Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны консулын хэлтэс, Хонконг, Хөх хот дахь Ерөнхий консулын газар, Эрээн дэх Консулын газар, Шанхай хот дахь Консулын төлөөлөгчийн газрын тэргүүн нарын ажлын ээлжит уулзалт хоёрдугаар сарын 19-20-нд ӨМӨЗО-ны нийслэл Хөх хотод зохиогдов.
Ажлын уулзалтад ЭСЯ-ны консулын хэлтсийн дарга Ц.Буянбадрах, Хөх хот дахь Ерөнхий консул Б.Энх-Амгалан, Эрээн дэх Консул Б.Саруул, Шанхай хот дахь Консулын төлөөлөгч Д.Даваасүрэн болон консулын бусад албан тушаалтан оролцлоо.
Уулзалтаар иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, харилцан мэдээлэл солилцох, мэдээллийн нэгдсэн сан байгуулах, консулын ажлын уялдаа холбоог сайжруулах зэрэг асуудлаар санал солилцож, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлов.
Түүнчлэн Хятад улсад ажиллаж, суралцаж буй монгол иргэдийн тоо бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг шинэчлэх, ял эдэлж буй иргэдийн нөхцөлийг сайжруулах, ялтан шилжүүлэх гэрээг айлын талаар батлуулах, хоёр талын хууль сахиулах байгууллагуудын айлчлал, хамтын ажиллагааг өргөжүүлэх, манай иргэд үндэстэн дамнасан гэмт хэрэг, хар тамхи, мансууруулах бодистой холбоотой болон бусад гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Манай улсын иргэд Хятад улсын хууль, дүрмийн талаарх зохих мэдлэг, мэдээлэлгүй байдлаасаа шалтгаалж гэмт хэрэг, зөрчилд холбогдох, сэтгэл санаа, бие махбодь, эд хөрөнгөөр хохирох явдал гарсаар байна. Иймд Хятад улсад зорчих, суралцах, ажиллаж, амьдрах иргэдэд чиглэсэн тус улсын хууль, дүрмийн талаар мэдээлэл сурталчилгааны ажлыг түлхүү хийх шаардлагатайг хуралд оролцогчид санал нэгтэй дүгнэж, энэ талаар холбогдох байгууллагад зөвлөмж, санал хүргүүлэх, гарын авлага гаргахаар шийдвэрлэв.
Дараагийн ажлын уулзалтыг ирэх долдугаар сарын 9-нд Бээжин хотод зохион байгуулах бөгөөд энэ удаад хэлэлцсэн асуудал, холбогдох шийдвэрийг дүгнэн цаашдын ажлыг төлөвлөх юм.