Дэлхийн хэвлэлүүд Оюутолгойн асуудлыг онцолжээ

Хуучирсан мэдээ: 2013.02.20-нд нийтлэгдсэн

Дэлхийн хэвлэлүүд Оюутолгойн асуудлыг онцолжээ

Оюутолгойн ордын асуудал монголчууд төдийгүй дэлхийн хэвлэлийнхний анхаарлыг татаж байна. Сар шинийн өмнө Монголын төрийн хөндсөн асуудал, хөрөнгө оруулагчдын хурлын талаарх мэдээллийг олон улсын томоохон хэвлэлийн байгууллагууд онцолжээ.

Оюутолгойн гэрээний эргэн тойрон дахь асуудал, Монголын зүгээс Оюутолгой дахь хувь оролцоогоо нэмэх, хөрөнгө оруулалтын хэмжээ яагаад нэмэгдэж, Монголын талын хүртэх ашиг, орлого яагаад буураад байгаа зэрэг асуудлуудад тайлбар авахыг хүссэн тухай, мөн Оюутолгой ямар хариу тайлбар хийсэн тухай мэдээллийг Ройтерс, Блүүмбэрг зэрэг мэдээллийн томоохон агентлагууд, The Wall Street Journal-д онцолсон байна.Блүүмбэрг хувь нийлүүлэгчдийн хурлын дараа “Рио Тинто”-гийн хувьцааны ханш Сиднейн арилжаагаар 0.8 хувиар өссөн тухай тэмдэглэсэн бол The Wall Street Journal Монгол Улс Рио Тинтогийн нэмэлт хөрөнгө оруулалтаас татгалзлаа хэмээн онцолжээ.

Тодруулбал, Оюутолгой төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд шаардлагатай байгаа зургаан тэрбум ам.долларыг хөрөнгө оруулагч “Рио Тинто” групп олон улсын томоохон банкуудаас зээлэхээр хөөцөлдөж байгаа аж. Гэвч Монголын тал уг хөрөнгө оруулалтаас татгалзсан гэнэ. “Монгол Улсын Засгийн газар Оюутолгой дахь хоёр дахь шатны хөрөнгө оруулалтыг хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр гарахаас өмнө ямар нэгэн байдлаар дэмжихгүй” гэж Засгийн газрын албаны эх сурвалж хэлсэн байна” гэжээ. Хэрвээ төслийн эргэн тойронд байгаа асуудлууд шийдэгдвэл Засгийн газар нэмэлт хөрөнгө оруулалтыг дэмжиж магадгүй гэж нэмж хэлсэн байна хэмээн мөн бичсэн байна.

Түүнчлэн Монголын Засгийн газрын хийж буй үйлдэл нь “Рио Тинто” болон зээлдүүлэгчдийн хоорондын харилцаанд хүндрэл учруулж байгаа гэнэ. Ямартай ч “Рио Тинто”-гийн зүгээс төслийн санхүүжилтийн асуудлыг эхний улиралд багтаан шийднэ гэж найдаж буйгаа мэдэгдсэн. Энэ хүрээнд тус компани Европын Сэргээн босголт, хөгжлийн банк болон Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпораци зэрэг байгууллагуудаас зээл авахаар хөөцөлдөж байгаа юм хэмээн бичжээ.

Эх сурвалж: www.wikimon.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж