Лениний музей нийслэлийн өмч биш гэв

Хуучирсан мэдээ: 2013.02.22-нд нийтлэгдсэн

Лениний музей нийслэлийн өмч биш гэв

Өнгөрсөн намраас эхлээд олны хараанд өртөж эхэлсэн Лениний музейн эзэмшлийн асуудалд  2013 он дөнгөж гараад  Засгийн газраас “таслал” тавьсан билээ. “Цэг” биш “таслал” гэх нь учиртай.  Одоог хүртэл музей хууль ёсоороо төрд харьяалалтай байх уу,  намынх уу байх уу гэдэг тодорхой дүгнэлт гарч чадахгүй, урьд хойтын асуудлыг сөхсөөр. Тэгэхээр өмчлөлийн хувьд маргаантай барилгуудын нэгд тооцогдох болж байгаа юм. Ямартай ч музейн эзэн, холбогдогч нь олны сайн мэдэхээр МАН гэгдэх учраас Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас илгээлт явуулан, холбоо тогтоох гэсэн боловч хариу ирэлгүй удсан. Тиймээс түүхийн ховор олдворуудыг хадгалах асуудлыг яаралтай шийдэхээр музейн зориулалт талаасаа нэг шат ахисан. Энэ бол Лениний музейг Үлэг гүрвэлийн музей болгох тухай Засгийн газрын тогтоол. Ийнхүү овор, хэмжээ их шаарддаг үлэг гүрвэлийн ясуудыг хийх байр савтай болж байгаа юм. Энд хилийн чанадад алдагдсан үлэг гүрвэлийн ясууд болон ШУА-ийн палеонтологийн төвд 200, Европийн үзэсгэлэнд 90, Азийн үзэсгэлэнд 26, Байгалийн түүхийн музейд 150 орчим бүрэн болон хэсэгчилэн хадгалсан  үлэг гүрвэлийн үзмэрээс хадгалах ажээ. Гэтэл анхнаасаа л ингээд шийдчихэж болох байсан юм биш үү? Юуны тулд олны анхаарлыг татаж, цаг хугацаа алдаж энэ хүрэв. Эзэн нь хэн юм гэсэн асуулт одоо ч хэвээрээ байна.

Хэнийх юм бэ?

Нийслэлийн аль ч хэсэгт оршиж буйн хувьд ялангуяа музейн барилга хувь хүн, байгууллага тэр байтугай нам хүчний ашиг, сонирхлын нэг арга хэлбэр байх учиргүй гэсэн бодол хүн бүрт бий. Музей Чингэлтэй дүүрэгт хамаарах бөгөөд энэ талаар Нийслэлийн өмчийн харилцааны газраас тодруулахад “Социализмын үед бүгд л төрийнх байлаа. Тэгвэл 1999 оны УИХ-ын 29 дүгээр тогтоолоор 500 гаруй төрийн өмчийн барилга, байгууламж, обьектыг нийслэлийн болон орон нутгийн өмч гэдгээр ангилан хамааруулах тухай заасан байдаг. Үүнд Лениний музей лав байхгүй” гэсэн тайлбарыг өгсөн юм. Төрийн өмчийн хорооноос энэ  талаар лавлахад, “1997 онд Төр өмчөө тоолж байхад Лениний музейг нийслэлийн өмч гэж тоолоогүй юм. Сүүлд нэгдүгээр сард бид энэ талаарх лавлагааг архиваас шүүж, Нийслэлийн өмчийн харилцааны газарт өгсөн байгаа” гэлээ. Тэгэхээр нийслэлд харьяалалгүй гэдэг нь тодорхой боллоо.

Түүхийг цухас дурдъя. Лениний музейн барилга 1974-1980 онд тухайн үеийн Соёлын яамны захиалгаар төсвийн хөрөнгөөр баригдсан бөгөөд ашиглагч болох Намын түүхийн институтыг татан буулгасны дараа МАХН буюу одоогийн МАН дамжуулан ашиглаж иржээ. Ингээд Төрийн өмчийн хороо 1997 онд байгуулагдснаар өмчийг тоолж эхлэхэд тухайн үед маргаантай байсан 60 барилгын нэг нь уг Лениний музей юм байна. Цаг хугацаа баларч, саяхныг хүртэл энд үсчин, сургалтын төв, гар утасны худалдаа, үйлчилгээний “Окта” төв, баар, караоке, бичиг хэргийн худалдаа байсан бол “Орон бүхний пролетари нар нэгдэгтүн” гэсэн бичгийг ханан дээрээ мөнхөлсөн музей одоогийн байдлаар “амьгүй” байна. Төрийн хөрөнгөөр барьсан хосгүй түүхийн олдворыг ийнхүү яаралтай зориулалт ёсоор нь ашиглаж Үлэг гүрвэлийн төв музей болгох шийдвэр гарсан бол хэрэгжилт нь музейн эзнээс үг дуулахыг хүлээсэн шиг цаг битгий аваасай гэх л үлдлээ. 

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж