Суудлын бүс зүүж хэвшүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.02.22-нд нийтлэгдсэн

Суудлын бүс зүүж хэвшүүлнэ

Жолоч Та суудлын бүсээ зүүнэ үү!  Аюулгүй байдлын энэ зааврыг ягштал дагадаг жолооч бараг байхгүй л болов уу. Хэрэв суудлын бүсээ зүүвэл зам тээврийн ослын үед амь насаа алдах эрсдлийг 60 хувь бууруулдаг гэж үздэг юм байна. Эрүүл мэндийн яам болон Монголын Мянганы  сорилтын сангийн төслийн багтай хамтран “Өнөөдрийн зөв үйлдэл ирээдүйн эрүүл хэвшил” сэдэвт арга хэмжээг өнгөрсөн  нэгдүгээр  сарын 11-нээс эхлэн зохион байгуулж эхэлсэн билээ.

Зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх, бууруулах зорилготой энэхүү арга хэмжээг ирэх гуравдугаар сарын 11 хүртэл үргэлжлэх бөгөөд энэ талаар уулзалт ярилцлагыг өнөөдөр 11 цагт “Хангарьд” ордонд зохион байгууллаа. Энэ үеэр  гэрэл шилжүүлэх, хурд тохируулах, суудлын бүсний хэрэглээг хэвшүүлэх сэдвээр нийтийн тээвэр, такси үйлчилгээний компани болон жолооны курсын төлөөлөл, жолооч нар оролцон санал бодлоо солилцсон юм. Зам тээврийн ослоор өнгөрсөн онд 541 хүн нас баржээ. Эрүүл мэнд, амь насны хохирлоор нь авч үзвэл  жолооч нарын 54,9 хувь нь, зорчигчдын 81,6 хувь нь ослын үед хамгаалах бүсээ хэрэглээгүй гэсэн үзүүлэлт гарчээ. Тиймээс суудлын бүс зүүх, гэрэл шилжүүлэх болон хурд тохируулах горим журмыг хэвшүүлэх талаар олон нийтэд ойлгуулах талаар анхаарч ажиллах хэрэгтэй гэдгийг уулзалтын үеэр онцолж байсан. Замын Цагдаагийн газрын орон нутгийн замын хөдөлгөөний хяналт хэлтсийн дарга Ү.Зоригтбаатар “Хот хоорондын замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналт шалгалтыг чангатгах хэрэгтэй. Засгийн Газраас өнгөрсөн онд гаргасан 153 дугаар тогтоолын дагуу хот хоорондын 150 км тутамд хяналтын цэг байгуулахаар болсон. Хот хоорондын замд болж буй ослын шалтгаан жолоочийн анхаарал болгоомжгүй, хариуцлагагүй байдалтай ихэвчилэн холбоотой байгаа юм.Тиймээс жолооч нар гэрэл шилжүүлэх, хурд тохируулах дүрэм горимыг баримтлах хэрэгтэй байна” хэмээн онцолсон юм.

Э.ГАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж