БГД-ийн Засаг даргын мөрийн хөтөлбөр батлагдлаа

Хуучирсан мэдээ: 2013.02.22-нд нийтлэгдсэн

БГД-ийн Засаг даргын мөрийн хөтөлбөр батлагдлаа

Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хурлаар Засаг даргын 2013-2016 оны мөрийн хөтөлбөр, 2013 оны нийгэм, эдийн засгийн зорилтыг хэлэлцэн баталлаа. Иргэдийн хурлын төлөөлөгчид энэ удаагийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг иргэдэд чиглэсэн, иргэдийн оролцоог дэмжсэн хэмээн онцолсон юм. Баянгол дүүргийн Засаг дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Оросоо мөрийн хөтөлбөр, 2013 оны зорилтыг дүүргийн ИТХ-аар батлагдсантай холбогдуулан шинэчлэлийг хамтдаа хийхийг олон нийтэд уриаллаа.

2016 онд үр дүнгээ тайлагнах энэхүү мөрийн хөтөлбөрийг Аюулгүй амгалан Баянгол, Ажилтай орлоготой Баянгол, Амины орон сууцтай Баянгол, Агаар нь цэвэр Баянгол, Авлигагүй Баянгол хэмээх таван үндсэн бүлэгт ангилан 69 багц ажил хийхээр төлөвлөлөө. Ингээд Засаг даргын Тамгын газрын найман хэлтэс, алба, харъяа 22 байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр 231 үйл ажиллагааг төлөвлөөд байна. Заримаас нь дурдвал Баянгол дүүргийн гэр хорооллын тодорхой цэгүүдэд иргэдийн оролцоотойгоор дахин төлөвлөлт хийж, орчин үеийн тохилог амины болон нийтийн орон сууц барих ажлыг иргэдийн оролцоотой эхлүүлэхээр заажээ. Мөн дүүрэгт хийгдэж буй хөрөнгө оруулалтыг ил тод болгох, санхүүгийн үйл ажиллагаанд иргэдийн хяналтын бүтцийг бий болгох гэх мэтээр авлигаас ангижрах заалтуудыг тусгасан байлаа.

Баянгол дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг ZA, ETV телевизээр шууд нэвтрүүлсэн юм.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж