-Та аль нутаг усны хүн бэ. Нас сүүдэр хэд хүрч байна даа?
-Миний уугуул нутаг Төв аймгийн Дэлгэрхаан сум. Би чинь 1927 онд төрсөн хүн шүү дээ. Дэлгэрхааны дэгдээхэй, дээлээ хөөрөгсөн тогдоохой гэдэг нутгийнх даа. Манайх сүүлдээ Бүрэн сум руу нүүсэн юм. Овойж оцойсон хөрөнгөгүй ч хэр тааруу малтай айл байсан.
-Хотод хэдийд орж ирэв?
-Анх арван хэдтэйдээ хотод ирж хүүхдийн эмнэлэгт сувилагчаар ажилласан юм.
-Ханийг тань жүжигчин хүн байсан гэдэг?
-Миний хань олон кинонд тоглосон Дамдинбазар гэж жүжигчин хүн байсан юм. Бид хоёр 1949 онд анх нэг гэрт орж билээ. Тэгээд гурван хүүхэд төрүүлсэн. Би насаараа эрүүл мэндийн салбарт ажиллалаа даа. Одоо ач гучаа үзээд өнөр олуулаа болсон.
-Таныг хүүхдэд ээлтэй гэж ярьдаг. Аюуш гуайд үзүүлэхэд босгоно шүү гэж буйг олон хүнээс сонсч байлаа. Энэ салбарт олон жил ажилласан туршлага уу, эсвэл танд ямар нэг далд увидас байна уу?
-Намайг сурж олон л хүн ирдэг юм. Хэрэг болно гэж бодоод л ирж байгаа улсад чадахаараа туслахыг хичээдэг дээ. Олон жилийн тушлага байгаа биз дээ. Үйлдвэр хоршооллын цэцэрлэг гэж байхад тэнд эрхлэгч, эмч хийж байлаа. Би 60 гаруй жил эмчийн ажил хийжээ. Одоо хүртэл бариа засал хийж л сууна. Ардын эмнэлгийн хүрээлэнгийн Хайдав гэж мундаг эмч байсан нь миний багш юм шүү дээ. Сайн хүмүүсээс хүртэхийнхээ хэрээр л юм сурч байсны ач. Хүүхдийн эмнэлэгт олон жил ажилласан шүү. Би нярайн судас олохдоо сайн байсан юм. Орос мэргэжилтэн эмч их үнэлдэг байсан. Цэцэрлэгийн эрхлэгч байхад манай багш нар сандраад “Гадаа гулсуур дээр тоглож байсан хүүхэд унаад бөөлжөөд байна яадаг билээ” гэв. Би үзээд толгойг нь илээд хэвтүүлчихсэн. Гэтэл манайхан унтаж босоод зүгээр болчихлоо гэцгээсэн. Түүнээс хойш том жижиггүй бариулах гэдэг болсон. Нэг өдөр Эрүүл мэндийн хүрээлэн дээр дуудлаа. Миний био энергийг үзээд дээгүүр байна гэж тогтоосон. Дээхнэ үед намайг бариа хийдэг гэж намын хурлаар оруулдаг л байлаа. Надад үзүүлсэн хүн баярласан шүү гэхээс биш өөр үг хэлдэггүйг бодоход өөртөө урамшдаг л юм. Одоо Сонгинохайрхан дүүргийн XIII хорооны өрхийн эмнэлгийн дэргэд бариа засал хийж байна. Өдөрт доод тал нь 20 хүн ирж үзүүлдэг. Манай зарим хүн хайхрамжгүйгээс хүүхдээ их өвтгөх юм. Хүүхдийнхээ эрүүл мэндийг их анхаарах хэрэгтэй санагдах юм.
-Таныг олзны япон хоригдлуудад сувилагчаар ажиллаж байсан гэж сонссон. Тэр тухайгаа ярьж өгөхгүй юу?
-Сэлэнгэ аймгийн “Цагаан эрэг”-ийн дамжлага бааз гэж Оросоос бараа зөөж оруулдаг газар байсан юм билээ. Тэнд 1945 оны чөлөөлөх дайны үед олзлогдсон япон цэргийн хуаран байсан. Тэндээс олзны цэргүүдийг ийш тийш нь ажил хийлгэхээр хуваарилдаг байсан. Хажууд нь эмнэлэгтэй. Тэр нь улаан булангийн байр л даа. 1946-1947 оны үе юм даг. Эрүүл мэндийн яамны сайдын тушаалаар бидний дөрвөн эмэгтэй сувилагчийг тэнд хоёр жилийн хугацаагаар аваачсан юм. Хамгийн залуу нь би 17 настай байлаа. Тэр үед Японы олзлогсдын дунд бөөсөн тип, гэдэсний тип, сүрьеэ өвчин дэлгэрсэн байв. Би очсон даруйдаа 90 өвчтөнтөй тасаг хүлээж авч билээ. Тэдэн дотор янз янзын мэргэжлийн хүмүүс байсан гэдэг юм. Голдуу 20-30 насныхан. Нэг сүрхий профессор эмч байсан. Манай талаас бас нэг эмчтэй, тэгээд бид хэд. Тэднээс халдвар авахгүйн тулд их сэргийлнэ.
-Тэр олзлогсод янз бүрийн авир араншин гаргадаг байв уу?
-Нэг өдөр хоёр япон зодолдоод болдоггүй. Очиж дундуур нь ороод салгачихаар эргэж зодолдоод. Очир гэж өвөр монгол орчуулагчдаа хэллээ. Тэгсэн “Чи ердөө салгаж болохгүй. Салгах юм бол өдөржингөө зодолдоод хэн нэгийгээ алчихна” гэхээр нь буцаж очоод зодолдохыг нь хараад сууж байлаа. Тэд ч удалгүй зодолдохоо больж хоорондоо юм ярьж бие биенийхээ хамар амны цус нөжийг арчиж билээ. Биднийг очсон цагаас л 30 орчим насны хоёр хоригдлыг байнга зарж зодож дээрлэхээд байсан юм. Би нэг өдөр профессор эмчид нь хэлсэнд тэгдэг ёстой юм гэж байна. Түр цэрэг, торгон цэрэг гэж ялгаатай. Түр цэргээ зарж, дарамталж байх ёстой гэнэ. Тэднийгээ зодох нь хүртэл өөр. Номхон зогсоож байгаад ээлжээр хоёр хацрыг нь хавдтал алгадна. Манайхны талаас тэдэнд зүй бусаар хандаж байгаагүй. Тэд шоронд орохоос их айна. Шоронд орсноос гэдсээ хүүлсэн нь дээр гэж үзнэ. Бидэнд их сайхан ханддаг байсан. Заримдаа манайхан намайг Зис-5 машинд 10-аад япон суулгаад Тужийн нарснаас түлээний мод бнлтгүүлэхээр явуулна. Бас болоогүй юмыг яаж мэдэх вэ гээд жижиг гар буу зүүлгэчихнэ. Жинхэндээ бол тэр нь сумтай ч юм уу бүү мэд. Яаж буудахаа ч мэдэхгүй шүү дээ. Тэгээд битүү ойд тэдний мод ачихыг хараад модны давирхай зажлан хөлөө гозолзуулаад сууж байна шүү дээ. Намайг явуулж байгаа улс, явж байгаа би мөн ч амгалан байсан байгаа биз. Тэр олон залуус оргохоос эхлээд ямар нэг авир гаргахыг хэн байг гэх вэ. Гэхдээ тэд надад их тусална аа. Миний юмыг өргөөд, зөөгөөд өгнө. Итгэсэн хүндээ их сайн. Нэг хүүхэн маань тэдэнд их ширүүн ханддаг байсан юм. Бид буцах гэж юмаа хүлээлгэж өгөхөд тэр хүүхнээс олон тооны цагаан хэрэглэл дутаж билээ. Тэр улс чадахыгаа чаддаг л юм билээ.
-Та нарын үүрэг юу байсан юм бэ?
-Тэдэнд эм, тариа хийхээс эхлээд цагаан хэрэглэлийг нь солих, сахал үсийг нь хусуулах гээд ойр ажилладаг байсан даа. Анх намайг тэд огт тоохгүй. Манайд эмэгтэй дарга байдаггүй гэнэ. Бөөсөөр халдварладаг тэр тип өвчин их хүнд тусдаг юм билээ. Тэгээд дээр нь сүрьеэтэйг хэлэх үү. Олон хүн өөд болсон байх. Өвчтөнүүд их орилж чарлана. Өвчиндөө шаналсандаа тэр байх. Манай тасагт 90 өвчтөн байснаас эдгэрч гарсаар намайг буцахад 15 үлдсэн. Миний тасгаас цөөхөн хүн нас барсан. Хоол хүнсний чанар сайн байсан санагддаг юм. Касинов гэж орос хурандаа байлаа. Тэр орос манай дарга нарт нэг өдөр “Эд хар тамхи татаад байх шиг байна. Өнөө орой нэгжлэг хийж хураах хэрэгтэй байна” гэхийг сонслоо. Дотроо тамхийг нь хурааж яах нь вэ дээ гэсэн юм бодож байлаа. Тэр үед хар тамхи гэж мэдэхгүй шүү дээ. Орой нь нөгөө япон профессор эмч дээр гүйж очиж цонхыг нь тогштол харж байна. Хуруугаараа амандаа тамхи татаж болохгүй гэсэн дүр үзүүлчихээд буцаад гүйчихлээ. Маргааш нь тэд өрөөгөө цэвэрлэж цэмцийтэл шалаа угаачихсан байна. Өвөр монгол хэлмэрч надад “Чи дарь эх бурхан байна. Эдэнд их буян үйлджээ” гэж билээ. Тэгээд буцах болов. Нөгөө профессор надад нүдний шил өгөх гэхэд би авсангүй. Бидэнд олзны япончуудаас юу ч авч болохгүй гэж үүрэгдсэн юм. Тэгээд тэр хүн аргаа бараад гэр бүлийнхэнтэйгээ авахуулсан зургийнхаа ард юм бичээд өгсөн. Түүнийг ээж минь хэзээ хойно “Үүнийг устгахгүй бол болохгүй гай тарина. Японы тагнуул гэх ч юм бил үү” гээд шатаачихсан. Хэрвээ тэр зураг өнөөдөр байсан бол ар талд нь бичсэн бичиг их л юм хэлэх байсан байх. Яг л “Түмний нэг” киноны Чимид багш шиг л юм даа. Биднийг Эрүүлийг хамгаалах яамны сайд Туваан гуай аваачиж өгч дараа нь өөрөө очиж авч билээ. Энд сайн ажилласан гэж нэг машин түлээ, зургаан метр цагаан шувуу даавуугаар шагнуулж ээжийгээ баярлуулсан.
-Тэр япончуудын үр удмаас тантай ирж уулзсан хүн бий юу?
-Байхгүй дээ. Хэдэн жилийн өмнө нэг япон хүүхэн ирж байсан. Тэр хүн их бие муутай юм билээ. “Монголчууд манай аавд их сайхан ханддаг байсан юм билээ” гэж ярьж байсан. Тэр зургаа хадгалж байсан бол тэр хүний үр хүүхэдтэй уулзаж болох л байсан байх гэж боддог юм.
-Таны хань гавьяат жүжигчин Р.Дамдинбазар гуайн дуу оруулсан орчуулгын сайхан кинонууд одоо ч гарч л байдаг. Дэлгэцийн бүтээлч олонтой хүн. Та хоёр нэг нутгийн улс уу?
-Миний хань их дөлгөөн сайхан хүн байсан юм шүү. 1928 онд Төв аймгийн Бүрэн сумын нутагт төрсөн. Бид нэг нутгийн улс, багаасаа бие биенээ мэддэг ч хотод орж ирээд дотноссон. Аль аль нь нэг их сургууль соёл гэж явсангүй. Манай хүн сумандаа бага сургууль төгсөөд сумын клубт жүжигт тоглодог, “Учиртай гурван толгой”-н Юндэнд дуулдаг байлаа. Хотод орж ирээд хоёулаа оройгоор аравдугаар анги дүүрэгсэн. Мөн Марксизм, Ленинизмын оройн сургуулийг төгссөн дөө. Манай хүн цэрэгт байхдаа Цэргийн ерөнхий сургуулийн хөгжмийн ангид гурван жил болсон юм шүү дээ. Цэргээс халагдаад шууд Хүүхэлдэйн театрт орсон юм. Анх тоглосон уран сайхны кино нь “Улаанбаатарт байгаа миний аавд” юм шүү дээ. Тэгээд 1963 оноос Кино үйлдвэрт ирж орчуулгын кинонд дуу оруулагч болсон юм.
-Хэчнээн кинонд тоглосон бол?
-Кинонд тоглосон гол болоод туслах дүр нийлээд 50 гаруй байгаа байх. Лав 400 гаруй кинонд дуу оруулсан гэдэг юм. Киноных нь талаар гавьяат жүжигчин Ц.Цэнд-Аюуш л сайн мэднэ дээ. Хамт ажиллаж байсан хүмүүсээс үлдсэн нь тэр л байна.
-Сөрөг дүрд бараг тоглож байгаагүй гэдэг юм билээ?
-“Түмний нэг” кинонд нэг ноёны дүр байдаг юм. Түүнээс өөр бараг эсрэг дүрд тоглож байгаагүй байх. Өөрийнх нь байгаа байдал дөлгөөн, уур уцааргүй хүн л дээ. Гэр орондоо ч ялгаагүй. Манай хүн нэлээд цэвэрч. Гурил нь үзэгдэхгүй шахам махтай хоол хийнэ. Янз бүрийн ногоо идэхгүй. Би навч иддэг хүн биш гэнэ. Хүүхэлдэйн театрт байхдаа бригадаар, Кино үйлдвэрт очоод зураг авалт гээд гэрт тогтохгүй. “Хил дээр”, “Төгсгөл” кино хоёрыг цуг хийж байсан юм. “Хил дээр”-ийн зураг авалтаар хөдөө байхдаа Орос руу маргааш явна, юм хумыг минь зэхээрэй л гэнэ. Маргааш нь онгоц нисэх цаг дөхөөд байдаг ирдэггүй. Гэтэл шөнөжингөө яваад улаан нүдэлсэн юм орж ирж, дөнгөж нүүрээ угаачихаад онгоцны буудал руу явдаг юм. Ашгүй нислэг нь нэг цагаар хойшилж, байшингийн буланд зогсоод цай хоолыг нь идүүлж байж билээ.
-Тухайн үеийн урлагийн гэр бүлийнхэн нэг нэгнийхээрээ их зочилдог, илүү дотно байсан гэдэг. Танай хүн урлагийнхнаас хэнтэй илүү нөхөрлөдөг байв?
-Манайд янз бүрийн хүн их ирнэ. Зохиолчид бараг бүгдээрээ ирдэг байсан даа. Б.Явуухулан, Ч.Чимид, С.Эрдэнэ гээд нэрлэбэл олон доо. Жүжигчдээс Ж.Элбэгсайхан, Д.Чимид-Осор гуай гээд киноныхон бүгд л ирнэ. Ц.Цэнд-Аюуштай хамаатан садан шиг л болсон доо. Эрчүүд нь түүнийг “ягаан Гажид” гэж шоолно. Мань хүн “Муусайн хогнууд чинь яах нь вэ” гээд л сууж байна. Их тайван. Түүнээс гадна манай өвгөн замд таарсан хүнтэйгээ ах дүүс шиг болчихоод дагуулаад ирэх жишээтэй. Манай нутгийнхан зочноо их хүндэлдэг заншилтай. Эрэгтэй хүн орж ирэхэд хоол ундыг нь өгчихөөд, хүүхдүүдээ аваад гараад явчихна. Нөхрийнхөө хойгуур урдуур гүйгээд байдаггүй байсан.
-Дамдинбазар гуай цаанаа л нэг гоё хоолойтой хүн байсан даа?
-Оросын “Ийм нэгэн явдал” кинонд манай хүн Ц.Цэнд-Аюуш хоёр дуу оруулсан юм шүү. Ж.Элбэгсайхан “Манай Дандиа чавганцад хүртэл дуу хийж чадна” гэж ярьдаг байж билээ.
-Одоо тэр сайхан хүнийг дэлгэцнээс харж, дууг нь сонсч суухад хэцүү байна биз?
-Энэ кинонд тоглохдоо тэгсэн ингэсэн гээд ярьж байсан нь бодогддог л юм. Янз бүрийн баяруудаар дандаа монгол кино гардаг болохоор би хүүхдүүддээ “Аав чинь ирээд битүүрээд явлаа” гэж хэлдэг юм. “Ацаг шүдний зөрөө” гэж нэг кино байдаг даа. Түүнд тоглохдоо жаахан сэжиглэсэн юм билээ. Тэр кинонд хятад хүний дүрд тоглох болсон юм. Тэгэхдээ л “муухай хужаагийн хувцас өмсөх юм байна. Энэ газар нь олон хятад хүн үхсэн байх” гээд ярьж байсан. Тэгэхээр нь би найруулагч Ж.Бунтарт “Чи шинэ даавуугаар хувцас хийгээд өгчихгүй цаадах чинь хужаагийн хуучин хувцас гээд сэжиглээд байна” гэхэд өөдөөс “Нялуураад байх зав алга. Шинийг хийхээр шинэ харагддаг юм. Химид оруулчихсан, яав л гэж” гээд зандарлаа. Тэгж л нэг киноны дүрд дургүй тоглож байснаас биш бусад дүрээ голж шилнэ гэж байгаагүй.
-Танай хүүхдүүдээс аавынхаа мэргэжлийг өвлөсөн хүн бий юу?
-Өөрийн хүүхдүүдээс бол байхгүй. Харин хүүхдийн хүүхдүүдээс юм дуулгах гээд байгаа. “Орхидос” гэдэг кинонд нэг охин зодуулаад байдаг даа. Тэр чинь манай том охины охиных нь хүүхэд. Ач, гуч нар авьяасыг нь өвлөх юм байлгүй дээ.
-“Улаанбаатарт байгаа миний аавд” кинод тоглодог Ямаахүү Дамдинбазар гуайтай эцэг хүүгийн холбоотой байсан гэж ярьдаг. Тийм байсан уу?
-Тэгэлгүй яахав. Ер нь кинонд хүү нь болж тоглосон хүмүүс дараа нь дандаа аав гэдэг байсан. “Мандухай” киноны Нямхайд тоглодог Төмөртогоо гэж залуу манай хүний хүү нь болдоггүй юу. Тэр залуу хөдөөгийн театрын дуучин шүү дээ. Кино зураг авалтын үеэр аав хүү хоёр тус тусдаа зураг авахуулаад яваад байж л дээ. Гэтэл нэг өдөр Төмөртогоо “Би тэгээд хэзээ нь аавтайгаа зургаа авахуулах юм бэ” гэж байж билээ. Би тэр кино группийн эмчээр хоёр сар дагаж явсан юм. Миний хэрэг ч гэж юу байх вэ дээ. Муу хөгшнөө сувилах л гэж тэр.
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин