Каннд гялалзсан Тайланд найруулагч

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Каннд гялалзсан Тайланд найруулагч

Кино урлагийн ертөнцөд нэр хүндээрээ “Оскар”-ын дараа бичигддэг Каннын кино наадам 63 дахь удаагаа зохион байгуулагдаж, 12 өдөр үргэжлээд өнгөрсөн ням гаригт шилдгүүдээ тодруулсан. Каннын кино наадмын дээд шагнал болох “Алтан далдуу мод”-ыг авах магадлалтай хүмүүсийн нэрс хэд хоногийн өмнөөс яригдсан боловч, хэний ч таамаглаагүй байсан нэгэн эрхэм уг шагналыг хүртэж, шуугиан тарьсан.
Энэхүү нууцлаг бөгөөд авьяаслаг эрхэм бол Тайландын найруулагч Apichatpong Weerasethakul юм.
Тэрбээр 1970 оны долдугаар сарын 16-нд Тайландын Бангкок хотод төржээ. Түүний эцэг, эх хоёр хоёулаа эмч байсан ба Тайландын төв эмнэлэгт ажилладаг байсан байна.
1994 онд Apichatpong Weerasethakul “Khon Kaen” их сургуулийг архитектурчийн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн байна. Тэрбээр оюутан байх үеэсээ л кино урлагт сонирхолтой болж эхэлсэн ба анхны богино хэмжээний кино болох “Bullet”-ыг 1993 онд хийж байжээ. Өөрийн сонирхлоо мэргэжлийн түвшинд хүргэхийг зорин тэрбээр шаргуу ажиллаж байсан ба  Чикаго хотын урлагийн их сургуульд суралцах завшаан тохиолдож, 1997 онд мастерийн зэрэгтэй төгссөн байна.
Энэ үеэс тэрбээр эргэлт буцалтгүйгээр кино урлагт орж, 1999 онд “Kick the Machine” нэртэй өөрийн компаниа үүсгэн байгуулж, өөрийн бүтээлээ туурьвиж эхэлсэн байна.
2000 он хүртэл богино хэмжээний кинон дээр дагнан ажиллаж байгаад “Mysterious Object at Noon” бүрэн хэмжээний киногоо бүтээж олны хүртээл болгожээ.
Энэхүү кино нь тухай жилдээ Гонконг, Англи, Ванкувер, Сингапур болон Роттердамын кино наадмаас тэргүүн болон дэд байр эзэлж, шагналын хур буулгасан юм.
Харин 2002 он түүний хувьд онцгой жил байсан юм. Түүний “Blissfully Yours” нэртэй кино нь Каннын кино наадмаас эзэндээ анхны шагналыг авчирсан юм.
“Syndromes and a Century” нэртэй кино нь 2006 онд дэлгэцэнд гарсан даруйдаа хэл ам дагуулж, Тайландын бичиг зохиолыг хянах газраас дөрвөн хэсгийг хасуулж байжээ. Үүнээс болж найруулагч өөрийн эсэргүүцлээ илэрхийлж, киногоо гаргахыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байсан юм. Жил гаран болсны дараа 2007 онд анхны эх хувилбараараа Тайландад гаргаж байжээ.
Түүний кинонууд үндэсний хэв маягаа шингээсэн, ард иргэдийн амьдралын гүнд нь орж, бодит байдлыг хурцаар харуулж чаддагаараа онцлогтой.
2010 он түүний хувьд мөрөөдлийнхөө оргилд хүрсэн жил нь боллоо. “Uncle Boonmee Who Can Recall His Past Lives” нэртэй кино нь шүүгчдийн тэргүүн Tim Birton-оос онцгой үнэлгээ авч, тэргүүн шагнал болох “Алтан далдуу мод”-ыг эзнийхээ гарт авчирлаа.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж