Японы жүжигчин, энх тайвны зүтгэлтэн гэгддэг Йоко Оно энэ сарын 18-нд Берлинд 80 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэжээ. Тэрээр дэлхий даяар алдарт “Beatles” хамтлагийн Жон Ленноны эхнэр гэдгээр олон танигдсан юм. Түүний төрсөн өдрийн үдэшлэгт хайрт хүү Сеан Оно Леннон болон ойр дотны найзууд нь хүрэлцэн ирсэн байна.
Үдэшлэгийн үеэр Сеан аавынхаа 1970 онд гаргаж байсан алдарт “Plastic Ono Band” цомгийн дуунуудыг дуулж, ээждээ бэлэг барьсан бөгөөд энэ үеэр мөн түүний Twitter-т олон мянган жиргэгчид төрсөн өдрийн мэндчилгээгээр жиргэжээ. Жүжигчин, хөгжмийн зохиолч, загвар зохион бүтээгч Йоко 1933 онд Токио хотод төрж, 1940 онд түүний гэр бүл Нью-Йорк хотод шилжин ирсэн байна. Тэрээр Жон Ленноноос өмнө Америкийн жааз хөгжимчин, кино продюссор Энтони Кокстой гэрлэж байсан ч хосууд удалгүй гэрлэлтээ албан ёсоор цуцлуулж 1969 онд Жон Леннонтой гэрлэжээ.
Э.АНХТУЯА