“Журамласан толь”-ийг зөв бичих дүрэмд баримтална

Хуучирсан мэдээ: 2013.02.21-нд нийтлэгдсэн

“Журамласан толь”-ийг зөв бичих дүрэмд баримтална

Сүүлийн үед Монгол хэлний зөв бичих дүрмийг хэн дуртай нь өөрчилж, өөрийн нэрээр “Зөв бичих дүрмийн толь” гаргах болсон. Шог зохиолч Д.Жаргалсайхан өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж, дууны яруу найргийг алдаа мадагтай бичсэнээр төрөлх хэлний үгийн санд сөргөөр нөлөөлж байна хэмээн мэдээлэл хийлээ. Уг хуралд “Төрийн хэлний зөвлөл”-ийн Ажлын албаны дарга Б.Магсаржав оролцсон бөгөөд энэ үеэр түүнтэй ярилцлаа. 

-Монгол хэлний дүрмийг олон янзаар зохиож, нэг үгийг хэд хэдэн янзаар бичиж байна. “Төрийн хэлний зөвлөл” энэ чиглэлд яаж санаа тавьдаг вэ?

-“Төрийн хэлний зөвлөл” олон арга хэмжээг эрдэмтэн мэргэдтэйгээ хамтран зохион байгуулж байна. Саяхан Засгийн газраас гаргасан 37-р тогтоолыг гаргуулахад манай байгууллага их үүрэгтэй оролцсон. Бид байнга “Монгол хэл бичиг” гэдэг цуврал гаргадаг. Энэ цуврал дээр утга зохиолын хэлээ хамгаалах, хөгжүүлэх, дэлхийн бусад хэл яаж амьдарч, хэрхэн мөхөж байгааг харуулдаг. Бусад байгууллага, сургуулиудтай хамтарч ажиллаж, хэлийг хэрэглэдэг байгууллагуудад судалгаа явуулж зөвлөмж гаргаж өгч байна. Ерөнхий боловсролын сургуулиудын сурах бичгүүд, хэвлээ мэдээллийн байгууллагуудад бид жил болгон судалгаа явуулж зөвлөмж өгдөг. 2006 онд телевизүүдийн гадаад нэртэй нэвтрүүлгийн нэрийг солих талаар зөвлөмжийг голлох телевизүүдэд өгсөн. Тэгтэл одоо болтол хэрэгжихгүй л байна.

-Танай гаргасан зөвлөмжийн хэрэгжилтийг ямар байгууллага хянах ёстой вэ?

-“Төрийн хэлний зөвлөл”-ийн зөвлөмж гарсан дариудаа хэрэгжих албан ёсны эрхтэй. Гэтэл бидний гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй байгаа юм.

-Хэрэгжүүлэхгүй байгаа тохиолдолд яадаг юм бэ?

-Хэрэгжүүлэхгүй байгаа тохиолдолд энэ асуудлыг хууль зөрчсөн гээд торгуулийн шийдвэр хүлээлгэх ёстой. Энэ шийдвэрийг шүүх гаргана. Гэтэл шүүх маань “Бид нар ганц нэгэн үг буруу зөв бичсэн иймэрхүү асуудлыг шүүж байх цаг алга. Өч төчнөөн хэрэг байна” гэсэн хариуг өгдөг. Тэгэхээр одоо хэрэгжиж байгаа “Төрийн албан ёсны хэлний тухай хууль” бол хэрэгжих механизмгүй болчихсон. Би үүнийг их олон удаа хэлж байгаа. Харин одоо бид нар уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, чангатгах ажлын хэсэг байгуулж байгаа. Гэтэл энэ хуулийг чангатгах сонирхолгүй бүлэг хүмүүс бас байдаг. Бид нар “Монгол хүүхдэд 11 нас хүртэл нь гадаад хэл заахгүй байя” гэсэн саналыг гаргахаар эсэргүүцдэг хүмүүс байдаг. Ялангуяа хувийн сургуультай, хүний хүүхдэд мөнгө авч цэцэрлэгийн наснаас нь гадаад хэл заадаг энэ хүмүүс хүчтэй эсэргүүцдэг. Тиймээс энэ асуудлыг төрийн албан ёсны хэлний тухай хуульд тусгаж өгөх хэрэгтэй байгаа юм.

-700 гаруй үгийг журамлаж, 200 гаруй гадаад үгийн бичлэгийг шинээр тогтоосон. Гэтэл үүний дараа “Мон Судар” хэвлэлийн газраас таван янзын толь гаргасныг зөвшөөрөөгүй байгаа. Ц.Дамдинсүрэнгийн толь хэвээрээ хэрэглэгдэж л байна. Гэхдээ бид нар яг аль толийг нь хэрэглэх нь зүйтэй юм бэ?

-Ц.Дамдинсүрэн гуайн үсгийн дүрэмд бол ямар ч өөрчлөлт оруулаагүй. Харин зарим нэгэн үгийн бичлэгийг өөрчилсөн. “Мон Судар”-ийн толь бичгүүд дотроос “Зөв бичих зүйн толь” гэдэгт нь “Төрийн хэлний зөвлөл”-өөс зөвлөмж өгч, хүлээн зөвшөөрсөн. Бусдад нь зөвлөмж өгөөгүй. Эдгээрээс алдаа мадаг гарах юм бол бид зөвхөн “Зөв бичих зүйн толь”-той холбоотой асуудалд хариуцлага хүлээнэ.

-Бүх эрдэмтэд, “Төрийн хэлний зөвлөл” хамтраад гол маргаантай үгүүдийг шийдчихсэн юм чинь одоо төрөөс яг энэ толийг барих ёстой гээд шийдвэр гаргачихаж болдоггүй юм уу?

-Засгийн газрын 2013 оны 2 сарын 2-нд гаргасан 37-р тогтоолоор “Журамласан толь” гаргахыг даалгасан. Тэгэхээр энэ толийг л цаашид баримтлах болно. Бусад толийг бол хэрэгсэхгүй.

-Энэ толийг гаргахад хэлний эрдэмтэд оролцож таарна. Гэтэл өнөөдөр чинь манай эрдэмтэд хоёр тийшээ харж суучихаад “биднийх зөв, тэднийх буруу” гээд байгаа шүү дээ?

-Бидэнд 700 үгийг шийдсэн туршлага байна. Түүгээр бид зөвшилцөлд хүрсэн. Хэн хэнийхээ улаан нүүрийг харж сууж байгаад “Ерөөсөө ингэж л бичье” гэж тохирсон. Бас зөвхөн хоёр талд ч зогсоод байгаа юм биш, гурван тал бий. Яагаад гэхээр Ц.Дамдинсүрэн, Б.Ренчин, Ч.Лувсанвандан гэсэн монгол хэлний гурван том оргил байлаа шүү дээ. Нэг ёсондоо монгол хэлний гурван том “школ” байгаа гэсэн үг. Энэ гурван хүний шавь нар гэж хэдэн зуу, мянгаараа тоологдоно. Тэгээд л гурван багшийнхаа үзэл баримтлалыг дагаад гурван талд суугаад байгаа юм. Тэгэхээр эцсийн гаргалгаа нь зөвшилцөх явдал.   

Т.ДАРХАНХӨВСГӨЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж