“МИАТ”-ынхан онгоцоо “алджээ”

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

“МИАТ”-ынхан онгоцоо “алджээ”


“МИАТ”-ын өнөөдрийн хоёр ч нислэг саатаад байна. Эхний нислэг 06,00 цагт Сөүл рүү хөөрөх байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшиллоо хэмээн зорчигчид нь одоо хүртэл хүлээж байгаа юм. Өмнө нь нэг онгоцоо засч байхад далавч нь тасраад уначихсан. Энэхүү “осол”-ын буруутнуудад арга хэмжээ авах гэтэл байгаа ганц онгоцоо ангар /онгоцны граж/-т хийж цоожлоод түлхүүрийг нь аваад алга болчихсон гэсэн хүн итгэмээргүй тайлбар сонсогдов. Гэтэл энэ үнэн ажээ. Үдээс өмнө Зам тээвэр, барилга хот байгуулалтын төрийн нарийн бичгийн дарга нь очиж загнахыг нь загнаж, хуралдаад ч нэмэр гарсангүй. Аргаа барсан “МИАТ” мэдэгдэл гэсэн хүлцэл маягтай зүйл гаргажээ. /Мэдэгдлийг хавсаргав/
МИАТ ХК-ийн Техникийн газар нь А310-300 онгоцонд техникийн засвар үйлчилгээ хийж байх явцдаа технологийн ноцтой алдаа гаргаж, онгоцны далавчийг гэмтээсэнтэй холбогдуулан Засгийн газар, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Төрийн өмчийн хороо, МИАТ ХК-ийн ТУЗ-ээс Техникийн газрын холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох шийдвэр гаргасан. Гэтэл Техникийн газрын зарим хүмүүс уг шийдвэрийг албан ёсоор аваагүй атал эсэргүүцэж, тавдугаар сарын 25-ны өдрийн 6.45 цагт Сөүлийн чиглэлд нисэх хуваарьтай байсан Боинг 737-800 онгоцыг нислэгт гаргалгүйгээр саатууллаа. Өөрөөр хэлбэл Техникийн газрын инженер-техникийн ажилтнууд онгоцыг “барьцаалж”, хууль бусаар нислэг саатуулж байна.

Үүнтэй холбогдуулан ЗТБХБЯ, ТӨХ, ИНЕГ, МИАТ ХК-ийн удирдлагууд тодорхой шийдэлд хүрэхээр тэдэнтэй уулзсан боловч үр дүнд хүрээгүй тул өнөөдрөөс эхлэн Техникийн газрын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоож байна. Энэ шалтгаанаар МИАТ компанийн олон улсын нислэгүүд мөн саатахаас аргагүй байдалд хүрлээ.

Техникийн газрынхан өмнө нь удаа дараа ийм байдлаар онгоцыг нислэгт гаргалгүй саатуулж байсан бөгөөд МИАТ ХК-ийн удирдлага тавьсан асуудлыг нь аль болох нааштай шийдвэрлэж байсан болно.

Бид зорчигчдынхоо эрх ашгийг хүндэтгэн үзэж, саатлын үед ажиллах дүрэм журмаа баримтлан ажиллах болно. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан бид зорчигчдоосоо хүлцэл өчиж байна” гэсэн байх юм.

Уг нь хоёрхон онгоцныхоо нэгийг засч байхдаа “сөнөөчихсөн“ хариуцсан ерөнхий менежер Ё.Энхтөрд арга хэмжээ авахаар тушаал гарсан юм байна. Гэтэл мөнөөх Ерөнхий инженер нь түлхүүрээ аваад алга болчихсон аж. Одоо “МИАТ”-ынхан хэрхэхээ мэдэхгүй амаа ангайгаад сууж байна. Яг энэ өдөр нь Монгол Улсад нисэх хүчин байгуулагдсаны 85 жилийн ой гэж байгаа юм. Энэ тохиолдол бараг онгоцны нислэг саатсан шалтгааны дэлхийн хамгийн онигоотой тохиолдлоор шалгарах байх аа.
           
А.АНУ

http://www.news.mn/content/13475.shtml

http://www.news.mn/content/13489.shtml
                                                               

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж