![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2013/1/7665902fadf99314/2244e88402bb863abig.jpg)
Одоогоос хоёр сарын өмнө элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орохоор хандивын тусламж хүсч байсан М.Сайханбилэг хүү өнөөдөр Энэтхэг улсад эмчилгээ хийлгэж буй. Шинэ оны өмнө хагалгаанд орсон түүний донор нь аавынх нь төрсөн дүү болсон юм.
Монголчуудын сайхан сэтгэлийн дэмээр цугласан хандив, тусламж өнөөдөр хүүгийн амийг аварч, Монголын нэг гэр бүл аз жаргалтай, элэг бүтэн амьдарч байна. М.Сайханбилэг хүүгийн донор Б.Гэрэлсүрэн элэгнийхээ 30 хувийг хүүд өгсөн бөгөөд хүүгийн өөрийнх нь элэгийг авч, донорын элэгийг шилжүүлэн суулгасан байна. Энэтхэгийн эмч нарын хэлснээр, элэг шилжүүлэн суулгах хагалгаа үр дүнгийн 30 хувийг нөхдөг, харин үлдсэн 70 хувийг эдгээж, хэвийн үйл ажиллагаанд оруулахад хагалгааны дараах эмчилгээ чухал үүрэгтэй байдаг ажээ.
Ахынхаа хүүд донор болсон Б.Гэрэлсүрэн одоо эх орондоо ирсэн байгаа бөгөөд биеийн байдлынх нь талаар болоод М.Сайханбилэг хүүгийн хагалгаа, эмчилгээний талаар бид түүнтэй уулзаж ярилцсан юм. Тэрээр хэлэхдээ, “Бид хагалгаа хийлгэх мөнгөгүй, хүнд хэцүү байхад маш олон хүн тусалсанд их баярлаж байгаа. Миний хувьд биеийн байдал хэвийн, эмчилгээгээ хийлгэж байгаа. Хоёр сарын дараа гэхэд бүрэн эдгэрнэ гэсэн. Монголдоо ирээд өдөр бүр боолт хийлгэж, эм ууж байна. Хамгийн чухал нь Монголын ард түмний сайхан сэтгэлээр миний дүүгийн хагалгаа амжилтай болсон бид их баяртай байна. Одоо хагалгааны дараах эмчилгээг сайн хийж дуусгаснаар М.Сайханбилэг дүү маань эрүүл саруул болж, удахгүй Монголдоо ирнэ. Монголын ард түмэн ямар сайхан сэтгэлтэй, бие биенээ гэсэн сэтгэлийн сүүн цацалтай хүмүүс болохыг энэ явдлаас бид их тод олж харснаа хүн бүхэнд зориулж хэлмээр байна” гэлээ.
Ихрүүдийн нэг М.Сайханбилэг хүү 45 хоногтойдоо цөсний төрөлхийн битүүрэлтэй гэж оношлогдон, 55 хоногтойдоо хагалгаанд оржээ. Хоёр сар ч хүрээгүй байхдаа эмнэлгийн ор бараадсан бяцхан хүүгийн хагалгаанд тухайн үед хүндрэл гараагүй ч цөсний битүүрлээсээ болоод элэгний үйл ажиллагаа нь доголдож, хатуурал явагдаж эхэлсэн байна. Тиймээс хүү ходоод гэдэсний болон мэс заслын эмчийн байнгын хяналтад шилжиж, эмээр хоол хийн, амь тээж байсан бол өнөөдөр эрүүл саруул болон, хөл дээрээ босч байна.
Гэр бүлд нь тохиолдсон хүнд хэцүү үеийг хамт туулж, чин сэтгэлийн тус хүргэсэн бүх хүмүүст болон эгч Б.Гэрэлсүрэнд нь талархал илэрхийлж байгаагаа түүний аав, ээж бидэнтэй холбогдон уламжилж өгөхийг хүссэн юм.
“Бяцхан хүүд амьдрал бэлэглэсэн хүн бүхэн аз жаргалаар бялхаж, алтан амь аварсан дээдийн буянаа эдлэх болтугай. Миний хүү Сайханбилэг та бүхний ачийг хариулсан САЙН ХҮН болно оо.” гэсэн аав, ээжийнх нь талархлыг та бүхэнд дамжуулж байна.
![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2012/12/59179a8857e50da6/bc30c39c43ca9caforiginal.jpg)
![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2013/1/d11f4af9710d1ce0/df53021612479b06big.jpg)
![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2012/12/7fdbd517927917e2/70fb4775ce1669c7big.jpg)
![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2013/1/6b6d641651088d70/44304c453d0eb7bbig.jpg)