Ш.Чанаравын тайлбарыг үгүйлэхүй

Хуучирсан мэдээ: 2013.02.21-нд нийтлэгдсэн

Ш.Чанаравын тайлбарыг үгүйлэхүй

Энгийн мөртлөө энгүй байхын учир буюу Ш.Чанаравын тайлбарыг үгүйлэхүй

“…Сумьяабазар зааны нэг гар сул яваад байна даа. Ингэж байж гар ачуулчихвий дээ…За, гар ачлаа. Гар ачаанд унахгүй гэж бодож явж, буруутах шиг боллоо. Улсын заан Агваансамдангийн Сүхбат долоо давлаа… ” хэмээн монгол бөхийн түүхэнд хамгийн уран, магадгүй хамгийн дуулиантай барилдааныг Шагдарын Чанарав гуай урьтаж мэдрэн, олны танил болсон тэр л тайван, итгэлтэй дуугаараа тайлбарласан нь одоо ч сэтгэлд тодоос тод хоногшин үлджээ.

 Бөхийг яаж ингэж мэдэрдэг байна вэ? гэж тэрхүү тайлбарыг сонссон хэн ч гайхмаар. Чанарав гуай барилдааныг “арьсгүй” мэдрэхийн зэрэгцээ хэзээ ч хоолойгоо шахан хүнгэнэж дуугарах гэж хичээлгүй, хэзээ ч өөрийгөө өргөмжлөх гэж мэдэмхийрдэггүй байж.

Жүдо, самбогийн шигшээ багт өдөр бүр бэлтгэл таслалгүй явж, бөхийн тогоонд насаараа чанагдсны хувьд Чанарав гуай бусдын мэдрээгүйг мэдэж, чадаагүйг чадаж байсан нь монгол бөхийн төгс гэж хэлмээр тайлбар байлаа. Чанарав гуай эрт урьдын түүхээр чимэг хийж, дархан аваргуудын урт гуншингаар сүр нэмдэггүй хэрнээ л бөх сонирхогчдын хувьд хамгийн “амттай” тайлбарыг хийж чаддаг байв. Хэдэн бөхийг таних нь гол биш, хичнээн түүх цээжилсэн нь чухал биш, хүдэр баргил хоолой ч гоё биш, хамгийн гол нь бөхөө мэдрэх нь чухал гэдгийг Шагдарын Чанарав гуайн тайлбараас ойлгож авсан хүн олон биз ээ.

Олон үг нуршаад байхгүй, илүү, сул үг бараг хэрэглэхгүй, ярьсныг нь бичихэд яг л өгүүлбэр өгүүлбрээрээ буух нь энэ хүн хичнээн цэгцтэй нэгэн байсныг нь илчлэх мэт санагддаг.

 “…Цэрэнтогтох аварга хөл л авах гээд байх шиг…Ойрын барилдаанд хөл аваагүй дээ. Залуу заан Бат-Эрдэнийг хонгодож дайраад давчихаж болмоор санагдаад байгаа юм болов уу… ” гэж Чанарав гуай 1987 оны наадмын шөвгийн дөрвийг тайлбарлаж байсан нь ой тойнд минь хамгийн анх үлдсэн бөхийн тайлбар. Үнэхээр төд удалгүй Цэрэнтогтох аварга залуухан заан Б.Бат-Эрдэнийг хонгодон дайрч давж билээ. Ер нь Чанарав гуай монгол бөхийн нэгэн үеийг өөрийн тайлбарааар хүмүүжүүлж, бөхийг шимтэн сонирхогч болоход гол үүрэг гүйцэтгэсэн нэгэн.

Хэдийгээр бид өдөр бүр яриад, дурсаад байдаггүй ч гэсэн монгол бөхдөө хайртай хэн бүрийн хувьд Ш.Чанарав гуай бол онцгой жин дарах, их хүндлэл хүлээх хүн гэдэгт эргэлздэггүй. Олон үг ярьдаггүй, юм болгонд савсагнаж гүйдэггүй, өөрийгөө дөвийлгөх дургүй хүн төдийлөн ярианы сэдэв болоод байдаггүй ч, яалт ч үгүй мэддэг, чаддаг зүйлийнх нь өмнө хэн ч гарч чаддаггүй байсан нь Чанарав агсан билээ. Мөн тайлбартаа элдэв өргөлт хийлгүй яг мэргэжлийн хүний ёсоор бүгдийг үзэгчийн өөрийнх нь шийдэл дор үлдээдэг байж билээ. “За, барилдаан бол ийм л болоод өнгөрсөн. Үзэгч түмэн харсан байх. Одоо хөлийн цэц, засуулыг хэрхэн шийдэхийг хүлээе” гэж Чанарав хэдэн ч удаа хэлж байв. Тэрээр “тэр гарцаагүй унасан, энэ яг давсан” гэх мэтээр туйлширдаггүй байлаа. Тэртэй тэргүй бөх үзэж буй түмэн олон бүгдийг харж, монголчууд бүгдээрээ бөхөө мэддэг болохоор ойлгож байгаа гэдэгт итгэж буй нь тэр.

Самдан аваргын 100 жилийн ойн барилдаан Монгол Бөхийн өргөөнд болж, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбаттай үзүүр түрүү булаалдахаар үлдсэнийг сайн санаж байна. Хэнтий аймгаас Ардын засаг байгуулагдснаас хойш хоёр л аварга төрсний нэг нь Самдан, нөгөө нь Бат-Эрдэнэ тул Хэнтийн Өмнөдэлгэрийн дархан аварга давахыг ихэд хүсч байсан нь тодорхой. А.Сүхбат эхлээд Бат-Эрдэнэтэй өрөхдөө, удалгүй унаад өгчих юм байна даа гэмээр харагдсан. Гэвч Бат-Эрдэнэ аварга нутгийнх нь аваргын ойгоор үзүүр түрүүнд үлдсэн бөхийгөө хурдхан унаад өгчихгүйд нь уурласан уу тэр даруй түрж хөөгөөд, уур амьсгал ширүүн болж хувирлаа. Бат-Эрдэнэ аварга дэвжээний зах руу түрж хөөх зуур А.Сүхбат толгойгоо сэжихдээ хамрыг нь дагзаараа мөргөчихөж. Бат-Эрдэнэ аваргын хамар бага зэрэг шалбарсан харагдав. Энэ үед хөлийн цэцээр ажиллаж байсан улсын арслан нэгэн бөх ингэж тайлбар хийсэн юмдаг. “Сүхбат Бат-Эрдэнийн хамрыг мөргөж, бөхийн цээрийг зөрчсөн байна…” гэж. Энэ үгийг сонсоод Бөхийн өргөөнд цугласан олны дундахь уур амьсгал бүр хурц болж, барилдаан ч урьдынхаасаа илүү ширүүн өрнөсөн. Эцэстээ Бат-Эрдэнэ А.Сүхбатыг баглаж аваад, тэврээд шидэх гэтэл уран барилдаант аварга дэгээ ороон дээр нь тусч үлдсэн билээ. Энэ явдлыг дурьдах болсны учир нь бөхөд тайлбар гэдэг маш чухал үүрэгтэй гэдгийг тодосгох гэснийх. Хэрвээ тийм хурц үед буруу үг хэрэглэж, сэтгэл хөдлөл, өөрийн үзэмждээ автвал үзэгч олны дунд ч маргаан, зодоон болохыг үгүйсгэх газаргүй. Тиймээс ийм олон жилийн турш олон янзын барилдаан тайлбарласан хэрнээ үргэлж зөв өнцгийг барьж, зөөлрүүлэх үүднээс хандаж, бөх сонирхогчдод өөрийн бодлоо тулгадаггүй байсан нь Ш.Чанарав гуайн гол ололттой тал байжээ.

Одоо бөх тайлбарлагчид, хоёр бөхийн барилдааныг шийдээгүй байхад хэн нэгнийг давсан гэж хэлбийх юмуу, бөхийн барилдааны дүрмийг дуржигнатал унших нь их болж. Заримдаа монгол бөхийн дүрэм гол биш, хэн давсан нь ч чухал биш, хамгийн гол нь монгол бөхийн өнөөг хүртэл хадгалагдан ирсэн ухаан, орчин хамгийн эрхэм болдог. Үүнийг Шагдарын Чанарав гуай шиг мэдэрдэг хүн үгүй байж. Алддаггүй хүн гэж хаана байхав. Засуул хариуцлага алдаж, хөлийн цэц буруу харж, унасан бөх шаралхаж, давсан бөх даврахыг алийг тэр гэхэв. Тэр тоолонд Чанарав гуай Монгол төрийн наадмыг хүндлэн, бүх зүйлийг эргэж буцахын эргүүлэг дор, нас тогтсон эрийн нүдээр харж, дүгнэж цэгнэж, мэдэрч тайлбарлаж байсан нь монгол бөхийн үзэгчдийг ч гэсэн “эрийн цээнд” хүрэхэд ихээхэн тус болж байсан биз ээ.

Монгол бөхийн торгон ногоон дэвжээг олон жилийн турш амилуулж өгсөн  гавьяат тамирчин, улсын начин Шагдарын Чанарав гуайн нэрийг бөхдөө хайртай түмэн олон хэзээд марталгүй, эрхэмлэн явах учиртай.

 Р.ГЭГЭЭ

Эх сурвалж: www.NEW.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж