Ираны Засгийн газраас Пакистанд хагас төрийн өмчит газрын тос боловсруулах үйлдвэр барихаар төлөвлөж байгаа тухай Fars агентлаг мэдээлжээ. Энэ тухай Пакистаны Ерөнхий сайдын зөвлөх Асим Хуссейний мэдэгдсэнээр Иран тус улсын баруун өмнөд хэсгийн Гвадар боомт хотод өдөрт 400 мянган баррель нефть боловсруулах хүчин чадалтай үйлдвэр барих гэнэ. Иран улс энэхүү үйлдвэрээс гаргасан боловсруулсан нефтийн бүтээгдэхүүнээ Пакистаны талд худалдаж, эргүүлэн тус улсаас гурил, будаа гэх мэт хүнсний бүтээгдэхүүн импортлох юм байна. Газрын тос боловсруулах үйлдвэр барих тухай яриа, хэлцэл Ираны Газрын тосны асуудал хариуцсан сайд Ростам Гасеми болон Пакистаны Ерөнхий сайдын зөвлөх Асим Хуссейн нарийн уулзалтын үр дүнд байгуулагджээ. Иран Пакистанд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн нь олон улсын зүгээс тус улсын уран баяжуулалтын эсрэг газрын тосны бүтээгдэхүүнд тавьсан хориг арга хэмжээтэй холбоотой аж. Олон улсын зүгээс Ираны уран баяжуулалтыг цөмийн зэвсэг үйлдвэрлэх зорилготой хэмээн буруушааж, эдийн засгийн хориг арга хэмжээ аваад буй юм.
Б.АНХТУЯА