“Тамхи татах зөвшөөрөл” хэмээх бизнес

Хуучирсан мэдээ: 2013.02.22-нд нийтлэгдсэн

“Тамхи татах зөвшөөрөл” хэмээх бизнес

Өнөөдөр нилээд хэдэн баар, ресторан, зоогийн газраар орлоо. Ууж идэх газар хайсандаа биш л дээ. Ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх “тамхины хууль”-ийн талаар санал сэтгэгдэлийг нь сонсох гэж л тэр. Уулзсан хүмүүсийн олонхи нь “нэгэнт л нийтээрээ дагаж мөрдөх ёстой бол дагах л хэрэгтэй” гэсэн байрь суурьтай байсан бол зарим нэг нь “хүний эрхийг дэндүү зөрчсөн хууль болсон” гэж үзэж байлаа. Мэдээж иймэрхүү хариулт өгсөн хүмүүс нь “тамхичид”. Нэг талаараа тийм ч байж магадгүй. Нэг насаараа, эсвэл 10-20 жил тамхи татчихсан хүмүүс гэнэтхэн л 3-р сарын 1-ээс эхлээд тамхиа хаяна гэж байхгүй шүү дээ. Учир нь уг хуульд тамхи татаж болох газрыг зааж өгөөгүйгээр барахгүй бараг байхгүй юм билээ. “Бараг байхгүй” гэсэн учир нь “тамхи татах нөхцлийг бүрдүүлээд тусгай зөвшөөрөл авсан тохиолдолд тамхи татаж болно” гэсэн утгатай ганцхан заалт бий. Тэгэхээр хувь хүн гудамжныхаа буланд тамхи татах цэг үүсгэж, тусгай зөвшөөрөл авна гэж байхгүй. Тийм болохоор үйлчлүүлэгчдээ татахын тулд баар, ресторанууд л тодорхой нэг танхимаа “тамхи татах бүс” болгоод дараа нь хариуцсан албан тушаалтанаас нь “тусгай зөвшөөрөл” авна. Ингээд бодохоор л “хардах” сэтгэл төрөөд байгаа юм даа.

Гэтэл тусгай зөвшөөрлийг хардах сэтгэл ганцхан надад ч төрөөгүй юм билээ. Уулзсан бүх л хүмүүс “зөвшөөрөл олгох юм бол авахыг л хичээнэ” гэцгээж байна. Сүүлийн үед манайд “зөвшөөрөл”-ийн бизнес гэсэн асар ашигтай бизнес бий болсон шүү дээ. Хэрвээ энэ зөвшөөрөл маш ашигтай байх магадлалтай. Учир нь нэг нь тамхи татдаг өрөөтэй, нөгөө нь тийм зориулалтын өрөөгүй хоёр ресторан байлаа гэж бодоход хоёр хүн тутмын нэг нь тамхи татдаг /Монгол Улсын хүн амын 27,6 хувь нь тамхи татдаг бол хоёр хүн тутмын нэг нь /42,9 хувь/ гэртээ, гурван хүний нэг нь /35,6 хувь/ ажлын байрандаа тус тус дам тамхидалтад өртөж байгаа гэсэн судалгааг хуулийн төсөл өргөн барьсан хүмүүс гаргасан байна билээ/ манайхны дийлэнх олонхи нь тамхи татуулдаг газраар нь л орж үйлчлүүлнэ. Тэгэхээр нөгөө нь ч гэсэн тийм зөвшөөрөл авахаар хөөцөлдөж эхлэх үед “тусгай зөвшөөрөл”-ийн үнэ тэнгэрт хадаж, түүнийг олгодог хурган дарга “хаан суудал”-д суух биш үү?

Сануулахад тамхины тухай шинэчилсэн хуульд “Утаат тамхийг агаарын хөлөг, зорчигч тээврийн галт тэрэг, автобусны буудал, нийтийн тээврийн хэрэгсэл, үзвэр, үйлчилгээ, нийтийн хоолны газар, баар, цэнгээний газар, зочид буудлын нийтийн танхим болон тамхи татахыг хориглосон өрөөнд, цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр, тэдгээрийн гаднах орчин, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, цахилгаан шат, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг олон нийтийн газарт татахыг хориглосон” байгаа. Ингэснээр “Хулгайчид гишгэх газар байхгүй” гэдэг шиг тамхи татдаг хүмүүст тамхи татах газар байхгүй болж байгаа юм. Уншигч та өөрийн гэртээ тамхи татлаа гэхэд өөрийг тань “тамхи татаж хууль зөрчсөний төлөө” гээд 50 мянга, гэр бүлийн тань хүнийг “өөрийг тань тамхи татуулсаны төлөө”  хэмээн 50 мянган төгрөгөөр тус тус торгож шийтгэх заалт уг хуульд орсон.

Тэгэхээр яаж ийгээд тамхи татахгүй тэсч байгаад нэг мөсөн гарах, үгүй бол шөнөжин хүлээж хотынхоныг ид унтсан үүрийн 04-05 цагийн хооронд хэд, хэдээр нь угсруулан хулгайгаар татах, эс бөгөөс гэрээ “тамхи татах газар” болгон өөрчлөөд тусгай зөвшөөрлийг нь ямар ч хамаагүй үнээр олж аваад суваг солингоо хөлөө жийн тухтай татах гэсэн гурван сонголт нийт тамхичдын дунд үлдлээ. Харин “тамхи татах цэг” болгон өөрчилсөн гэртээ бусдыг төлбөртэй оруулан тамхи татуулсанаар “тусгай зөвшөөрөл” олж авахдаа зарцуулсан нилээдгүй мөнгөө маш хурдан эргүүлэн олж авах боломж байгааг танд сануулмаар байна.

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж