“976” галерейд өнөөдөр Европоор аялуулах нэгэн үзэсгэлэн нээлтээ хийж байна. Энэ бол Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач Ц.Нарангэрэлийн “Европоор аялсан нь” нэртэй бие даасан үзэсгэлэн юм. Тэрээр 2011 онд Итали, Франц, Герман, Австри, Швейцарь зэрэг Европын улсаар аялах явцдаа бүтээсэн 20 гаруй зургийг үзэсгэлэндээ дэлгэжээ. Зураач өмнө нь уг аяллын бусад бүтээлээ “Европын тэмдэглэлүүд” үзэсгэлэнд зураач Ц.Энхжаргал, Ш.Чимэддорж, Л.Ганболд нарын хамт гаргаж байсан ч энэ удаад өмнөх үзэсгэлэнд дэлгээгүй, ховор бүтээлүүдийг тавьж буйгаараа онцлог аж. Тиймдээ энэ үзэсгэлэнд саатан хэн бүхэн усан дээрх гайхамшигт хот Венецийн усан боомт, гудамжуудаар аялах боломжтой. Зураач Нарангэрэл нь дүрслэх урлагийн хамгийн гайхалтай техник ур чадвар шаарддаг усан будгийн төрлөөр бүтээсэн олон судалбар зургуудаа дэлгэснийг онцлох хэрэгтэй бол уу. Тод өнгөөр наадсан түүний нүд унагам зургууд Европын Венецийн нэлээд товойлгон дүрсэлсэн байсан шүү. Мөн тосон будгаар бүтээсэн ажлууд нь өөрийн эрхгүй хараа булаам тод хэрнээ зөөлөн өнгөний зохицолтойгоос гадна орчны шийдлийг уусган дүрсэлсэн нь таныг мэдэх хийгээд мэдэхгүй Европын гудамжаар хөтлөн аялуулна.
Зураач Ц.Нарангэрэл шинэ үзэсгэлэнгийнхээ талаар “Европын хотын байгалийн зургууд, ялангуяа Венецийн төрх энэ үзэсгэлэнгийн зургуудад зонхилсон. Уран бүтээлчид аялах, үзсэн харснаа зурах дуртай. Тэр дундаа урлагийн төв болсон Венецийг өөрийн өнцөг, арга барилаар дүрслэх нь олон зураачийн мөрөөдөл биз ээ. Байгалийг зурна гэдэг хуулбарлахтай адилгүй. Тухайн байгаль, юмс үзэгдлийн төрүүлсэн мэдрэмж, сэтгэгдлийг буулгана гэсэн үг. Тэр зураг нь үзэгчдэд харах яруу найраг, хөгжим болж хүрдэг юм” хэмээн ярьсан юм.
Тэрээр 1971-1975 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг ардын зураач Л.Гаваагийн удирдлаганд төгсжээ. Л.Гаваа агсан байгалийн зураач байсан нь түүнд мөн энэ чиглэлээр бүтээл туурвихад чухал нөлөө үзүүлсэн гэдэг. Тэрээр 1980-1986 онд Чехийн Прага дахь Урлаг, архитектур, дизайны академийг (UMPRUM) төгсөн 1991 оноос хойш Дүрслэх урлагийн дээд сургуулийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаа юм.
Баруун дөрвөн замын Max Mall төвийн тавдугаар давхарт байрлах 976 галерейд саатан Европоор аялаарай. Үзэсгэлэн ирэх гуравдугаар сарын 5-н хүртэл үргэлжилнэ.
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү