Францын Полинезийн даяанчдын өдөр.
П. Гоген. Иа Орана Мария (Мария, сайн байна уу). 1891 он
Өнөөгийн Францын Полинезийн төв Таитид 1797 оны гуравдугаар сарын 5-ны өдөр Английн анхны даянчид орж иржээ. Даяанчид тэндхийн ван II Помару гэгчийг 1807 онд христийн шашинтан болгон загалмайлж чадсан байна. Таити 1844 оноос католик Францын харьяаны нутаг болсон ч тэр цагаас хойш таитичуудын ихэнх нь англикан шашны протестантууд юм.
Өдрийн ишлэл
“Балтийн Штеттинээс Адиатикийн Триеста хүртэл, тивд төмөр хөшиг буулаа.”
(АНУ-ын Миссури мужийн Фултон хотын Вестминстерын коллежид 1946 оны гуравдугаар сарын 5-нд У.Черчиллийн хэлсэн үгнээс)
Сэр Уинстон Леонард Спенсер Черчилль
Ердийнхөөр энэ үгийг “хүйтэн дайны уриа” гэдэг. 1946 оны гуравдугаар сарын 5-наас тэр хүйтэн дайн нь эхэлсэн гэж тооцдог юм. Тэр үед огцорсон Ерөнхий сайд Черчиллийн дуулиант үг ямар ч жингүй байсан бөгөөд тэрээр АНУ ба Зөвлөлтийн Засгийн газруудын чимээгүй хийж байсан зүйлд дуу оруулан сонсгосон гэж болно.
Фултоны үгийн өөр ишлэлээс:
“Зөвлөлт Орос дайныг хүсч байна гэдэгт би итгэхгүй. Тэрээр дайны үр жимсийг хүртэн өөрийн эрх мэдэл, үзэл суртлаа хязгааргүйгээр өргөжүүлэх шуналдаа автжээ.”
Үйл явдал
1238 он. Бат хааны цэрэг Оросын Тверь хотыг эзэлжээ.
1508 он. Их Моголуудын хоёр дахь нь болох Насир ад-дин Хумаюн төржээ. Энэ овгийн эхлэлийг өөрийгөө Төмөр ба Чингис хааны шууд залгамжлагчаар зарласан түүний эцэг Бабур хаан зөвхөн 1526 онд эхлүүлсэн гэдэг. 1530 онд 47 насандаа өөд болсон Бабур Гангаас Амударья мөрөн хүртэлх өргөн уудам нутгаа дөрвөн хүүдээ хувааж амжаагүй гэнэ. Тэдний хамгийн том нь болох Хумаюн Энэтхэгийг аваад нутаг дэвсгэрээ өргөжүүлэхээр оролдсон аж. Гэвч Афганы феодалуудын удирдагч Шер-хаанд ялагдан Иранд зугтаж гарчээ. Гэхдээ 1555 оны долдугаар сард тэр Делид дахин хаан ширээндээ суусан ба бас л удаан засаг барьж чадсангүй. Хагас жилийн дараа вантан ордныхоо номын сангийн шатаар бууж яваад халтирч унан толгойгоороо боржин шал мөргөн бэртэв. Опиумд мансуураад ч унасан байж болох талтай. Ухаан орохгүй байсаар Хумаюн гурав хоногийн дараа Аллахтай уулзахаар оджээ.
1770 он. Британийн эрх баригчдын татварын бодлогод дургүйцсэн хотынхон ба Английн цэргийнхэний хооронд Бостон хотноо гуламжны мөргөлдөөн гарлаа. Цэргийнхэн гурван хүнийг хороож, хоёр хүнийг шархдуулсан байна. Энэ хэрэг хотоос Английн бүх цэргийнхэнийг гаргаснаар төгссөн бөгөөд түүхэнд “Бостоны яраглал” (The Boston Massacre) нэрээр бичигджээ. Бостоны бослого Британиас тусгаарлахын төлөө Хойд Америкийн колонудын хийсэн тусгаар тогтнолын хөдөлгөөний гол хүчин зүйл нь болсон юм.
1830 он. Францын физиологч, гэрэл зургийг зохиогч Этьенн Жюль Марей /Marey, Еtienne-Jules/ (1830–1904), төржээ. Боне хотод төрсөн тэрээр Парис хотноо анагаах ухаанд суралцан доктор цол авсан байна. Коллеж де Франс-д байгалийн түүхийн кафедрыг 1868 оноос 1895 оноос Францын Шинжлэх ухааны академийг тэргүүлж байлаа. Олон жилийн турш Францын гэрэл зурагчдын нийгэмлэгийг толгойлж байжээ. Цусны эргэлт болон хүн, амьтны хөдөлгөөний талаар хийсэн судалгаа шинжилгээгээр алдартай. Амьтдын хөдөлгөөн ба эрхтнүүдийн хөдөлгөөныг автоматаар бичих тусгай аппарат зохиосон ба тэрээр анх удаагаа хөдөлгөөнийг үзүүлэхэд гэрэл зургийг ашигласан байна. Тэрээр хөдөлгөөнийг гаргах гэрэл зургийн аппарат бүтээсэн юм. 1880-аад оны эхээр кино аппаратын үүсэл болсон 1/72 секундад 12 кадр авах төхөөрөмжийг бүтээж байлаа.
1942 он. 1941 оны есдүгээр сарын 16-ны өдөр Ленинград (өнөөгийн Санкт-Петербург) хотын радиогоор ХХ зууны агуу хөгжмийн зохиолч Дмитрий Дмитриевич Шостакович ярих үеэр фашистын онгоцнууд хотыг бөмбөгдаж байлаа. “Цагийн өмнө би том хэмжээний найраг хөгжмийн эхний хоёр партитурыг зохиож дуусгалаа. Энэ бүтээлээ би сайн бичиж чадаад гурав ба дөрөвдүгээр хэсгийн төссгөж чадвал түүнийг Долдугаар яруу тунгалаг найраг хөгжим гэж нэрлэнэ.” хэмээн тэр ярьж байв. Үүнийг яагаад би мэдээлж байна вэ гэвэл одоо намайг сонсож байгаа хүмүүс манай хотын амьдрал хэвийн явагдаж буйг мэдэж аваг гэснээс хэмээн тэр ярьж байлаа. Түүний долдугаар симфонийг дайны үеийн баримтат кинотой зүйрлэх нь их. Шостакович өөрийн суут бүтээлээ 1942 оны гуравдугаар сарын 5-нд Ленинградаас сонсгосон “Долдугаар яруу тунгалаг найраг хөгжим”-дөө хоёр туйлын өрсөлдөөн болох оюун санаа, уран бүтээл ба харигслал сүйрлийн сөргөлдөөнийг харуулжээ. Шостаковичийн Долдугаар яруу тунгалаг найраг хөгжмийг ХХ зууны “Баатарлаг сомфони” гэж нэрлэдэг.
1953 он. Коммунист дарангуйлагч нарын хамгийн харгис нь болох И.В. Сталин Москвагийн ойролцоох Кунцевын өргөөндөө нас баржээ.