Байгалийн баялгийг үр ашигтай олборлон боловсруулах, зах зээлийн жишигт нийцсэн өндөр үнээр борлуулах, зөв зохистой татварын бодлогоор дамжуулан нийгмийн баялаг бүтээх нь үйлдвэр аж ахуйн нэгж, төр засгийн эрхэм зорилго төдийгүй Монгол хүн бүрийн чин хүсэл билээ.
Харамсалтай нь уул уурхайн талаар уул уурхайн мэргэжилтнүүд бус уул уурхайг хэрүүлийн алим болгож түүгээр хооллогсод ам уралдуулан ярьж, бичиж, таамаг дэвшүүлж, иргэдийг төөрөлдүүлж, нийгэмд бухимдал үүсгэж байна. Тооцоо судалгаа хийж, тоо баримтанд үндэслэдэг нь цөөрч, тойм ярьж, том дүгнэдэг нь олширсоор л…
Уул уурхай түүний дотор НYYРС тойрсон дуулиан шуугиан, улс төрийн хэрүүл тэмцэл даамжирсаар эцэс төгсгөлдөө “бирдийн сэтгэлд дусал харам” гэгчээр хий дэмий харамлаж, хардахаас өөрийг хийж чадахаа болилоо. Хятадууд Монголын нүүрсийг үнэгүй зөөж байна, хилийн цаана буулгаад газарт булж нөөцөлдөг гэнэ гэх мэт явган яриа хүртэл сонсогдох болов.
Хятадын үйлдвэржилтэнд суурилсан эдийн засгийн үсрэнгүй өсөлт байгалийн баялагыг ховх сорохын хэрээр дотоодынхоо нөөц баялагыг хадгалах, бусдын өвөрлүү өнгийх, хүчирхэг гүрний сүрийг үзүүлэх, мөнгөөр зодох хандлага ажиглагдаж байгаа нь яах аргагүй үнэн юм.
Хятад улс 2005 оноос эхлэн нүүрсний жижиг уурхайнуудыг хаах, импортын татварыг бууруулах, тэглэх, экспортын татварыг нэмэгдүүлэх гэх мэт олон үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлснээр нүүрс экспортлогч орноос нүүрс импортлогч орон болон хувирч байгааг дараах тоо баримт бэлхнээ харуулна. Импортлосон нүүрсээ булдаг, нөөцөлдөг гэдэг нь харин арай дэгсдүүлсэн яриа.
1995 – 2000 онуудад Хятадын нүүрсний импорт жилд дөнгөж 3 сая.тн хүрэхтэй үгүйтэй байсан бол, 2003 онд 10 сая.тн, 2007 онд 51 сая.тн, 2009 онд 126 сая.тн, 2012 онд 234 сая.тн-д хүрч нүүрсний импортын хэмжээгээрээ Японыг ардаа орхиж, дэлхийд тэргүүлж эхэлсэн байх юм. Харин Хятадын нүүрсний экспорт нь 2001-2003 онуудад 80-100 сая.тн байсан бол 2012 онд ердөө 9.3 сая.тн болтлоо буурчээ.
Гэхдээ Хятад төрийн бодлогоор нүүрсний үйлдвэрлэлээ хязгаарлах нь тухайн зах зээл дэх нүүрсний эрэлт хэрэгцээ нэмэгдэх шинэ орон зайг бий болгож байгаа ба энэ нь дотоодоо нүүрсний томоохон хэрэглэгч, зах зээл гэж бараг байхгүй Монголын хувьд харин ч нүүрсний экспортын худалдаанаас үлэмж их ашиг олох олзуурхууштай хэрэг юм. Гагцхүү энэхүү түүхэн боломжийг хэрхэн яаж ашиглаж чадах вэ гэдгээс бид баялгийн эзэн болох уу эсвэл баялаг эзэгнэгч болох уу гэдэг хамаарна.
Монгол Улс дэлхийн нүүрсний зах зээлд “ХЭР ТОМ ТОГЛОГЧ” вэ
Монголын дотоодын зах зээл дээрх нүүрсний жилийн хэрэгцээ 10 сая.тн хүрдэггүй ба хамгийн томд тооцогдох Багануурын уурхай л жилд ердөө 3 сая.тн орчим нүүрс олборлож, борлуулж байна. Сүүлийн жилүүдэд хувийн хэвшлийнхний олборлон экспортлож буй нүүрсний хэмжээ геометрийн прогрессоор өсөн нэмэгдэж байгаагийн хүчинд Монголын нүүрс үйлдвэрлэлийн хэмжээ 2011 онд анх удаа 30,9 орчим сая.тн-д хүрсэн. Жилд гучин сая тонн нүүрс олборлоно гэдэг гурван сая хүрэхгүй хүн амтай Монгол Улсын хувьд чамлахааргүй том тоо боловч дэлхийн хэмжээнд авч үзвэл хэр том тоо вэ.
Сүүлийн жилүүдийн статистик мэдээнээс харахад, дэлхий нийтээр 7 тэрбум орчим тонн нүүрс үйлдвэрлэж байгаагийн тэн хагасыг нь Хятад улс олборлон хэрэглэж байна. 2012 онд Хятад 3,7 тэрбум.тн түүхий нүүрс олборлож, 525 сая.тн коксжих нүүрсний баяжмал үйлдвэрлэсэн нь дэлхийн коксжих нүүрсний үйлдвэрлэлийн 50 гаруй хувийг эзэлж байна. Зөвхөн ӨМӨЗО-ны нутаг дэвсгэрээс 2012 онд 1.06 тэрбум.тн нүүрс олборлосон нь Хятадын нүүрсний үйлдвэрлэл хэр хурдтай өсөж байгааг маш тодорхой харуулж байна.Хятадад хоногт 10 сая.тн нүүрс хэрэглэж байна гэж бодохоор Монголоос экспортлосон 20 сая.тн нүүрс хэдийхэн хэмжээний зах зээлийг эзлэх нь тодорхой юм.
Дэлхийн зах зээл дэх нүүрсний арилжааг тодорхойлогч Австрали улс жилд дунджаар 150 сая.тн металлургийн нүүрс мөн түүнээс багагүй хэмжээний эрчим хүчний нүүрс бусад оронд экспортлож байгаа бол Азийн хамгийн том эрчим хүчний нүүрс экспортлогч Индонез улс жилд 350-380 сая.тн нүүрс олборлож, 70-80 хувийг нь экспортлож байна.
Гэтэл анх удаа жилд 21.1 сая.тн нүүрс экспортлож үзсэн Монголчууд бид дэлхийн дайтай өрсөлдөгч боллоо хэмээн цээжээ дэлдэж, “өгөх хүн гэдийж, авах хүн бөхийнө” гэж томорч суух юм. Монголчуудыг “Тавантолгойгоо зуун толгой болгон” булаацалдаж, бие биенээсээ харамлан, ломбардны лиценз болгон наймаалцаж суух хооронд бусад улс орон Хятадад үүссэн эрэлт хэрэгцээг аз завшаан, ашиг орлого болгож байна.
Хамгийн ойрын жишээ гэхэд Индойнез 2008 онд 10 сая.тн, 2009 онд 30 сая.тн, 2010 онд 55 сая.тн 2012 онд 67 сая.тн гэх мэтээр Хятадыг чиглэсэн нүүрсний урсгалаа нэмэгдүүлсээр байна. Австрали Хятадын зах зээл дэх өөрийн орон зайг алдахгүйн тулд 2009 онд ганцхан жилийн дотор экспортын хэмжээгээ 2008 оноос арав дахин нэмэгдүүлж 44 сая.тн-д хүргээд авсан байх жишээтэй. Таван толгойн нүүрсийг чинь үнэгүй шахам тээвэрлээд өгье, Япон, Солонгост борлуулахад чинь туслаад өгье гэж найр тавиад байгаа Оросууд сүүлийн хоёр жил хятадын зах зээлийг чимээгүйхэн мэрж байна. Урьд өмнө нь ганц сая тонн нүүрс ч Хятадад гаргадаггүй байсан ОХУ 2009, 2010 онд жил дараалан 12 сая.тн нүүрс экспортлож байсан бол 2012 онд 20 сая.тн-д хүргэсэн байна. Эндээс харахад ирээдүйд ОХУ нүүрсний салбарт бидний түнш байх уу, эсвэл өрсөлдөгч байх уу гэдэг нь бас л эргэлзээтэй.
Дэлхийн нүүрсний зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн харьцаа алдагдаж, үнийн уналт эхлэхтэй зэрэгцэн Хятадын зах зээлд нүүрс нийлүүлэхийн төлөөх цусгүй дайн өнгөрсөн онд улам ширүүсжээ. Австрали экспортын коксжих нүүрсний үнээ хоёр дахин бууруулсан бол Индонез, Вьетнам зэрэг улс экспортын татвараа бууруулах, тэглэх гэх мэт шат дараалсан арга хэмжээ авсан байх юм.
Харин энэ хугацаанд бид юу хийв. Татвар хураамжаа нэмнэ нэмэхгүй, хил боомтоо хаана хаахгүй, олгосон зөвшөөрөлөө цуцална цуцлахгүй, гаргасан шийдвэрээсээ буцна буцахгүй гэж маргалдсаар л…
Тавантолгойг тэрэнд өгнө, энэнд өгөхгүй, төмөр зам тийшээ барина, ийшээ барихгүй, өргөн байна нарийн байна гэсэн хэрүүл юунд хүргэх вэ? Хүссэн ч эс хүссэн ч цорын ганц зах зээл болох Хятад “Монголоос нүүрс авахгүй гэсэн” товчхон хариуг импортын татвар энэ тэрхнээр далимдуулан баривал хэн хохирох вэ. Мэдээж Монголчууд бид л хохирно. 2008 оноос хойш Хятад Монголоос Эрээн боомтоор төмөр замаар нүүрс хүлээж авахгүй байгааг юу гэж ойлгох вэ. Хятадын Төмөр замын яамны сайдын бухимдлын илэрхийлэл үү, сануулга, анхааруулга уу.
Өмнийн хязгаарт босгосон их бүтээн байгуулалт шороонд дарагдаж, түүнд оруулсан олон арван тэрбумын хөрөнгө оруулалт салхинд хийсч одох нэн аюултай төдийгүй сая саяар нь хувь хишиг хүртэх гэсэн сайхан мөрөөдөл маань зүүд болон хувирах вий дээ. Амны билгээс ашдын билэг гэдэг. Тийм зүйл бүү тохиолдоосой гэж найдъя. Гэхдээ л мөнхийн нөхөрлөл, мөнхийн дайсагнал гэж байхгүйг бас санах хэрэгтэй.
Д.ДАЛАЙБАЯР