Эхний тоглолт “Танан Гарьд” болон “ТЛЖ 13” багийн хооронд болсон. “Танан Гарьд”-ын хувьд супер лигийн эхний хоёр тоглолтдоо хожигдсон ч дараа нь хоёр дараалан хожоод байсан. Харин “ТЛЖ” баг нэг хожил, дөрвөн хожигдолтойгоор эхний тойргийн сүүлийн тоглолтоо хийсэн юм. Тоглолтын эхний үе эн тэнцүү өрсөлдөөнтэй өрнөсөн. Энэ үед “ТЛЖ” багийн Дөлгөөний дамжуулалтаар Кендрик Блэк хүчтэй тохолт хийсэн нь энэ оройн олон тохолтуудын эхлэл нь байсан. Харин тоглолтын хоёрдугаар үеийн эхэнд “ТЛЖ” багийн алдаа тав болж, олон ч удаа бөмбөгөө алдаж байв. Ингэснээр тоглолтын эхний хагас 42:30 харьцаатай “Танан гарьд”-ын давамгайлал дор өндөрлөсөн юм. Тус багийн тоглогчдоос О.Ууганбаяр сэлгээнд суулгүй тоглож, 17 оноо багтаа авчирсан. Харин тоглолтын гуравдугаар үед “ТЛЖ” баг илүү тоглолт үзүүлэв. Энэ үед Кендрик Блэк бас нэг хүчтэй тохолт, хоёр блок хийсэн бол, Де Андре Браун гурван блок хийсэн. Мөн тэдний хамгаалалт сайн байсны дүнд онооны зөрүүг дөрөв болгож ойртуулсан. Гэсэн ч шийдвэрлэх дөрөвдүгээрр үед энэ зөрүүг арилгаж чадсангүй. Энэ үед “Танан Гарьд” багаас Ц.Азбаярын дамжуулалтаар Фредрик Вүүдс цагариган дээрээс довтолсон. Мөн гуравдугаар үеийн төгсгөлд сэлгээнд суугаад байсан О.Ууганбаяр эргэн талбайд гарч, сайн тоглолтоо үргэлжлүүлсэн. Тэрээр энэ тоглолтонд 30 оноо, 14 самбар авч багаа тэргүүлсэн. Мөн Ц.Азбаяр 13 оноо, Фредрик Вүүдс 12 оноо, 13 самбар авчээ. Ингэснээр 84-75 – н харьцаатай Танан Гарьд хожиж, 3 дахь дараалсан хожлоо авлаа. Харин ТЛЖ багаас Кендрик Блэк 27 оноо, Г.Цэнгүүнбаяр 17 оноо авчээ. Тэд ийнхүү 1 хожил, 5 хожигдолтойгоор эхний тойргийг дуусгаж байна.
2 дахь тоглолт Эрдэнэдрийлинг Ригс болон СБЛ багуудын хооронд боллоо. СБЛ-н хувьд 4 хожил, 1 хожигдолтой лигийг тэргүүлж байсан бол, Эрдэнэдрийлинг Ригс 3 хожил, 2 хожигдолтой байсан. Эрдэнэдрийлинг багаас өмнөх тоглолтонд тун сайн тоглосон Г.Нямбаяр энэ удаад гарааны бүрэлдэхүүнд багтсан байлаа.
Тоглолтын эхний хагас тун тэнцүүхэн өрнөж, 57-55-өөр өндөрлөсөн. Гэхдээ СБЛ багаас ихэнх оноог легионер тоглогч Девон Кларк авч байлаа. Түүний довтолгоо болгон үр дүнд хүрч байснаар, эхний хагаст 30 оноо авсан. Мөн тэрээр энэ тоглолтонд 4-н ч удаа хүчтэй тохолт хийсэний 2 нь төвийн тоглогч Эрдэнэдалайгийн өөдөөс хийгдсэн. Харин Эрдэнэдрийлинг багаас Б.Батжавхлан хурдаар илүүрхсэн тоглолт гаргаж, эхний хагаст 20 оноо авчээ.
Тоглолтын 3-р үед Ш.Сэдбазар 2 ч дараалсан холын зайн шидэлтээ амжилттай болгосон бол, З.Дэлгэрням болон Кларк нар самбар доор илүүрхсэн тоглолтыг үзүүлж байлаа. Улмаар 3-р үе 84-84-өөр өндөрлөж, 4-р үеийг улам сонирхолтой болгосон. Шийдвэрлэх энэ үед Эрдэнэдрийлинг Ригс багаас Б.Батжавхлан болон С.Өрнүүнбилэг нарын довтолгоо амжилттай болж байлаа. Ингэснээр 108-97-н харьцаатай Эрдэнэдрийлинг Ригс хожлоо. Тэднээс Б.Батжавхлан 39 оноо, С.Өрнүүбилэг 25 оноо, 14 самбар, Ш.Сэдбазар 19 оноог багтаа авчирчээ. Ингэснээр тэд эхний тойргийг 4 хожил, 2 хожигдолтой дуусгаж байна.
СБЛ баг мөн 4 хожил, 2 хожигдолтой болсон. Тэднээс Девон Кларк 44 оноо, 21 самбар авсан ч, баг нь хожигдлоо. Мөн З.Дэлгэрням 21 оноо, 11 самбар, О.Сэргэлэн 13 оноо авч, 9 оновчтой дамжуулалт өгсөн байна.
Сагсан бөмбөгийн Үндэсний супер лигийн тоглолтууд баасан гаригт Спортын төв ордонд үргэлжлэн явагдана.