&#34Төмөр сүрэг&#34-ээ төрийн ивээлд авбал яасан юм

Хуучирсан мэдээ: 2013.02.20-нд нийтлэгдсэн

&#34Төмөр сүрэг&#34-ээ төрийн ивээлд авбал яасан юм

“Тэнүүн говь андашгүй

Тэмээний мөр дүүрэн” гээд Төрийн шагналт зохиолч Д.Нямаа шүлэглэсэн нь буй. Говь үнэхээр тэмээний орон. Тэмээг амьд үлэг гүрвэл, тэнгэрийн амьтан, эсвэл элсэн говийн хөлөг онгоц гэхчлэн жаахан уянгын халилтайгаар нэрлэдэг ч үнэн хийгээд бодит байдлаас нэг их хазайдаггүй. Би говийн хүн. Тэмээний нуруун дээр өөжинд бөмбөрч явсан говийн хүүхдүүдийн нэг. Тиймээс тэмээ хэмээх энэ амар амгалангийн элч гэмээр сайхан амьтан хүүхэд насны минь дурсамжин дунд дурайж байдаг. Нас өгсөж, нутаг холдсон ч тэмээгээ мартаагүй, сайн, саар мэдээлэлд чих тавьж явдаг хүний нэг нь билээ.

Монгол юугаар баян малаар баян. Өнгөрсөн жилийн тоол­логоор 40.9 сая мал тоолуул­жээ. Харин таван хошуу мал дотроо хамгийн нь цөөн тоотой нь тэмээ. Нийт сал сүргийн ердөө 0.7 хувийг л эзэлж байна. Монголын нийт малчин өрхөд нэг тэмээ ногддог гэсэн сонин баримт ч байна.

Тоо толгойгоороо хагас сая ч хүрэхгүй, 2012 онд ердөө 305.8 мянган тэмээ данслагдсан байна. Гэхдээ чамлахаас чанга атгах шалтгаан бий. Юу гэвэл сүүлийн гурван жил дараалан тэмээ өссөн. Энэ бол баярлууштай хандлага. Саяхан нэг сайн мэдээ олж уншлаа.

“Монгол Алт” компани /МАК/ Өмнөговь аймгийн Гур­ван­тэс сумын малчдад ботго бойжуулсны нэмэгдэл олгож байгаа ажээ. Хоёр дэх жилдээ хэрэгжиж байгаа энэ хөтөлбөрөөр бойжуулсан ботго бүрт 10 мянган төгрөгийн урамшуулал олгож байгаа юм байна. Тус сум өнгөрсөн жил 1000 ботго бойжуулжээ. Тэмээг өсгөхөд зөвхөн малчид бус, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч компаниуд санаа тавьж байгаагийн нэг жишээ гэвэл энэ.

Цагаан сарын үеэр Баян­хонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Ц.Шинэнгийн тухай нэвтрүүлэг гарч байна. Тэдний тэмээн сүрэг энэ жил нэг мянга болжээ. Шинийн гурваны Дашням давхцсан өдөр Дорноговь аймгийн Дэл­гэ­рэх сумын нэг малчны ингэ ихэрлэжээ. Манай говийнхон ингэ ихэрлэхийг ихэд бэлэгшээ­дэг. Энэ мэт сайн мэдээ байна. Гэхдээ энэ бүхэн хоёр бөхт тэмээний ирээдүй бүхэлдээ өөдрөг байгаа гэдгийн илэр­хийлэл болж чадахгүй.

Хоёр бөхт тэмээ буюу бактерон нь эдүгээ зөвхөн Монгол, Хятад, Казакстан, Киргиз зэрэг цөөхөн оронд үлдсэн, тоо толгой нь жил дараалан буурсаар байгаа юм. Тоо толгойн хувьд 900 мянга орчим байдаг гэнэ.

Тэмээг анх гаршуулсан нутаг нь Монгол орон гэгддэг бөгөөд зэрлэг өвөг нь болох хавтгай эдүгээ ч Монголд буй. Тэмээ гэрийн амьтан болсон нь 5000 жилийн тэртэй гэнэ.

Манай улс 1954 онд 895,3 мянган тэмээ тоолуулж байсан нь одоогийн тоо толгойноос бараг гурав дахин их юм. Гуч хүрэхгүй жилийн өмнө буюу 1985 оны мал тооллогоор 559 мянган толгой тэмээтэй байжээ. Харин 20 жилийн дараа буюу 2005 онд бүр 254 мянга болж хоёр дахин буурсан байдаг. Эндээс харвал тэмээн сүргийн тоо толгой эрчимтэй буурч байгаа нь анзаарагдаж байна. 1990-ээд оны эхээр мал хувьчлагдах үед хамгийн их ширвэгдсэн мал бол тэмээ байв. Айл бүрд эмнэг догшин ганц нэг тэмээ хувьчлалаар очсон нь адуулж маллахаас өгсүүлээд хүндрэл учирсан. Тэгээд ч тэмээ урт хөлийн амьтан учраас алдаж осгохоосоо өмнө тогоо тосолж авахаа урьдал болгосон нь тэмээн сүргийн тоо толгойг өм цөм хорогдуулсан юм. Тэмээ жил өнжиж ботголдог. Өсөлт удаан байх нэг шалтгаан нь энэ. Хэрэв уламжлал талаасаа авч үзэх юм бол монголчууд эрт цагаас тэмээг хамгаалах олон аргыг бодож олсон байдаг. Тухайлбал тэмээний махыг хүнсэнд хэрэглэхээс татгалздаг байжээ. “Өндөр ямаа”-ны мах идсэн айлд бууж мордох байтугай салхин дээгүүр нь гарахаас цэрвэдэг байсан гэлцэх юм билээ. Тэмээний мах идвэл хүүхдийн уруул сэтэрхий төрдөг гэж хүртэл айлгадаг байж. Энэ бол тийм ч эртийн явдал биш, ганцхан жарны өмнө ийм л жишигтэй байсан хэмээн өвгөчүүл ярьдаг. Тэмээг хамгаалах нэг арга нь энэ байв. Хуучин цагт анги тэмээчин гэж байсан. “Төмөр сүрэг” гэж өсдөг ч үгүй, хорогддогч ч үгүй түмэн тэмээтэй сууриуд байжээ. Илүү гарснаа малчин өөрөө авдаг энэ цагийнхаар бол түрээсийн гэрээтэй малчид байсан тухай түүхэн баримт буй. Бас л нэг тоо толгойг нь хамгаалах арга.

Тэмээг өсгөх нэг арга нь түүний ашиг шимийн үнэлгээг нэмэгдүүлэх явдал гэж олон хүн ярьдаг. Тухайлбал ноос, үс, сүү сааль гэх мэт. Тэмээ манай нийт малын 0.7 хувийг эзэлдэг хэрнээ мал аж ахуйн бүтээгдэхүүний 3.7 хувийг эзэлдэг. Эндээс ашиг шимийнх нь ерөнхий дүр төрх харагдана. Тэмээ бол ачлага уналганы чухал ач холбогдолтой. Дотоо­дын тээврийн 25-30 хувийг тэмээгээр гүйцэтгэдэг төдийгүй говийн бүсийн малчин өрхийн орлогын 40 орчим хувийг тэмээнээс олдог гэсэн судалгаа байх юм билээ. Тэмээний ноос дэлхийн зах зээл дээр өндрөөр үнэлэгддэг. Зөөлөн ноолуурхаг, хөнгөн, дулаан гэхчлэн давуу талтай. Нэг тэмээнээс наанадаж 4-5,3 кг ноос авна. Ялангуяа торомны ноос чанар байдлын хувьд ноолуураас дутахгүй.

Тэмээний сүү гэж дээдсийн ундаа бий. Саалийн хугацаандаа нэг ингэ 250-300 литр сайн чанарын сүү өгдөг. Говийн зуны халуунд ингэний сүү бараг­тай бол гашилж ээдээд байдаггүй, эмчилгээний өндөр ач холбогдолтойд тооцогддог. Говь-Алтайн Бигэр, Дунд­говийн Өлзийт суманд бөөр­ний өвчтэй хүмүүст зориул­сан сувилал буй. Халуун элс, ингэ­ний сүү хавсарсан өвөр­­мөц эмчилгээгээгээр өвчнөө­сөө салсан олон хүн бий. Эмчилгээний өндөр ач холбогдолтой иймэрхүү эмчил­гээг Монголын нэг бренд болгож яагаад болохгүй гэж. Ингэвэл гадаадынхан ч бас эмчилгээ сувилгаа хийлгэхээр Монголыг зорих магадлалтай.

Түүнээс гадна дэлхийд нэн ховордож байгаа, тархац хязгаарлагдмал гэдэг утгаараа тэмээ аялал жуулчлалын чухал бүтээгдэхүүн болох ирээдүйтэй. Ялангуяа ингэ хөөслөх, тэмээний уралдаан, эмнэг сургах, буурын ороо, тэмээн хөсөг, жин тээх гэхчлэн тэмээтэй холбоотой зан үйл нь гадаадынхны сонирхлыг татах магадлал өндөртэй.

Өмнийн говиос тэмээн хөсөг баруун тийшээ Бархөл, хойшоо Алтанбулаг, урагшаа Бээжин хүртэл жин тээж, хол замын хамгийн итгэлт унаа хөсөг нь тэмээ байлаа. Сүүлийн үес тэмээн поло гэх тоглоом наадгай шинээр хөгжиж байна. Энэчлэн тэмээгээрээ ногоон мөнгө бос­гох бэлээхэн боломж бидний гарт буй.

Төр засгаас малчдыг дэмжих олон бодлого хэрэгжүүлж бай­гаа нь сайшаалтай. Одоо тэгвэл тэмээн сүргээ онцолж дэмжье. Өсч үржиж байгаа тэмээн сүргийн тоо толгой бүрд урамшуулал олговол яасан юм. Тэмээ өсгөх сонирхлыг нь ингэж дэврээж хөгжөөгөөд өгвөл тэмээ рүү хутга, олс барин дайрдаг улангасал улирч үлдэх ч юм бил үү.

П.БУЛГАН

Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж