Швейцари дахь цорын ганц зэрлэг баавгайг хүмүүст аюултай гэж үзсэн тул тийм шийдвэр гаргасан аж. М13 гэх нэртэй уг баавгай сүүлийн үед суурин газруудаар үзэгдэх нь ихэссэн тул устгах зайлшгүй шаардлагатай болсон гэж орон нутгийн хэвлэлд мэдээлжээ. Арваад хоногийн өмнө ичээнээсээ гарсан баавгай дахиад л суурин газраар үзэгдэх болсон гэнэ.
Засаг захиргааны төлөөлөгч хэлэхдээ өмнө нь баавгайг хүнээс айдаг болгох гэж оролдсон нь бүтэлгүйтсэн гэлээ. М13 нь Швейцари, Итали, Австрийн нутгаар тэнэн амьдарч ирсэн гэнэ. Гэхдээ ихэнх үеийг Швейцарийн италичуудын Граубюнден тосгоны ойролцоо өнгөрөөсөн байна.
Швейцарид хамгийн сүүлд төрсөн баавгайг 1904 онд агнан устгасан гэдэг. XXI зуунд Словениас Италид хэдэн баавгай нутагшуулсны ганц нэг нь Швейцарид орж ирдэг байжээ. Тус оронд хүнд аюул учруулах амьтныг устгаж байх хуулийг 2006 онд баталсны дараа хэд хэдэн амьтныг устгасан юм.
М13 баавгайг анх 2012 оны дөрөвдүгээр сард илрүүлжээ. Түүнтэй хамт байсан М12 ба М14 бүртгэлтэй “ах дүү” нар нь машинд дайруулж, үхсэн байна. М13 машинд дайруулсан ч амьд үлдсэн байжээ. Тэр өнгөрсөн намар зуслангийн байранд орсон илжигэнд халдаж, зөгийн үүр эвдэлсэн зэрэг хэрэг “тарьжээ”. Удалгүй ичээндээ орж, өвлийг давжээ.