МСБХ-ноос мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2013.02.22-нд нийтлэгдсэн

Монголын сагсан бөмбөгийн холбоо ирэх онд хийх ажлуудаа мөн шинэчлэгдсэн удирдлага, шинэчилсэн зохион байгуулалттайгаар ажиллах болсон талаар  өнөөдөр “Монгол ньюс” төвд мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн хоёрдугаар сарын нэгэнд МСБХ дөрвөн жилд нэг болдог чуулганаа хийсэн байна. Энэ чуулганаар МСБХ-ны удирдлагууд шинэчлэгдэж, шинэ ерөнхийлөгчөөр Ч.Ганхуяг сонгогдож, дэд ерөнхийлөгчөөр А.Амундра, С.Болорсайхан, Ц.Шаравжамц, ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Оргил нар томилогджээ. Шинэ удирдлагуудаа танилцуулсанаас гадна энэ онд хийх зарим ажлынхаа  төлөвлөгөөг танилцууллаа. МСБХ-ны чуулган дөрвөн жилд нэг удаа чуулдаг байсан бол шинэ ерөнхийлөгчийн шийдвэрээр хоёр жилд нэг удаа чуулганаа хийхээр болжээ.

Шинэчлэгдсэн холбооны хамгийн эхний ажил нь МУ-ын Засгийн газрын 2012 оны 262 тоот тогтоолын дагуу Монголын оюутны спортын Универсиад III их наадмийн сагсан бөмбөгийн нийслэлийн бүсийн тэмцээн энэ сарын 23-24-ны өдрүүдэд болох ажээ.

МСБХ, “Хасын хүлгүүд”  клуб хамтран АНУ-аас “Athletes in action” клубын өсвөрийн багийг урьснаар ирэх зургаадугаар сард манай улсад ирж хамтарсан бэлтгэл хийж, туршлага солилцохоор болсон байна.

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо буюу FIBA-с зохион байгуулдаг ЗүүнАзийн наадамд эх орноо төлөөлөн оролцох эрэгтэй шигшээ багаа  МСБХ-с бүрдүүлсэн байна. Одоогоор хоёр дасгалжуулагч, 24 тамирчний бүрэлдэхүүнтэйгээр бэлтгэлээ хийж эхлэх гэж байна. Олон улсын энэхүү тэмцээнд хоёр дасгалжуулагч, 12 тамирчин оролцох юм байна.

Харин жилбүр зохиогддог сагсан бөмбөгийн дээд лиг энэ жил эхлэх хугацаандаа эхлээгүй байгаа.  Яагаад дээд лигийн тэмцээн эхлэхгүй, хойшлогдоод байгааг МСБХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Шаравжамцаас тодруулахад “Дээд лигийн тэмцээнийг зохиох спорт заал олдохгүй байгаа учраас бид заал хайж байна. Спортын төв ордонд сул цаг байхгүй байна, гэхдээ бид гарах гарцыг хайж байна. Хэрэв заал олдох л юм бол бид дээд лигийг өнөөдөр ч эхлүүлэхэд бэлэн байна. Ямар ч гэсэн ирэх гуравдугаар сарын дундуур сагсан бөмбөгийн дээд лигийг зохион байгуулах болно”  гэлээ.

М.НАРАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж