Эмнэлгийн дарга нарыг удахгүй батална

Хуучирсан мэдээ: 2013.02.21-нд нийтлэгдсэн

Эмнэлгийн дарга нарыг удахгүй батална

Эрүүл мэндийн сайдын тушаалаар Эрүүл мэндийн яамны харьяа  төв эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн захирлуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түр орлон гүйцэтгэгч нарыг томилоод байгаа билээ.

ЭМЯ-ны харьяа эмнэлгүүд болон эмч нарын хариуцлагагүй байдлаас болж бага насны хүүхэд болон нярай эндсэн тохиолдол шинэ оны босгон дээр гарсан. Эмч, эмнэлгийн ажилчдыг хариуцлагагүй байдлаас болж үүдсэн энэ мэт асуудлаас шалтгаалж эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийх хэрэгтэй гэж үзэн, салбарын сайд нь бүсийн оношлогооны төвүүдийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Үүний дараа эмнэлгийн дарга нарын сонгон шалгаруулалтыг зарлаад байсан бол энэ хугацаа нэгдүгээр сарын 29-нд дуусч, шалгаруулалтад оролцох хүмүүсийн материалыг авч дууссан байна. Эдгээр хүмүүсийн нэрсийг Төрийн албаны  зөвлөл /ТАЗ/-д хүргүүлсэн байгаа бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс саналаа Эрүүл мэндийн яаманд эргэн мэдэгдэх ёстой ажээ. Гэхдээ Төрийн албаны зөвлөлөөс яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилоогүй учраас энэ асуудал түр хойшлоод байгаа юм байна.

Энэ талаар Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаагаас тодруулахад “Нэгдүгээр сарын 29-нд сонгон шалгаруулалтад оролцох хүмүүсийн материалыг авсан. Материалуудыг Төрийн албан зөвлөлд хүргүүлсэн. ТАЗ шийдвэрээ гаргаж, саналаа яаманд ирүүлсний дараа эмнэлгийн дарга нарыг томилно. Одоогоор тодорхойгүй байна” гэлээ.  Одоогоор дараах эмнэлгүүд түр орлон гүйцэтгэгчтэйгээр ажлаа явуулж байна.


Сонгон шалгаруулалтаар дараах эмнэлгүүдийн удирдлагуудыг шалгаруулна.

  1. Улсын нэгдүгээр төв эмнэлэг
  2. Улсын хоёрдугаар төв эмнэлэг 
  3. Улсын гуравдугаар төв эмнэлэг 
  4. Халдварт өвчин судлалын үндэсний төв 
  5. Гэмтэл согог судлалын үндэсний төв 
  6. Хавдар судлалын үндэсний төв 
  7. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв 
  8. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв 
  9. Арьсны өвчин судлалын үндэсний төв 
  10. Зоонозын өвчин судлалын үндэсний төв 
  11. Геронтологийн үндэсний төв 
  12. Цус сэлбэлт судлалын үндэсний төв 
  13. Эмгэг судлалын үндэсний төв 
  14. Хүүхдийн төв сувилал 
  15. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв
Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж