Адууны мах дахиад илрэв

Хуучирсан мэдээ: 2013.02.22-нд нийтлэгдсэн

Адууны мах дахиад илрэв

Испанийн эрх баригчид өчигдөр /2013.II.21/ нэг тонн гаруй жин татах адууны махтай гамбургерийг хурааж, худалдаанаас татсан байна. Agence France-Presse агентлагийн мэдээлснээр Испанийн жуулчны чухал бүс гэгдэх Канарын арлууд дахь ресторан, зоогийн газруудад нийлүүлэх гэж байсан 7000 гаруй гамбургерийг хураажээ.

Фото: Charles Platiau / Reuters

Тэдгээр гамбургерийг нийлүүлсэн Испанийн компани тэдгээр бүтээгдэхүүнийг ирланд түншээсээ авсан гэж мэдэгдсэн ч тэр түнш байгууллагынхаа нэрийг зарласангүй.

Өнгөрсөн нэгдүгээр сарын дундуур Ирландын хоёр, Их Британийн нэг үйлдвэрт бэлтгэсэн үхрийн махтай бургерээс адууны ДНК илэрсэн юм. Дээрх хэрэгтэй холбогдуулан барааны ангиллыг буруу хийсэн гэх хэрэгт сэжиглэн гурван хүнийг баривчлан саатуулжээ.

Энэ цагаар Европын бусад орнуудад ч бүтцэд нь адууны мах заагдаагүй махан бүтээгдэхүүн илэрсээр байна. Шведэд үхрийн махан гуляшнаас, Франц, Данид Германы компанийн пастанаас адууны мах илрэв. Финлянд, Норвеги, Швейцари, Нидерланд, Болгар, Итали, Испанийн  зарим бүтээгдэхүүнээс адууны ДНК гарчээ.

Үүнтэй холбогдуулан хоёрдугаар сарын 13-нд Европын холбооны орнуудын Хөдөө аж ахуйн сайд нар яаралтай хуралдан бүтээгдэхүүний өргөн цар хүрээтэй шалгалт хийхээр болсон билээ. Мөн Оросод ч ийм шалгалтыг эхлүүлжээ.

Хоёрдугаар сарын дундуур Европоос оруулсан лазаньегаас адууны мах илрүүлсэн тухай Хонгконг мэдээлэв. Уг бүтээгдэхүүн нь Хятадаар дамжиж, Хонконг хүрсэн нь тогтоогдсон байна.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж