-Өмнө нь Ятгын холбоо гэж байсан уу. Энэхүү Монголын ятгачдын холбоог хэрхэн байгуулсан бэ?
-Монголд Ятгын холбоо гэж өмнө нь байгаагүй. 2012 оны арванхоёрдугаар сарын 25-нд холбоо байгуулсан. Тэргүүн Н.Зоригтбаатар нь Монголын түүхийн музейн захирал. Тэрбээр мэргэжлийн дуучин, бүжигчин биш ч ятга хөгжим сонирхдог, өөрөө эвлэгхэн дуулдаг хүн байдаг. Тэр хүн Ятгын холбоо байгуулах санаачилга гаргасныг мэргэжлийн ятгачид дэмжиж, санаа нийлээд уг холбоог байгуулсан юм билээ.
-Ятгын чуулгаа өнгөрсөн сард байгуулсан гэсэн үү?
-Тийм ээ. Ятга хөгжимтэй дуулдаг ардын жүжигчин Д.Түмэндэмбэрэл, ардын жүжигчин П.Адарсүрэн нарын олон сайхан дуучин байсныг хүмүүс сайн мэдэх байх. Мөн залуу үеийнхнээс ч сайн дуучид олон гарч байна. Бид ятгыг хөгжүүлье, ийм зөөлөн тансаг хөгжмийн эгшгийг таслалгүйгээр хойч үе, үр удамдаа өвлүүлэн үлдээе гэж энэ чуулгаа байгуулсан.
-Ятгачдын холбооны болон чуулгын цаашдын ажлаас сонирхож болох уу?
-Ятга хөгжим эрт дээр үед хаад, ноёдын өргөөнд л эгшиглэж байсан гэдэг. Тэр үеэс хойш одоо ч хөг нь тасраагүй байгаа энэ хөгжмийг хүмүүс сонсох дуртай. Бид ятгыг улам сайн хөгжүүлж, түгээе, цаашлаад энэхүү хөгжим бол Монголын үндэсний хөгжим юм шүү гэдгийг дэлхий дахинд ойлгуулан таниулж, нотолж ЮНЕСКО-д бүртгүүлэх зорилготой. Ятга тоглодог хөгжимчин цөөхөн байна. Ятгыг хөгжим сонирхдог хүмүүс сурахад хэцүү. Тиймээс нарийн мэргэжлийн хөгжимчдийг, ятгатай дуулдаг дуучдыг олшруулах хүсэлтэй.
-Ятгын чуулга хэдэн хүний бүрэлдэхүүнтэй вэ?
-Одоо есөн ятгачинтай. Хөгжимчид маань бүгдээрээ мэргэжлийн түвшнийхөн.
-Цаашдын уран бүтээлийн чиг хандлага, өнгө аяс ямар байх вэ?
-Хүмүүс чуулгыг маань орчин үеийн этно стилиэр дагнах уу гэж их асууж байна. Бидний хувьд монгол уламжлалаараа илүү хөгжимдөнө. Ятга хэрхэн ардын хөгжимтэй хосолж хүмүүсийн сэтгэлд хүрч байсныг үзэгчдэд илүү мэдрүүлнэ. Түрүүн хэлсэн шүү дээ, хөгжимчид маань бүгдээрээ мэргэжлийнх гэж. Тиймээс ардын уламжлалт дуу, аялгуу, чадварлаг хөгжмийн зохиолчдын ятганд зориулсан бүтээл, дэлхийн сонгодог хөгжмүүдийг тоглох болно.
-“Учран золгохын ерөөл” тоглолтын бэлтгэл хэдийнэ хангагдсан уу?
-Энэ удаагийнх бол ятгын чуулгын албан ёсны нээлтийн тоглолт юм. Монголчууд есийн тоог бэлгэшээдэг шүү дээ. Тэр ч утгаараа есөн ятгатай тоглохоор болсон. Энэ тоглолтод миний шавь нараас гадна ҮДБЭЧ-ын бүжигчид, ХБК-ийн дэргэдэх цохивор хөгжмийн хамтлаг оролцох юм. Удахгүй болох тоглолтдоо олон хөгжимчин, дуучин оролцуулах бодолтой байсан ч цаг хугацаа давчдаад чадсангүй.
-Тоглолтод хуучны сайхан дуунуудаас ямар уран бүтээл дуулах вэ?
-Нийт 30 гаруй уран бүтээл дуулна. Тухайлбал, ардын жүжигчин П.Адарсүрэн агсны “Алтай Хангайн уулс”, “Ээж минь”, “Тэмээн дээрээс наран ойрхон”, “Жинчний амраг”, харин ардын жүжигчин Д.Түмэндэмбэрэл агсны “Дөрвөн уул”, “Усны тунгалаг Тамирын гол” зэрэг уран бүтээлийг дуучид ятга хөгжимтэй дуулна.
Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин