Хамгийн хямд мах “Хүчит шонхор” захад бий

Хуучирсан мэдээ: 2013.02.22-нд нийтлэгдсэн

Хамгийн хямд мах “Хүчит шонхор” захад бий

Монголын үндэсний статистикийн хороо хоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийслэлийн зургаан дүүрэгт байрладаг арван хүнсний зах, худалдааны төвд хийсэн 35 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн ажиглалтаа хийжээ. Цагаан сарын баяр өнгөрч буй энэ үед махны үнэ ханш тогтвортой байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Тэдний ажиглалтаар хонины ястай нэг кг мах дунджаар 7675 төгрөг, үхрийн ястай мах нэг кг нь дунджаар 8414 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 228 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 229 төгрөгөөр өсчээ. Энэ долоон хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 7900 төгрөг, “Меркури”, “Бөмбөгөр” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөг байв. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 315 төгрөг, хонины цул махны үнэ 233 төгрөгөөр өссөн байлаа. Харин хонины мах “Хүчит шонхор” хүнсний захад мөн л хамгийн хямд буюу 6900 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөгөөр худалдаалж байна.

Ингээд хамгийн хямд үнээр худалдаалж буй “Дэнжийн мянга” дахь “Хүчит шонхор” захыг өчигдөр зорилоо. Цагаан сарын баяр өнгөрсөн, мөн ажлын өдөр учир “Хүчит шонхор” зах хөл хөдөлгөөн багатай байна. Харин амралтын өдрүүдэд иргэд хүнсний бараагаа цуглуулахаар хөл хөдөлгөөн ихтэй байдаг гэнэ.

Хүнсний ногооны бөөний худалдаа /Барс захын үнээр/ гэсэн хаягтай хамгийн эхний хаалгаар орлоо. Энд монгол сортын Ховдын болон Төв аймгийн Жаргалантын төмс байна. 

-За монгол сортын төмс байна шүү. Нэг кг нь 550төгрөг. 10 дээш кг-аар төмс авбал 400 төгрөг. Шуудайгаар нь авбал нэг кг-ыг нь 350 төгрөгөөр өглөө. Харин манжин 1000, хятад сонгино 1200, зэрлэг сонгино буюу байгалиас нь түүж авсан сонгино 3500, байцаа 1200, Лууван 800 төгрөгийн үнэтэй байна. Харин худалдагчаас нэг кг төмсийг 350 төгрөгөөр өгч болдоггүй юм уу? гэж асуухад: –Бөөнөөр нь худалдах үнэ байгаа юм. Хотын захын хүнсний дэлгүүрүүд 350 төгрөгөөр худалдаж аваад зардаг. Иргэд ч гэсэн шуудайгаар авдаг юм. Тэгээд ч нэг кг-ыг 350 төгрөгөөр зарвал төмсний үнэ “унагаалаа” гээд бөөн хэрүүл болно гэлээ.

Тэгэхээр захын ченжүүд үнийг тогтоодог бололтой. Түүнээс биш Жаргалант, Ховдын шар төмсийг иргэд 350 төгрөгөөр худалдаж авах боломж байгаа мэт санагдлаа.

Барс захын үнээр худалдаалж буй энэ газраас гарч, бусад худалдаачдын хүнсний ногооны үнийг сонирхлоо. Хүнсний ногоо зардаг олон лангуу байх хэдий ч яг адилхан үнэтэй. Харин шуудайгаар нь авбал 400 төгрөг гэх нь арай үнэтэй сонсогдлоо. Төмс хүний ногоо цагаан баяраар үнээ нэмээгүй, одоогийн зарагдаж байгаа үнээр худалдаалсан гэдгийг “Хүчит шонхор” захынхан хэлж байна.

Ингээд нийслэлд мах хамгийн хямдаар худалдаалж буй “Хүчит шонхор” захын махны жижиглэнгийн лангуугаар очлоо. Энд үхрийн цул мах хамгийн үнэтэй буюу 8500 төгрөг байна. Харин үхрийн ястай мах 7300-7500 төгрөгийн үнэтэй. Үхрийн нэг ширхэг хавирга жинлүүлж үзлээ. 14200 төгрөг болж байна. Авахгүй жинлүүлсэнд би ч бантлаа, худалдагч эгч гэсэн урам муутай байгаа нь харагдлаа.

Харин хонины мах жижиглэнгээр 7000, ямааны мах 5400, адууны мах 600 төгрөгийн үнэтэй байгаа бол хамгийн хямд мах тэмээнийх байна. Тэмээний мах “Хүчит шонхор” зах дээр тэмээний мах 5500 төгрөгийн үнэтэй. Энд махны олон лангуу байх хэдий ч мөн л адилхан үнэтэй. Цөөн ганц нэг лангуу бусдаасаа 100-200 төгрөгийн зөрүүтэй байх жишээтэй. Яг л хоорондоо тохиролцсон мэт. Магадгүй цаанаас яг адилхан үнээр авдаг юм байлгүй дээ.

Харин “Хүчит шонхор” захын махны худалдаачид “Манай зах хамгийн хямд зардаг. Итгэхгүй бол бусад худалдааны төвүүдээр яваад үзээрэй” гэж “захилаа”.

Мөн “Хүчит шонхор” захын хашаанд Портер маркийн автомашинуудаар гулууз, гулуузаар нь мах ачиж иржээ. Тэр нь хонь,  ямааны гулууз мах байна. Гулуузаар хонины мах 5800, ямааны мах 4500 төгрөгийн үнэтэй гэнэ. Тэгэхээр “Дэнжийн мянга”-ын “Хүчит шонхор” захаас гулуузаар мах, шуудайгаар төмс хүнсний ногоо худалдан авбал ашигтай мэт санагдана. Ингэж ихээр худалдаж авах нь жижиглэнгийн үнийн дүнгийн тэн бараг хагасаар авсантай тэнцэх аж.  

Харин “Хүчит шонхор” захад дээд зэргийн гурил 900, нэгдүгээр гурил 750, хоёрдугаар зэргийнх нь 550 орчим төгрөгийн үнэтэй байна.

Харин Үндэсний статистакийн хороо “энэ долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт гурилын үнэ дээд зэрэг нь 820-990 төгрөг, нэгдүгээр зэргийнх 650-795 төгрөг, хоёрдугаар зэргийнх 500-600 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван Эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 820-аас 900 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурил 850 төгрөг, нэгдүгээр зэргийн гурил 700 төгрөг, хоёрдугаар зэргийн гурил 500 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талхны үнэ хүнсний зах, дэлгүүрт 630-700 төгрөгийн үнэтэй  байна. “Баянзүрх”, “Номин”, “Бөмбөгөр”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 630 төгрөгөөр, харин “Меркури”, “Таван Эрдэнэ”, “Марко” хүнсний захуудад хамгийн өндөр үнээр буюу 700 төгрөгөөр худалдаалж байна” гэж мэдээлжээ. Үндэсний статистикийн хороо нийслэлийн зургаан дүүргийн арван томоохон худалдааны төвийн үнийн дунджаар ийнхүү дүгнэлтээ гаргадаг юм. Бид дараагийн сурвалжлагаараа Барс, Баянзүрх, Меркури зэрэг худалдааны төвөөр явж, үнийн талаар дэлгэрэнгүй сурвалжлага хүргэх болно.  

Б.БИЛЭГ




NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж