УИХ-ын бүтцийн байгууллагуудаар Монголын төмөр замыг шинэчлэх, Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын төслийг хэлэлцэж байна. УИХ-аар хэлэлцэж эхлээд удаагүй байгаа Төмөр замыг шинэчлэх, Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын төслийн талаар гишүүд ямар байр суурьтай байгааг цувралаар хүргэж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүд төмөр замын сүлжээ буюу хойшоо, урагшаа чиглэл болон өргөн, нарийн царигийн аль нь Монголд ашигтай вэ гэсэн асуултад хариулт өгөх юм.
Уншигч танд сануулахад, манай сайт Төмөр замын бодлого, шинэчлэлийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг явуулж байгаа бөгөөд үүнд хүн бүхэн нээлттэй оролцож, www.ardiin_mongolnet.mn болон info@news.mn гэсэн цахим хаягаар санал бодлоо ирүүлэх боломжтой юм.
УИХын гишүүн Р.Амаржаргал: Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гэж бий. Гадаад бодлогын үзэл баримтлал ч гэж байгаа. Тэдгээрийн гол шалгуурыг үндэслээд төмөр замаа чухам техникийн ямар үзүүлэлттэй байгуулахаа шийдэх байх. Манай Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаар хоёр хөрштэйгээ ижил тэгш харилцаатай байна гэсэн тунхаглалтай. Энэ дагуу аль аль царигийг таарах газарт нь хослуулж хэрэглэнэ биз ээ.