Буудлага спортын “Снайпер” клуб үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн нэрэмжит “FINAL TROPHY” тэмцээн “Техник спортын төв”-д хоёдугаар сарын 18-20-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Тэмцээн oлон улсын буудлагын холбооны шинэчилсэн дүрмээр явагдсан бөгөөд тус тэмцээнд 100 гаруй мэргэн буучид оролцлоо. Сонирхуулахад тус тэмцээний ангилал бүрд нэг аварга төрж байгаагаараа онцлог аж. Тэмцээн таван төрөлд явагдсанаар хийн урт бууны 4 болон 6 дасгал, гар бууны болон гурван байдлаас буудах дасгалууд холимог болж явагджээ.
Хийн урт бууны 4 болон 6 дасгалын хамтатган хийсэн бөгөөд энэ дасгалд спортын мастер С.Үүрийнтуяа 207.3 оноогоор түрүүлжээ. Мөн удаах холимог ангилалын хийн гар бууны дасгалд ОУХМ Э.Даваахүү, 25 метрийн гурван байрлалаас буудах дасгалд ОУХМ О.Янжинлхам нар түрүүллээ. Харин эмэгтэйчүүдийн спорт гар бууны 25 метрт ОУХМ Т.Баярцэцэг 7 баллаар, эрэгтэйчүүдийн сонгомол гар бууны 50 метрт Б.Сайннасан 169 оноогоор тэргүүлсэн байна.
Буудлага спортын дараагийн тэмцээн ирэх долоо хоногт Макс группийн нэрэмжит уламжлалт тэмцээнээр үргэлжлэн явагдана.
Ч.БОЛ