МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдсан. Энэхүү хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн талаар албан ёсны мэдээлэл гаргаагүй байгаа ч эх сурвалжийн мэдээлснээр МАН, МАХН-ын гишүүдийн зүгээс хоёр намыг нэгтгэх саналыг удаа дараа хүргүүлсэнтэй холбогдуулан хоёр нам эвсэх эсэх талаархи асуудал болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг хэрхэн сонгон шалгаруулах талаар хэлэлцсэн аж.
Удирдах зөвлөлийн хуралдаанаар ирэх зургадугаар сард болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг ард түмнээс сонгох асуудлыг хэлэлцэн нэр дэвшигчийг ард иргэдийн саналаар хоёр үе шаттайгаар сонсч, тодруулах шийдвэр гаргасан байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө МАН-ын их хурлыг хуралдуулах шаардлагагүй гэж Удирдах зөвлөл үзсэн байна. Харин МАХН-тай нэгдэх эсэх талаар ямар шийдвэр гаргасан нь одоогоор тодорхойгүй байна.
Ш.ЧИМЭГ