Үгүйлэн санахын романс

Хуучирсан мэдээ: 2013.02.20-нд нийтлэгдсэн

Үгүйлэн санахын романс

Урлагийн салбарт төрсөн шилдэг бүтээлийг туурвисан эзэд, төрсөн түүхтэй нь танилцуулж байх “Шилдэг бүтээл” булан нээж байгаа юм. Анхных нь сар шинийн өмнөхөн болж өнгөрсөн “Морин хуур” наадамд түрүүлснээс дутуугүй амжилт үзүүлсэн хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнц, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн нарын бүтээл “Үгүйлэн санахын романс” хэмээх дуу. Энэ нь хөгжмийнхний хэлдгээр мэргэжлийн дуу буюу романс юм. Наадамд гуравдугаарт байрт шалгарсан уг бүтээл хэрхэн төрсөн талаар хөгжмийн зохиолчоос тодрууллаа.

Тэгэхэд тэрбээр:

-Би ердөө л хоёр дуутай. Хоёулангийх нь үгийг Лхагвасүрэн ах бичсэн. Эхнийх нь цэрэг эх орны сэдэвтэй марш. Дууны төрлөөр бичдэг болъё гэж бодсоноор анхлан хийсэн бүтээл маань юм. “Үгүйлэн санахын романс” их хурдан төрсөн мэт боловч сэтгэлд минь удаан дуншсан дуу. Миний аав Ё.Хишигтогтох гэж янз бүрийн мэргэжилтэй, авьяастай, гарын уртай сайхан хүн байсан юм. Намайг Санктпетербургт сурч байхад өөд болсон. Аавыг бурхан болоход манайхан надаас тас нуусан байлаа. Аав ч гэсэн биеэ муудахаар “Муу юм болбол тэр холоос оюутан хүүхэд дуудах хэрэггүй. Сургуульдаа явж байг” гэсэн юм билээ л дээ. Тэр захиас ёсоор нь ажил явдал болоход манайхан надад хэлээгүй, сүүлд дуулгасан. Тэр цагаас хойш надаас битүү харуусал ерөөсөө салаагүй. Үргэлж л аавыгаа бодоод яваад байдаг. Гэтэл өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гэнэт нэг өдөр аятайхан ая сэтгэлд эгшиглээд ирлээ. Тэмдэглэж аваад тоглотол аавын тухай боломжийн дуу гармаар ч юм шиг. Тэгэхээр нь ахдаа сонсголоо. Ах маань хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл л дээ. Сонсмогцоо “Дажгүй юм байна. Хоёулаа хамтарч аавдаа зориулж дуун суварга босгох уу. Ах нь шүлгийг нь бичье” гэж байна. Тэгэхээр нь зөвшөөрлөө. Түүнээс хойш арав, бүр хорь хоног өнгөрлөө, үг байдаггүй. Хааяа сануулахад инээгээд “За” гээд л байдаг байлаа. Нэг өдөр “Ах нь бодоод л яваад байна, удахгүй за юу” гэсэн. Тэгснээ дараахан нь ажлын өрөөнд орж ирснээ “Ах нь барахгүй нь ээ, яах вэ. Миний аав сайн, сайхан хүн байсан шүү” гэсэн бодлоос өөр ямар ч үг орж ирэхгүй юм. Чадахгүй юм байна” гэлээ. Уг нь би дотроо ая нь бэлэн байгаа юм чинь үгтэй болчихвол дуу болгоод “Морин хуур” наадамд сойё гэж бодож байсан юм. Гэтэл төлөвлөгөө нурлаа. Тэгэхээр нь яах вэ гэж бодож байснаа гэнэт дахиад Лхагвасүрэн ах руу явъя, үг бичиж өг гэж хэлье гэж шийдлээ. Гэрт нь очлоо. Ах зөвшөөрөхөөр барахгүй, хөгжмийг нь сонслоо. Тамхиа татаад хэсэг суулаа. Хөгшинтэй нь энэ тэрийг ярих зуураа харахад цаас үзэг нийлүүлж сууна. Тэгснээ ердөө удаагүй, хорин минут болсон уу, үгүй юу дууны  үг бичиж дуусаад “Хар даа” гэдэг байгаа. Ийм хурдан биччихлээ гэж үү гэж бодоод үзтэл шүлгийн мөрүүд аяндаа уншигдаж байлаа. Ингэж нүцгэн ая маань үгтэй болсон юм. Дуу болгохын тулд дуулуулах хэрэгтэй. Найз руугаа утасдлаа.  ДБЭТ-ын гоцлол дуучин Ч.Энхтайван бид хоёр 2009 онд Санктпетрбургт мань хүнийг дуурийн дуу дуулаачдын олон улсын уралдаанд орох үед танилцаж, дотнын нөхөд болсон юм. Манай хүн Эрмитажийн зааланд хоёрдугаар шатанд дуулж шалгараад “Марийнский” театрт симфони найрал хөгжимтэй дуулж өрсөлдөж байлаа. Би бахархаад л, мундаг дуучин болох юм байна даа гэж бодож байсан юм. За тэгээд найздаа хэлтэл “Тэгье, чиний бүтээлийг дуулалгүй яах вэ” гэсэн. Ингэж “Морин хуур” наадамд дуугаа анх удаа оруулж үзсэн маань энэ. Гуравдугаар байр эзэлсэн. Анхны оролдлого гэхэд өндөр амжилт гэж хүлээж авсан. Наддаа бол түрүүлснээс ялгаагүй. Дөнгөж төгсч ирсэн даруйдаа хөгжмийн том хэлбэрийн бүтээл л бичиж байна, дуу зэргээр оролдохгүй гэж бодож байсан удаатай. Гэтэл андуурч байснаа ойлгосон. Дуу нь хөгжмийн урлагийн хамгийн бага хэлбэрийн бүтээлч гэсэн тухайн хөгжмийн зохиолчийг чухам хэн бэ гэдгийг тодорхойлж байдаг товч тодорхой хэлбэр юм байна. “Морин хуур”-ын амжилт надад их урам өгсөн. Түүнээс хойш хоёр ч дуу бичээд дуучдад өгчихсөн. Хэнд ямар дуу өгснөө дараа хэлье хэмээн ярьсан юм.
Ийнхүү ард түмний дунд мөнхөд дуулагдах нэгэн сайхан бүтээл төрөв бололтой. Ардын уран зохиолчийг Лхагвасүрэн ах хэмээн дотночлоод байгаа нь учиртай. Хөгжмийн зохиолчийн аав Ё.Хишигтогтох, яруу найрагч Б.Лхагвасүрэн нар багын найзууд бөгөөд 1990-ээд оноос илүү ойр дотно нөхөрлөж, уран бүтээлийн санаа оноо солилцож, бие биенийхээрээ орж, гарч, зовлон жаргалаа хуваалцаж явсан нөхдүүд юм байна. Тийм ч болохоор ардын уран зохиолч үүрд одсон нөхрөө бодохоор сэтгэлийн шарх нь сэдэрч хүүгийнх нь босгохоор зорьсон дуун суварга ямаршуу яс модтой байх вэ гэдгийг хэн гуайгаар ч хэлүүлэлтгүй мэдэж байсан байх нь.

Хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнцөд ХБК-ийн захирал, гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат ““Үгүйлэн санахын романс”-аа дуулаачийн урлагийн тэнхимд бэлэглэх үү, тэгвэл сургалтын хөтөлбөрт оруулъя” гэж тоосонд залуу уран бүтээлч ихэд баярласан гэсэн. Анхны романсыг минь хүмүүс тааллаа. Бас баритон, баритон, сопрано хоолойн алинд нь ч тохируулаад бичээд өгнө өө. Магадгүй энэ дуу маань хэдэн жилийн дараа нэрт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Аав ээж хоёр минь” дуу шиг үе үеийнхий шүтээн дуу болох ч юм билүү хэмээн сэтгэлийн гүнээс догдолсноо энэ удаа нууж чадаагүй юм.  

Р.ОЮУНЖАРГАЛ

Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж