МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, хэрхэн Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг ард түмнээсээ асууж тодруулах болон намын Их хурлын тов зэрэг бусад дотоод асуудлуудыг хэлэлцжээ. Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дэвшигчийг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар болсон юм байна. Эхний шатанд ямар шаардлага, шалгуур хангасан хүн Ерөнхийлөгчид нэр дэвших вэ гэдгийг иргэдээсээ асууж, дараагийн шатанд тэрхүү шалгуурыг хэн илүү сайн, бүрэн дүүрэн хангах вэ гэсэн хоёр үе шаттай шалгаруулалт явуулахаар болсон байна.
Мөн МАН-ын зарим гишүүд тус намын Их хурлыг хуралдуулах саналыг дэвшүүлсэн ч Удирдах зөвлөлийн нийт гишүүдийн 80 хувийн саналаар МАН-ын XVII Их хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хийх нь зөв хэмээн шийдвэрлэжээ. Удирдах зөвлөлийн хуралдаанаар МАХН-тай эвсэх асуудлыг хэлэлцэнэ гэсэн таамаг байсан боловч энэ талаар хэлэлцээгүй гэлээ.
Ш.ЧИМЭГ