&#34Киноны хууль батлуулан үзвэрийн танхимуудыг сэргээнэ&#34

Хуучирсан мэдээ: 2013.02.22-нд нийтлэгдсэн

&#34Киноны хууль батлуулан үзвэрийн танхимуудыг сэргээнэ&#34

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Соёл, урлагийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Н.Оргилтой уулзлаа. Тэрээр өнгөрсөн долоо хоногт ХБНГУ-ын нийслэл Берлинд болсон “Берлинале" олон улсын 63 дугаар кино наадамд оролцоод ирсэн юм.

-Та ХБНГУ-ын нийслэл Берлинд болсон кино наадамд оролцоод ирлээ. Явсан газрын сониноосоо дуулгаач?

-“Berlinale” гээд Берлины 63 дахь удаагийн Олон улсын наадамд оролцоод ирлээ. Оролцож байгаа улс орон, гарч буй кино, түүнийг үзэж байгаа хүний тоо гээд бусад үзүүлэлтээрээ ч дэлхийн том кино наадмуудын нэг. Бид монголын кино урлагийг танилцуулах нэг өдрийн ажлыг тэр наадамд зохион байгууллаа. Берлин дэх Унгарын соёлын төв, Берлин дэх Монгол Улсын Элчин сайдын яамтай хамтраад манай ССАЖЯ-наас “Film talk” гэж нэрлэсэн нээлттэй хэлэлцүүлэг, танилцуулга чөлөөт уулзалт өрнүүллээ. Энэ арга хэмжээнд Америк, Герман, Унгар, Орос, Польш, Швед болон бусад орны продюсер найруулагч, кино наадмын зохион байгуулагчид гээд кино урлагийн бүхий л төлөөллийн хүмүүс оролцлоо. Кино наадмын үеэр дэлхийн хамгийн сүүлийн үед гарч буй кинонууд болон 2013 онд нээлтээ хийх бүтээлүүдтэй танилцлаа. Монголын кино урлагийг дэлхийн зах зээл ба кино урлагийн тогоонд эргэлдүүлэх анхны алхмаа хийгээд ирлээ гэж ойлгож болно.

-Берлины кино наадамд Монгол Улсаа төлөөлөн хэн гэдэг уран бүтээлч оролцсон бэ?

-Монголоос кино зохиолч, найруулагч, Монголын кино урлагийн зөвлөлийн гишүүн, зохиолч, найруулагч C.Батмөнх бид хоёр явсан. Мөн ХБНГУ-д ажиллаж, амьдардаг “Эгшиглэн” гэж язгуур урлагийн хамтлаг ирж оролцоод морин хуурын тоглолтоо сонирхууллаа.

-Монголын кино урлагт буцалж байгаа уран бүтээлч бүр л гадны зах зээлийг маш их сонирхон уран бүтээлээ гадагш гаргах хүсэлтэй байгаа. Ямар шалгуураар уран бүтээлчийг сонгон Монголын кино урлагийн төлөөлөл болгон авч явсан бэ?

-Хэн манай Монголын кино урлагийг гадны зах зээлд төлөөлж, өрсөлдөхүйц хэмжээний чанартай уран сайхны шаардлага хангасан бүтээл хийж, туурвиж чадах вэ гэсэн шалгуурын дагуу л уран бүтээлчээ сонгосон. ССАЖЯамны бодлого кинон дээр ийм л зарчмаар явж байгаа. С.Батмөнх найруулагчийн хувьд тэрээр ХБНГУ-ын Мюнхены их сургуулийг кино найруулагчийн мэргэжлээр төгссөн. Бид түүний хийсэн бүх ажлуудыг үзэж, сонирхсон. Тэрээр дан гадны болон хувийн санхүүжилтээр хоёр богино хэмжээний, хоёр уран сайхны кино хийсэн. Сая хамгийн сүүлд тэрээр ХБНГУ, БНХАУ-ын уран бүтээлчидтэй хамтран нэг кино хийж дуусгаж байгаа. Мөн хоёр жилийн дараа манай яамны санхүүжилтээр бэлэн болох кинон дээр ажиллаж байгаа. Энэ кино бол цэвэр Олон улсын уралдаан, киноны зах зээлд зориулсан төсөл. С.Батмөнх уг төслийг эхлүүлээд ажиллаж байгаа уран бүтээлч юм. Тэрээр ХБНГУ-д сургууль төгссөн, тэр улсын кино урлаг, киночдыг мэддэг, өмнө нь Берлины кино наадамд оролцож байсан залуу учраас түүнтэй хамт явсан. 


ССАЖЯ-ны Соёл, урлагийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Н.Оргил, Германы кино телевизийн дээд сургуулийн багш профессор Н.Аруинсайханы хамт

-"Берлинале" кино наадамд 2013 оны киноны өнгө төрхийг харж болохоор байлаа гэж хэлсэн шүү дээ. Ер нь ямар төрлийн кино энэ жил кино зах зээлд давамгайлж байна?

-"Берлинале" шиг ийм том хэмжээний кино наадамд кино театруудаар гардаггүй бүтээлүүд гардаг. Учир нь том кино наадам хамгийн түрүүнд урлаг гэдэг талаас нь кинонуудыг харж үздэг. Бидний өнөөдөр үзэж байгаа өнөөдрийн олонх буюу массад зориулсан уран бүтээл гэхээсээ илүүтэй арт хаус төрлийн кино буюу урлагийн бүтээлүүд давамгайлж гардаг. Бас агуу уран бүтээлчдийн урлагийн гайхалтай бүтээл хэрнээ нийтийг хамарч чаддаг, тэдэнд ойрхон байдаг сэдвүүдийг хөндөн хослуулж хийсэн бүтээлүүд ч байна. Ийм хүмүүс л орчин үед хамгийн агуу байж чадаж байна. АНУ, БНХАУ-ын том найруулагчид байна. Ер нь кино урлагийг улс орноор нь хуваадаг байсан бол одоо тийм биш болж. Учир нь сая Румины кино шагнал авлаа. Зүүн Европ, баруун Европ, Швед, Австри, БНХАУ, Тайланд, БНСУ, ОХУ гээд кино даяарчлагдаад ерөөсөө авьяас, чадвартай хүн бол өөрийнхөө хэлэх гэж байгаа зүйлээ урлагаараа дамжуулаад сайн хэлж чадвал үнэлэгдэж байна. Хэдийгээр урлагийн, art house бүтээлүүд нь хүмүүст эхэндээ уйтгартай мэт санагддаг ч яг анхаараад үзэх юм бол цаад дүрслэл нь бүр зураг шиг, санаа нь гүнзгий утга учиртай тимм кинонууд байдаг.

-ССАЖЯ-наас монголын кино урлагийн салбарт ямар чиг хандлага баримтлан ажиллаж байна вэ? Энэ салбар өнгөрсөн жилүүдэд орхигдсон байсан шүү дээ?

-Кино урлагийн салбар орхигдсон байсан нь бол том алдаа. 20-оод жил төр ямар ч анхаарал тавьсангүй. Манай чөлөөт уран бүтээлчид бол өөрсдийнхөө хүч хөдөлмөр, чадлаараа өдий хүртэл монголын кино урлагийг авч явлаа. Харамсалтай нь ийм нөхцөлд олон улсын кино уран бүтээлчдэд хүлээн зөвшөөрөгдөх, Монгол Улсаа таниулах ийм бүтээл гараагүй. ХБНГУ, Итали, АНУ, Бельгийн уран бүтээлчид ирээд монголчуудтай хамтраад хийсэн кинонууд л байна. Уг нь бид нар өөрсдөө киногоо хийгээд гадаадад монголоо таниулах ёстой л доо. Манай яамнаас барьж байгаа гол зорилго, бодлого бол олон улсын зах зээл ба киночдод Монгол Улс кино хийж чаддагаа харуулах цаашдаа тэр кино урлагаараа дамжуулан монголынхоо түүх соёлыг хадгалж, хамгаалж, таниулах тийм л зорилготой.

-Тэгвэл яамнаас санхүүжүүлэн эхлүүлж байгаа кино төсөл түүхэн бүтээл байх нь ээ?

-Тийм, түүхэн бүтээл. Цэвэр олон улсын кино наадамд өрсөлдөхөд зориулагдсан тийм төсөл эхлүүлсэн.

-Түүхийн яг аль үеийг харуулах уу?

-XX зууны эхэн үед болсон үйл явдал байгаа. Одоогоор яг эцэслэн кино зохиол маань дуусаагүй байна. Нэг хүний амьдралаар тухайн нийгэмд байсан олон асуудлыг хөндөн харуулахыг зорьсон.

-Кино зохиолыг нь хэн бичиж байгаа вэ?

-С.Батмөнх өөрөө бичиж, найруулна. Би түүний зохиолуудыг харж байсан. Тэдгээр нь их цэгцтэй ёс журмынхаа дагуу бичсэн зохиолууд байсан. Гэхдээ бид нар кино зохиолыг янзалдаг кино докторууд гэдэг хүмүүсээр хянуулна. Тэд кино зохиолын өрнөл, үйл явдал, зөрчил, зангилаа, төгсгөл гээд бүгдийг мэргэжлийн үүднээс хянадаг гадны хүмүүс байдаг. Монголд хараахан энэ чиглэлээр ажилладаг хүн алга. Гадны тийм хүнээр зохиолоо хянуулаад эцсийн байдлаар кино зохиол бэлэн болно. Эх зохиолоо гадаад хэл рүү орчуулна. Нэг кино зохиол дээр гэхэд л арван хэдэн хувилбар гардаг гээд энэ чинь хүндхэн ажил шүү.

-Одоо яамнаас кино урлагийн салбарт хийж байгаа ямар ажлууд байна?

-Өөр хоёр том ажил эхлүүлсэн. Энэ яам байгуулагдаад хамгийн түрүүнд эхлүүлээд явж байгаа ажил бол киноны тухай хууль байгаа. Монгол улс киноны тухай хуультай байж кино урлаг хөгжинө. Хуулиар эрх зүйн орчин, дэд бүтэц тэр бүх зүйлийг зохицуулж байж, манайх шиг хоёр гуравхан кино театртай жижиг зах зээлтэй улсад төр нь кино урлагаа хөгжүүлэх үүрэг болгон авч явж байж л хөгжинө. Энэ бүхнийг киноны хуулиар зохицуулна. Энэ сарын 15-нд эхний хувилбар гарсан бөгөөд энэ нь үндсэн ажлын 30-40 хувь нь гэсэн үг.

-Хууль санаачлахдаа юуг голчлон анхаарч тусган ажиллаж байгаа бол?

-Гол зорилгуудын нэг бол кино төрөөс байнгын санхүүжилттэй болох ёстой. Тэр хэлбэр нь янз бүр байж болно. Хууль гарсан тохиолдолд киногоор Монгол Улсын соёл, түүхээ бид өөрсдийн өнцгөөс дэлхийд тaниулах нөхцөл бүрдэнэ. Эс тэгвээс бидний өмнөөс соёл түүхийг маань тайлбарлах хүмүүс наад захаасаа олдоно. Түүнчлэн санхүүжүүлээд зогсох биш дэд бүтцийг нь бий болгох ёстой. Тиймээс шинэ Олон улсын хэмжээний том кино үйлдвэр барих ёстой. Тэнд манай киночид ирээд киногоо хийдэг, гаднаас киночид ирэн уран бүтээлээ тэнд хийн манай эдийн засагт хөрөнгө оруулдаг тийм л байх хэрэгтэй. Сая Германд очиход үүнийг гайхалтайгаар хийсэн байна. Хотоосоо зайдуухан асар том павилеонтой кино үйлдвэр 100-гаад жилийн өмнө эхлэлийг нь тавьж  байгуулсан байна. Тэнд нь сайн тоног төхөөрөмж бүхий сул хоосон том орон зай л байна. Германы кино урлагийн сургууль нь л гэхэд олон улсын студи шиг тийм тоног, төхөөрөмжтэй. Оюутнууд үнэ төлбөргүйгээр тэдгээр тоног төхрөөмжтэй ажиллан киногоо тэнд хийж байна. Төр засгаас нь гайхамшигтайгаар кино урлагаа дэмжин ажиллаж байна. Дээрээс нь сургалт нь үнэ төлбөргүй. Кино урлагийн бүх төрлийн мэргэжлээр сурах гэж байгаа залууст хандаад хэлэхэд герман хэл сураад тэнд суралцаарай гэж уриалмаар байна.

Хамгийн чухал хийх ёстой зүйл бол дээрх хоёр юм. Энэ бүхнийг хийчихсэн байхад монголын кино урлаг босоод ирнэ. Монголын нэг давуу тал нь том түүхтэй гүрэн байсан. Том түүхтэй гүрэн байхын тулд тийм том л соёлтой байх ёстой.

-Хууль өргөн барихын тулд судалгаагаа хэрхэн хийж байгаа вэ?

-Бид Франц, ОХУ-ын киноны тухай хуулийг орчуулж судаллаа. Энэ нь бас шалтгаантай юм. Учир нь Франц бол дэлхийн хамгийн шилдэг киноны тухай хуультай, шилдэг зохион байгуулалт бүтэцтэй улс. Жилдээ 270 кино хийдгээс 150-170 нь бусад улс оронтой хамтарч хийдэг бүтээлүүд байдаг. Франц бол урлагаараа дамжиж бат бөх оршин тогтноно гэсэн бодлогыг баримталдаг орон. Бүх улс тийм бодолтой ч Франц үүнийгээ хамгийн хүчтэй дэмжиж, тунхаглаж чаддаг. ОХУ бол манай улстай адилхан. ОХУ-ын киногоор манай кино урлаг анхны алхамаа хийж, сууриа тавьсан. Тиймээс Орос одоо яаж киногоо хөгжүүлж, авч явж байна тэр туршлагаас нь судалж байна. Мөн БНСУ-ын киноны хуулийг судалллаа. Дэлхийд сүүлийн үед асар хүчтэй хөгжин гарч ирж, одоо Азидaа  ноёрхоод зогсохгүй дэлхийд гарчихсан учраас үүнийг судаллаа. БНСУ бол бүх киноныхоо зохион байгуулалт, эрх зүйн зохицуулалтаа Францаас хуулбарласан байдаг юм байна. Энэ улсуудын хуулийг судлаад эхний байдлаар хувилбараа гаргаад явж байна. Ирэх намрын чуулганаар энэ киноны тухай хуулийн төслийг өргөн барьж оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.  

-Нөгөө эхлүүлсэн ажил нь?

-Кино үзвэрийн танхимуудыг сэргээх гэж байгаа. Дээхэн үед Монгол орон даяар 500 гаруй кино үзвэрийн танхим буюу сумын соёлын төв бүрд кино гаргадаг байсан. Хотын харъяа дүүргүүдэд 20-иод кино театр байсан. Дээрээс нь хилийн цэргийн ангиудад зөөврийн кино танхимууд байлаа. Эхний ээлжинд бид нар бүх сумын төвд кино үзвэрийн танхимаа сэргээхээр ажлаа эхлүүлэн судалгаа хийж байна. Үүний хүрээнд 20 гаруй суманд үзвэрийн танхим нээх хөрөнгө санхүүг нь шийдэн төсөвлөсөн. Үргэлжлүүлээд энэ жилд 100-120 суманд үзвэрийн танхимыг нээх юм. Одоо маш сайн чанрын HD-гээр гардаг проектор, дэлгэц, дууны систем гарч ирсэн. Эдгээрийг комьпютерын хамт 330 суманд хийчих юм бол төвийн бүх кино театруудтайгаа нийлүүлээд нэг сүлжээ болгоод сансарын антенаар дамжуулан нэгэн зэрэг кино нээлт хийн түгээх боломжтой болно. Үүнийг хийчих юм бол киночдод зардлаа нөхөх тал дээр том нэмэр болно.

-Монгол кино нэгдлийн асуудал байна л даа. Тэнд кино урлагийн алтан үеийн фонд эдэлж хэрэглэж байсан зүйлүүд нь хадгалагдаж байгаа?

-ССАЖЯ-ны сайдтай хамт Монгол кино нэгдэл дээр очиж нөхцөл байдалтай нь танилцсан. Өнөдөр бол тус нэгдэл техник, тоног төхөөрөмжийн хувьд бол музей шиг болж, хуучирчихсан байна. Хадгалж авч үлдэх тал дээр дээр үеийн хуучны автомашинууд, кино архив, хувцас эдлэл гээд тэнд байгаа нь сайшаалтай. Кино үйлдвэрт хөрөнгө оруулж, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх шаардлагатай. Монгол кино нэгдлийг хотын нэг студи болгоод шинээр барих том кино үйлдвэрээ хотоос гадагшаа хийх хэрэгтэй. Манайх шиг соёл, түүх, байгаль, агаартай ийм сайхан оронд гадны уран бүтээлчид кино хийх олон санал ирдэг ч харамсалтай нь дэд бүтэц нь байдаггүй учир олон улсын төвшинд хүрсэн кино бүтээхэд хомс байна. Тиймээс кино үйлдвэрийн цогцолбор төвтэй болох нь манай үндэстний хувьд бүхий л талын ач холбогдолтой юм.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж