Япон гурван хоригдлыг цаазалжээ

Хуучирсан мэдээ: 2013.02.21-нд нийтлэгдсэн

Япон гурван хоригдлыг цаазалжээ

Японы шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас өнөөдөр өглөө хүн амины хэрэг үйлдсэн гурван хоригдлыг цаазаар авсан тухай тус улсын Хууль зүйн сайд Садаказу Танигаки мэдэгджээ. Долоон настай охины амийг хөнөөсөн 44 настай Каору Кобаяши, 2008 онд Токиогийн худалдааны төвийн гадна нэг хүний амийг хөнөөж, долоон хүнийг шархтуулсан халдлага үйлдсэн 29 настай Масахиро Канагава болон 2002 онд мөнгөний төлөө баарны эзний амийг хөнөөсөн 62 настай Кейки Муто нарыг цаазалсан байна. Японд хамгийн сүүлд өнгөрсөн есдүгээр сард цаазын ял гүйцэтгэсэн бөгөөд тус улсад одоогийн байдлаар цаазаар авах ял сонссон нийт 130 гаруй хоригдол байгаа аж. Түүнчлэн цаазын ял сонссон эдгээр хоригдлуудын дунд 1995 онд Токиогийн метрод зарин гэгч хийгээр халдлага үйлдсэн  “Аум Синрикё” нэртэй шашны бүлэглэлийг үндэслэгч Сёко Асахара гэх мэт онц аюултай хоригдлууд байгаа аж. Японд өнгөрсөн 2011 онд нэг ч удаа цаазаар авах ял гүйцэтгэсэн тохиолдол гараагүй боловч өнгөрсөн оны гуравдугаар сараас дээрх ялыг гүйцэтгэж эхэлсэн байна.

Олон улсын хүний эрхийг хамгаалах “Эмнести интернэйшнл” байгууллагын зүгээс Япон хоригдлуудыг цаазлахыг хүчтэй шүүмжилдэг байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж