахад ойр дөтийг бодвол тийш гарах төмөр замыг нарийн цариг буюу 1435 мм-ээр барьж яагаад болохгүй байх билээ. Бид тийм нарийн царигийн төмөр замыг ашиглаж чадна. Одоо л гэхэд Эрээнээс нааш Замын-Үүд рүү 4-5 км зам орж ирээд жижгэвтэр тав зургаан замтай сэлгээний өртөөтэй, хятад царигаас монгол цариг руу ачаа шилжүүлэн ачдаг тоног төхөөрөмж байгууламжтай болчихоод байна. Бид тэнд ажиллаж чадаад л байгаа.  Аль чиглэлд төмөр зам эхлээд тавих вэ гэхээр давын өмнө УБТЗ-ыг Өмнөговьд босох гэж байгаа аж үйлдвэрийн тэр асар том районтой холбох хэрэгтэй. Төмөр зам барина гэдэг их хугацаа шаарддаг эд. Зарим хүн нэг хоёр жилд шууруулна гэж яриад байгаа. Тэгж ойлгож болохгүй. Маш нарийн технологитой, ажиллагаа ихтэй хүнд хөдөлмөр шүү дээ. Ул шороо тавих, дээгүүр нь төмөр замаа зулж өрөх гээд өдий төдий ажил орно. Саяхны түүх юм даа. Эрдэнэт, Багануур, Бор-Өндөрийн төмөр замыг барьсан. Энэ хойно Ерөөд 90-ээд км төмөр зам барихаар болж хоёр жилийн өмнө эхэлсэн. Одоо 60-аад км л яваад байна. Уулын бартаа ч их туулж байгаа биз дээ. Энэ жилдээ багтааж дуусгаж чадах уу, үгүй юү, тэр замыг. Юмыг байгаа байдлаар нь харж, бодитоор харж хандах хэрэгтэй л дээ.
Эцсийн эцэст Тавантолгойн уурхайг ашиглана гэдэг нь том утгаараа төмөр зам барьж байж л бүтнэ шүү дээ. Машинаар цааш нь нүүрс зөөж л байна. Түүнийг тоолж бүртгэж хяналт тавихад их бэрх байх. Өчнөөн төчнөөн их даацын тэрэг эгнээ эгнээгээрээ тоос татуулаад л давхидаг байлгүй, миний төсөөллөөр бол. Хэчнээн хэмжээний нүүрс гаргаж ямар ч хэмжээний татвар төлж байгаа юм, мэдэхгүй. Байгаль их хэцүүхэн болж байгаа. Энэ мэт зөндөө явдал байх шиг байна. Тэр ачаа вагоны нуруун дээр гарчихвал бүртгэл тооцоо тас няс болно оо доо. Байгаль сүйдэх нь ч багасна. Зэрэгцээд авто зам байхад ч юу нь буруудах вэ гэж л бодож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж