Болгарын Засгийн газар огцорлоо

Хуучирсан мэдээ: 2013.02.21-нд нийтлэгдсэн

Болгарын Засгийн газар огцорлоо

Болгарын Засгийн газрын тэргүүн өнгөрсөн лхагва гаригт огцрох өргөдлөө өгөөд байсан бол парламентын хурлаас нь өнөөдөр түүний огцрох шийдвэрийг бүр мөсөн дэмжжээ. Одоогоос есөн өдрийн өмнө Болгарын Засгийн газар цахилгаан, эрчим хүчний үнийг нэмэгдүүлэхээр болсон нь ард иргэдийг эсэргүүцлийн жагсаал цуглаан хийхэд хүргэсэн юм. “Шинээр томилогдох Засгийн газар олон нийтийн хүсч байгаа тэр шийдвэрийг гаргаж, ухаалгаар ажиллана гэдэгт итгэл төгс байна” гэж Болгарын Ерөнхий сайд асан Боёко Борисов парламентын хуралдаан дээр тавьсан илтгэлдээ дурьджээ. Борисов 2009 оноос хойш Болгарын гүйцэтгэх засаглалыг тэргүүлж байсан юм. Тэрээр 2006 онд ГЕРБ буюу Европын хөгжлийн төлөөх иргэдийн намыг байгуулж, 2009 оны парламентын сонгуульд оролцон ялалт байгуулж, Болгарын 50 дахь ерөнхий сайдаар томилогдсон билээ. Борисовын Засгийн газар цахилгаан эрчим хүчний үнийг хоёр дахин нэмэх шийдвэр гаргасан нь ард иргэдийн эсэргүүцэлтэй тулж, ийнхүү бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон байна. Нийтдээ 7 сая хүн амтай энэ улс, 1990 онд ардчилал, эрх чөлөөг олж аван, анхны чөлөөт сонгуулийг 1990 онд хийж байсан юм.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж