Энэтхэгийн Хайдерабад хотын Дилсух Нагар дүүрэгт өчигдөр орой ажил тарах цагаар дараалан бөмбөг дэлбэрсний улмаас одоогийн байдлаар 14 хүн амь үрэгдэж, 119 хүн гэмтэж бэртээд буй тухай Agence France-Presse мэдээлжээ. Харин Хайдерабад хотын цагдаагийн газрын даргын мэдээлснээр хүнсний захын ойролцоо оршдог кино театрын гадаа дараалан хоёр бөмбөг дэлбэрсний улмаас 16 хүн амь үрэгдээд байгаа аж. Гэрчүүдийн мэдээлж буйгаар хохирогчдын ихэнхи нь ажлаа тараад жимсний зах орохоор явсан хүмүүс гэнэ. Энэтхэгийн цагдаагийн газраас дээрх хэрэгтэй холбоотойгоор өнөөдөр урьдчилсан байдлаар мэдэгдэл хийсэн байна. Энэхүү мэдэгдэлд тус халдлага болохоос өмнө өнгөрсөн аравдугаар сард лалын зэвсэгт бүлэглэлийн дайчид цагдаагийн байцаалтын үеэр Хайдерабад хотод томоохон тэсрэх бөмбөг бүхий халдлага үйлдэх тухай заналхийлж байсан гэдгийг мэдэгджээ. Одоогоор энэхүү хэрэг дээр цагдаагийн шуурхай баг томилон, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна. Энэтхэгийн цагдаагийн дарга дээрх мэдэгдэлдээ халдлагыг лалын зэвсэгт бүлэглэл үйлдсэн болохыг батлан мэдэгдсэн боловч ямар бүлэглэл болох тухай дурьдаагүй аж. Харин Энэтхэгийн нэгэн сонинд бичсэнээр сүүлийн жилүүдэд тус улсад лалын “Моджахед” гэх бүлэглэл бөмбөг тэсэлж, алан хядлага үйлдэх болсон гэнэ.
Хайдерабад хотын хүн амын ихэнхийг Энэтхэгийн төрөлх шашин болох Хиндичүүд эзэлдэг бөгөөд цөөн тооны лалын шашинтан оршин суудаг байна.
Б.АНХТУЯА