“Алдагдлаа бууруулахын тулд бүх боломжоороо ажиллаж байгаа”

Хуучирсан мэдээ: 2013.02.22-нд нийтлэгдсэн

“Алдагдлаа бууруулахын тулд бүх боломжоороо ажиллаж байгаа”

“Дулааны IV цахилгаан станц” хувьцаат компанийн тэргүүн дэд захирал, ерөнхий инженер М.Амарбаясгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ирэх сараас эхлээд дулаан, цахилгааны үнэ нэмэгдэнэ гэж байсан. Харин энэ мэдээллийг сал­барын сайд үгүйсгэж байна?

-2009 онд УИХ-ын 72 дугаар тогтоол гэж гарсан. Энэ тогтоол сүүлийн жилүүдэд эрчим хүчний салбарт ихээхэн үр ашгаа өгч, бодлого чиглэлийг гаргаснаараа ач холбогдолтой, тодруулбал, 2014 оноос эрчим хүчний салбарынхан өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг хэлбэр рүү оруулах бодлогыг тодорхойлсон. Гэвч өнгөрсөн оноос энэ бодлого алдагдчихлаа. Эрчим хүчний салбар ашгийн байгууллага биш. Эрчим хүчний байгууллагын орлого, зарлага болон бизнес төлөвлөгөөг нь хянаж, баталж өгдөг Эрчим хүчний зохицуулах хороо гэж байгууллага бий. Энэ байгууллага нь Засгийн газраас хараат бие даасан статустай. Эрчим хүчний үнэ тарифыг ард түмний эрх ашигтай уялдуулан байгууллагуудын зардлыг хянаж, ШӨХТГ-тай зөвшилцөн эрчим хүчний үнэ тарифыг тогтоодог юм. Гэтэл 2011 оны тавдугаар сараас хойш үнэ тарифыг УИХ-ын 2009 оны 72 дугаар тогтоолын дагуу бодлогын хүрээнд нэмж, зах зээлийн үнэд хүргэх, 2014 оноос Эрчим хүчний салбар эдийн засгийн хувьд бие даасан салбар болох бодлогоо хэрэгжүүлж чадсангүй. 2013 онд эрчим хүчний үнэ нэмэхгүй гэж яриад байгаа. Өнөөдөр зах зээл дээр бүх түүхий эд, бараа материал, нүүрсний үнэ өсөөд байхад эрчим хүчнийүнэ 2011 оноос хойш нэмэгдэхгүй байгаа нь салбарын  алдагдал нэмэгдэх гол шалтгаан болж байна. Үүнээс болж тоног төхөөрөмжиндөө засвар үйлчилгээ хийх хөрөнгө дутагдаж, шинэчлэх асуудал хоцорч улс орныг эрчим хүчээр тасралтгүй хангах үндсэн үүрэг, найдвартай ажиллагаа  алдагдах аюул ирэх вий гэсэн санаа зовоосон асуудал гарч ирлээ.

-Та бүхэн алдагдлаа нөхөхийн тулд үнээ зайлшгүй нэмэх ёстой гэж үзэж байгаа бол хэдэн төгрөгөөр нэмэх вэ. Энэ талаар судалсан судалгаа бий юү?

-Эрчим хүчний компаниуд ашиг,алдагдлынхаа талаар тооцоогоо гаргаад Эрчим хүчний зохицуулах хороонд өгдөг. Тус хороо бүх тооцоог үзэж шалгаад, тухайн байгууллага тус бүр дээр ямар хэмжээгээр үнэ нэмэх вэ гэдгийг тогтооно. Тус хороо нь ШӨХТГ-т өөрсдийнхөө үндэслэлээ тавиад ард түмэнд зарлаад, дүрэм журмынхаа дагуу нэмэх байх. Тиймээс үнэ нэмэгдэх зайлшгүй шаардлага байгаа гэж үзэж байна.

-Танайх алдагдалтай ажиллаж байгаа учир үнэ нэмэх нь зөв гэж байна. Гэтэл улсын төсвөөс та бүхэн багагүй мөнгө авдаг гэдэг шүү дээ. Ингэхэд төрөөс алдагдлыг чинь нөхөх нөхөн олговор гэж олгодог юм уу?

-2010-2011 онд алдагдлыг бууруулах зорилготой улсын төсвөөс татаас өгч байсан. 2012 онд манайд компанид  улсын төсвөөс 3.7 тэрбум төгрөгийн татаас өгөх ёстой байсан. Гэтэл энэ мөнгө орж ирээгүй. Одоо он дууссан болохоор энэ мөнгө олгогдохгүй. Учир нь тухайн жилийн төсөвт багтсан болохоор дараагийн онд нь нөхөж олгоно гэсэн заалт байхгүй шүү дээ.

-Тэгвэл төрөөс харж үзэхгүй байна гэсэн үг үү?

-УИХ-ын 2009 оны 72 дугаар тогтоолоор урт хугацааны зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийг гурван жилээр хойшлуулсан. Дээр нь ард түмэнд цахилгаан дулааны үнийг нэмэхгүй, нөхөн олговрыг нь тодорхой хэмжээгээр бүх компани их бага хэмжээгээр өгч байсан ч энэ нь зогссон болохоор алдагдал тэр их хэмжээгээр гарч байна. Гэхдээ эрчим хүчний салбарынхан дандаа алдагдалтай ажиллана гэж юу байх вэ. Манай компанийн хувьд алдагдлаа бууруулахын тулд өөрсдийнхөө нөөц бололцоог дайчлан ажиллахаас гадна зарим тоноглолынхоо засвар үйлчилгээг солих, хялбарчлах зэрэг арга хэмжээг авч, алдагдлаа тодорхой хэмжээгээр бууруулж чадсан. 

-Сүүлийн үед иргэдийн төдийгүй төрийн тэргүүнүүдийн санааг зовоож нэг асуудал нь цахилгаан станцууд ачааллаа дхийлэхээ болилоо гэсэн айдас. Үүнтэй холбоотойгоор шинэ цахилгаан станц барих асуудал гарч ирлээ.Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Шинэ эх үүсвэр зайлшгүй хэрэгтэй. Шинээр цахилгаан станц барих асуудал Засгийн газрын хуралдаанаар оруулаад барих газраа “Ургах наран” хорооллын өмнө барих шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулаад Эрчим хүчний яам болон холбогдох газрууд асуудлыг шийдэх байх. Нэгэнт шийдвэр нь гарсан юм чинь барих нь тодорхой. Улаанбаатарт суурьших иргэдийн тоо жилээс жилд өсч байгаа энэ үед цахилгаан дулааны хэрэглээ улам нэмэгдэж ачааллаа даахаа больж байгаа тул цахилгаан станц барих нь зөв.

-Танай станцын  дулаан, цахил­гаан эрчим хүчний хүчин чадал хэр байна вэ. Хааяа цахилгаан, дулаан доголдож байна гэх мэдээлэл гарч байна. Иргэдийг оргил ачааллын цагаар цахилгаанаа хэмнэхийг уриалсан уриалга бас гаргасан байсан учраас энэ асуудал анхаарал татаад байна?

-Өнөөдөр манай станцийн суурилагдсан хүчин чадал 580 мВт. Төслөөр  540 мВт  байсныг сүүлийн жилүүдэд хүчин чадлыг 40 мВт-аар нэмэгдүүлж 580 мВт болгосон. Оройн оргил ачааллаар 580-600 мВт ачаалал авч ажиллаж байна. Манай станцад найман зуух, зургаан турбин байна. Эдгээр тоноглолууд арванхоёрдугаар сарын 26-наас хойш тасралтгүй ажиллаж байна. Аль нэг тоноглол нь зогсвол  төвийн эрчим хүчний системд хязгаарлалт хийхэд хүрнэ. Ийм асуудал гаргахгүйн төлөө манай салбарынхан ажиллаж байна.

-Нэг хэсэг эрчим хүчний хязгаарлалт хийгээд байсан. Ингэснээр цахилгааны ачааллыг хэмнэх гэх мэтээр үр дүнд хүрч чадсан уу?

-Арга ядаад цахилгааны хүчин чадал хүрэхгүй хүнд үед нэг, хоёр цагаар цахилгааны хязгаарлалт хийсэн. Манайх цахилгааны үйлдвэрлээд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компаниар дамжуулаад цааш нь Улаанбаатар түгээх сүлжээ болон бусад түгээх сүлжээнүүдээр дамжуулан ард түмэнд хүргэдэг.

-Нийслэлчүүд хэр их хэмжээний цахилгаан хэрэглэдэг вэ. Танай дээр бүх ачаалал төвлөрдөг гэж дуулсан?

-Манай станц төвийн эрчим хүчний системийн 70 хувийг цахилгаанаар хангадаг. Одоо  хүчин чадлаа нэмэгдүүлж 80 орчим хувийг хангаж байна. Манай станц ганцхан Улаанбаатар хотын хэрэглэгчдийг дангаар нь цахилгаан, дулаанаар хангадаггүй шүү дээ. II, III, IV станц, Эрдэнэт, Дарханы гэсэнтаван станц  төвийн эрчим хүчний системд нэгдмэл сүлжээнд холбогдож эрчим хүчний нийлүүлэлт хийдэг.

-Дулааны  эрчим хүчний хувьд?

-Улаанбаатар хотын дулаан хангамжийн 65 орчим хувийг хангаж байна. Өнөөдөр 10-11 мянган тонн усыг 120 хэм хүртэл халааж түгээж байна. II, III, IV станцууд сүлжээний усыг халаагаад Улаанбаатар дулааны шугам сүлжээ компани төвлөрсөн дулааны шугам сүлжээгээр энэ дулааныг  бүх хороололд хүргэдэг.

-Цаг дулаараад ирэхээр дулааны эрчим хүчний хэрэглээ буурдаг биз дээ?

-Есдүгээр сарын 15-наас усны зарцуулалт нэмэгдээд тавдугаар сарын 15 гэхэд халаалт хаагаад ирэхээр усны зарцуулалт буураад явчихдаг. Өвлийн улиралд 17-18 мянган тонн ус, зуны улиралд 4,5-5 мянган тонн усыг халааж, хэрэглэгчдийг дулаан эрчим хүчээр хангаж байна.

-Танайх нүүрсээ хаанаас, хэдэн төгрөгөөр авч байна вэ. Энэ асуудалд төрөөс ямар нэг байдлаар дэмжлэг үзүүлдэг үү?

-Манай станц Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайгаас нүүрсээ авдаг. Станцын анхны проектороор  Багануурын уурхайн нүүрсийг ашиглахаар  зохион бүтээсэн юм. Багануурын уурхай бүрэн гүйцэд хангаж хүрэлцэхгүй байгаа тул Шивээ-Овоогоос нүүрс авахад хүрсэн. Энэ хоёр уурхайн нүүрсний үнэ өөр. Багануурын нүүрсний үнэ тээвэр болон бусад зардалтайгаа нийлээд нэг тонныг 27 мянга гаруй төгрөг, Шивээ-Овоогийн үүнээс арай хямдхан байдаг.

-Нүүрсний нөөц хэр хангалттай байна?

-Өнөөдрийн байдлаар 81848 тонн нүүрс буюу долоон хоногийн нөөцтэй л байна.

-Сонирхож асуухад хоногт болоод жилд хэчнээн тонн нүүрс хэрэглэж байна вэ?

-Жилд гурван сая тонн нүүрс хэрэглэдэг. Нэг өдөрт, жишээлбэл хоёрдугаар сарын 20-ны өдрийн ачааллаар л гэхэд 12824 тонн буюу 197 чингэлэг нүүрс түлсэн байна. Дашрамд хэлэхэд энэ жил манай станцын 30 жилийн ой тохиож  байгаа. Анх 1983 онд цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэн гаргаж эхэлсэн. Тэгэхээр станцын нийт үе үеийн ахмадууд болон станцынхаа нийт  ажиллагсад ойн баярын мэнд хүргээд, ойгоо тэмдэглэн өнгөрүүлэхэд өөрсдийн чадал оюун ухаан, хийж бүтээх зүйлээрээ бэлэг  барина гэдэгт итгэл төгс байна.

О.САЙХАНЦЭЦЭГ

Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж