
-Тун саяхан хэвлэлүүдээр “Тэнгис” кино театрыг анх байгуулсантай холбоотой хувьчлалын тухай маргаантай мэдээллүүд гарсан. Үүнтэй холбоотой тодорхой мэдээллийг хүргэнэ үү?
-2003 онд хуучнаар Ялалт кино театр үндсэн зориулалтаараа үйл ажиллагаа явуулах боломжгүй нилээд хүнд байдалд орсон байсан. Тухайн үед“Вейрич Ресорс Азиа” компани Улаанбаатар хоттой хамтран хууль, журмын дагуу хөрөнгө оруулалт хийж “Тэнгис” кино театр буюу “Улаанбаатар Синема” ХХКомпанийгүүсгэн байгуулсан. Улаанбаатар хотын зүгээс барилгаараа хөрөнгө оруулалт хийсэн. Харин “Вейрич Ресорс Азиа” компани хөрөнгө оруулалт хийж Тэнгис кино театрыг иж бүрэн засварлаж, олон улсын стандартад нийцсэн орчин үеийн тоног төхөөрөмжийг нь оруулж ирэн анх “Тэнгис” кино театрыг байгуулсан. Иймээс энэ бол хувьчлал биш хамтрсан хөрөнгө оруулалттай компани байгуулсан асуудал юм. Зөвхөн байшин, тоног төхөөрөмжөөр асуудлыг ойлгож болохгүй. Зөв менежмент, олон улсын хэмжээнд мөрдөгддөг зохиогчийн эрхийн дагуу зөвшөөрөлтэй кино нийлүүлэх, үйлчилгээний соёл, шинэ технологи гээд олон ноу хауг нэвтрүүлж чадсан нь өнөөгийн бизнесийн бас нэг үнэ цэнийг бий болгосон юм.
Орчин үеийн технологитой шинэ кино театр байгуулах зорилтоо хэрэгжүүлэх үүднээс олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсний дүнд өнөөдөр бид жилд 800 мянган иргэнд соёл урлагийн үйлчилгээ үзүүлэн, нийслэлийн хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн цогц үйл ажиллагаа явуулдаг болон өргөжөөд байна.
-Нийслэлийн зүгээс барилгаар хөрөнгө оруулалт хийсэн гэлээ. Энэ хөрөнгө оруулалтын үр дүнд ямар хэмжээний хувь эзэмшдэг вэ? Ямар оролцоотой байдаг вэ?
-Нийслэл хот Тэнгис кино театрын 34 хувийг эзэмшдэг. Энэ ч утгаараа Улаанбаатар хотыгтөлөөлж гурван гишүүн Төлөөлөн Удирдах Зөвлөлд орж ажилладаг. Журмын дагуу жил бүр Төлөөлөн Удирдах Зөвлөл хуралдаж, компанийн үйл ажиллагааны талаар зөвлөлддөг. Энд нэг зүйлийг онцлон дурьдахад кино театрын бизнес өөрөө анхны хөрөнгө оруулалтаа удаан хугацаанд нөхдөг бизнес юм. Тиймээс саяхныг хүртэл хөрөнгө оруулагч талуудад ногдол ашиг хуваарилах боломжгүй байсан. Харин одоо ногдол ашгийг хууль журмын дагуу олгож эхлэсэн бөгөөд нийслэлийн зүгээс хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг авч эхэлсэн гэж ойлгож болно.
-“Скайтел” групп “Тэнгис”-т хэзээнээс хөрөнгө оруулж эхэлсэн бэ?Хөрөнгө оруулсан гэж ойлгож болох уу? Эсвэл үнэхээр хэвлэлүүдээр бичиж буй шиг “Тэнгис”-ийг “Скайтел” групп үнэгүй авчихсан юм уу?
– Үнэгүй авсан, бэлгэнд авсан гэдэг асуудал бол үндэслэлгүй мэдээлэл байна. Дээр хэлсэнчлэн Солонгосын “Вейрич Ресорс Азиа” компани анххөрөнгө оруулалт хийж нийслэлтэй хамтарсан компани байгуулж 66 хувийн эзэмших болсон. Уг компани нь олон өөр чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байсантул “Вейрич Ресорс Монголиа” гэж өөрийн охин компанийг Монголд байгуулан манай улс дахь киноны бизнестээтөвлөрч ажиллах болсон. Улмаар тэрхүү охин компанийг нь “Скайтел” групп худалдан авч үндэсний компани болсон.
-Кино үзвэрийн мөнгөнөөс хэт өндөр хувь авдаг гэсэн шүүмжлэл гараад байсан. Энэ тухайд?
-Ер нь маш их хөрөнгө оруулалт хийж байж кино театрыг байгуулдаг. Нөгөөтэйгүүр урсгал зардал өндөртэй бизнес. Дээр нь олон хүн цалинжуулж ажиллуулж байна. Кино театрын авах хувь хэмжээний хувьд бол олон улсын жишиг харьцаа явж байгаа. Жишээ нь “Варнер Брос” компаний хувьд гэхэд киногоо хийгээд сүлжээ кино театруудад хүргэж, орлогоо хувааж түүнээсээ зардлаа санхүүжүүлэх замаар ажилладаг. Гадны орнуудад үзэгчдийн тоо олон, олон тооны дэлгэцтэй байдаг учраас орон, орноосоо хамаараад янз бүр байх тохиолдол байдаг. Ерөнхийдөө олон улсын стандарт жишгээр 20 мянган хүн тутамд 1 дэлгэц байх ёстой гэж үзвэл 60 гаруй дэлгэц байснаар Улаанбаатар хотын киноны хэрэгцээг хангах болж байна. Гэтэл манайд одоогоор олон улсын стандарт хангасан 11 дэлгэц л үйл ажиллагаагаа явуулж байгаа. Яагаад гэвэл кино театрууд ашигтай ажиллах нь хүндрэлтэй байдаг. Кино үнэхээр өндөр ашигтай байсан бол шинэ барилга бүхэнд л дэлгэц нээгдэнэ шүү дээ. Ихэнх компани барилга байшин бариад түүнийг оффис, орон сууц болгоод зарсан нь ашигтай гэж үздэг. Нөгөөтэйгүүр хуучны кино театрууд маань ч үндсэн чиглэлээрээ үйл ажиллагаагаа явуулж байх байсан болов уу. Дийлэнх ньөөр чиглэлээр түрээсийн байр болоод явж байна. Тиймээс ч дэлгэцийн тоо цөөн байгаа ч энэ чиглэлийн бизнес рүү хөрөнгө оруулалт хийх нь бага хэвээрээ л байна. Гаргаж буй киноноос авах хувийн тухайд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас үндэслэл тоцоог нь шалгаж, кино бүтээгчидтэйгээ зөвшилцсний үр дүнд бид хувийг тогтоосон. Ер нь бол кино үзүүлэх үеийн гарч буй бүх зардлыг театр хариуцдаг.
-Хэдийгээр урт хугацаанд ашгаа өгдөг, хөрөнгө түгждэг бизнес ч гэлээ гэгээлэг бизнес байх гэж боддог шүү.
-Тэгэлгүй яахав. Монголын кино урлаг үндсэндээ нэг хэсэг зогсонги байдалд ороод байсан нь үнэн. Кино бүтээгчид телевизэд л зориулж кино хийдэг байсан. Тэгээд түүнийгээ видео кассетаар, зориулалтын бус дэлгэцээр, сандал суудал нь тухгүй орчинд үзүүлж байсан цаг бий. Харин тэр үеийг шинэ шатанд аваачихын тулд зоригтой хөрөнгө оруулалт хийсний үр дүнд нийслэлчүүд бид орчин үеийн олон улсын түвшинд хүрсэн танхимд, тав тухтай орчинд, дуу дүрсний өндөр чанартай сайн киног хүссэн цагтаа үзэхболомжтой болсон. Сая гаруй хүн амтай хот орчин үеийн технологи бүхий кино театргүй байна гэдэг байж болшгүй зүйл л дээ. Нөгөөтэйгүүр “Тэнгис” байгуулагдсанаар кино уран бүтээлчдийг урмыг бадрааж, ирийг нь хурцалж өгсөн гэж ойлгож байгаа. Олон ч уран бүтээлчид манай дэлгэцээр ард иргэдэд өөрсдийн уран бүтээлээ хүргэсэн. Тухайн үед үзэгчид, ялангуяа залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар хомс байхад, хотын соёлын бас нэг шинэ давалгаа, түүчээ болж “Тэнгис” кино театр гарч ирсэн. Үүнтэй хэн ч маргахгүй байх.