
Барилга, хот байгуулалтын яам, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар, Хот байгуулалт, барилгын зураг төслийн институтээс хамтран зохион байгуулсан хэлэлцүүлэгт аймгийн төвүүдийг орон сууцжуулахад барих бодлого, хот байгуулалтын бодлого хэрэгжүүлэх арга зам, чиглэлээ танилцуулсан. Хүн амын нутагшил суурьшлын схем шинээр бий болгох шаардлага манайд бий болсон. Хүн амын төвлөрөл Улаанбаатарт төлөвлөлтөөсөө даваад байна. Бидэнд нутаг дэвсгэрийн тэнцвэртэй төлөвлөлт хэрэгтэй. Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрт аймаг бүрт 1000 айлын орон сууц барихаар төлөвлөсөн бөгөөд орон сууц барихын тулд инженерийн шугам сүлжээнд үнэлэлт өгөх, хэсэгчилсэн төлөвлөлт хийхийн хамт ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх, энэ чиглэлээр ажиллахаар яамнаас хоёр ажлын хэсэг зүүн болон говийн аймгуудад үргэлжлүүлэн ажиллаж байгаа онцоллоо.
Ц.Баярсайхан “Засгийн газраас Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр баталсаны дагуу 2015 он гэхэд Монгол Улс цементээ дотооддоо бүрэн үйлдвэрлэдэг болох том зорилт тавьсан. Улмаар арматурын импортыг ч зогсоох боломжтой. Аймаг бүрт бетон зуурмаг, асфальтийн үйлдвэр байгуулна. Хот байгуулалт, төлөвлөлтийн асуудлаар аймгуудаас мэдээлэл сонсч, Баруун-Урт хотын ерөнхий төлөвлөгөө, барилгажилт, инженерийн шугам сүлжээг үзэж сонирхох нь та бүхэнд туршлага хуваалцах боломж байх болно. Баруун-Урт хотод хийгдэж эхэлсэн ололттой ажлуудыг харж, амьдралаас тасархай цаасан дээр зурдаг хот төлөвлөлтөөс салах цаг болсон” гэлээ.
Үүний дараа Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурийн аймагтаа сүүлийн дөрвөн жилд хийгдсэн хөрөнгө оруулалт нэмэгдэж байгааг онцолсон. Ж.Батсуурь “Нийт 49,8 тэрбум төгрөгийн ажил хийсэн. Ганцхан жишээ 11 жилд нэг км зам тавигдаж байсан бол 2009-2012 оны хооронд аймгийн төв дотроо 25 км зам тавьжээ. Хот төлөвлөлтийг хийхдээ авто зам барих трассын зам дээрхи айлуудыг нүүлгэжээ. Баруун-Урт таван тойрог бүхий хот болно. 200 гаруй айл өнгөрсөн дөрвөн жилд хашаа, тэр ч байтугай хоёр давхар байшингаа чөлөөлж өгсөн байна. Ирэх жилүүдэд 23 га хамарсан орон сууцны хорооллын ажлыг эхлүүлнэ. Хотоо хот шиг хот байлгахын тулд малтай иргэдээ Баруун-уртаас 5 км-ийн цаана нүүлгэнэ гэв. Орон сууц барих ажил энэ аймагт эхэлсэн байна. Канад модон хауснаас гадна бага дунд орлоготой иргэдэд зориулсан нэг давхар байшингууд баригдсан” талаар танилцуулсан.
Тус аймагт Атмор ХХК инженерийн шугам сүлжээг гэр хороололд нь тавьж байгаа аж. Softline технологи жишиг хорооллын инженерийн шугам сүлжээг хэрхэн хийж байгааг хэлэлцүүлэгт оролцогчид очиж үзсэн юм. Бохир, цэвэр ус, дулаан хангамжийн шугам хоолойг хялбар, хурдан, хямд хийх орчин үеийн шинэ технологийн нэг нь Softline юм байна. Онцлог нь бохир, цэвэр ус, дулааны үндсэн шугам хоолойн гадуур хуванцар хамгаалалтын хоолой давхар угсардагаараа онцлогтой юм байна. Уян хоолой нь хөлддөггүй, автомашин дээгүүр нь гарахад хагардаггүй, угсралтын зардал хямд гээд олон давуу талтай болохыг танилцуулав. Инженерийн шугам сүлжээ гэрт нь орсон айлууд тохилог, тухтай амьдардаг гэдгээ хэллээ.
2013 онд Дорнод, Хэнтий, Завхан, Баянхонгор аймгуудад хэсэгчилсэн төлөвлөлт, Увс, Баян-Өлгийд ерөнхий төлөвлөлт хийгдэх аж. Аймаг орон нутагт 1-2 давхар амины орон сууцыг хямд төсөр барихыг улсаас дэмжиж, Сүхбаатар аймаг энэ тал дээр жишиг болж өгч байна гэж Барилга, хот байгуулалтын сайд уулзалтын төгсгөлд онцолжээ.