Хуучирсан мэдээ: 2013.02.20-нд нийтлэгдсэн

“Тамхи татах газар бараг байхгүй. Зөвхөн гэртээ л татах сонголт үлдэх шив”. Тамхины хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг харахад хэн бүхэнд ийм бодол төрөх вий. Тамхи эрүүл мэндэд мэдээж хортой.  Энэ талаар өгүүлсэн анагаах ухааны судалгаа баримт бүхнийг тоочоод барахгүй. Нэг жишээ дурдъя. Тамхи тэр чигээрээ химийн бодис агуулдаг гэхээр хэдэн мянган төрлийн “хор”-ыг хүн сайн дураараа уушигладаг байна. Ирэх  2025-2030 он гэхэд нэг жилд 10 сая хүн тамхины хор хөнөөлөөр нас барна гэсэн “аймаар” мэдээг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас гаргажээ. Энэ мэтчилэнгээр тамхины хор нөлөөг тоочоод баршгүй. Харин түүнтэй тэмцэх хуулийг хэрхэн биелүүлэх вэ?

Бүр энгийн бөгөөд аминчханаар хэлэхэд хууль зөрсөн хэрэгт орохгүйн туол хаана тамхи татаж болохгүй вэ гэдгийг иргэд мэдэхийг хүсч байна. Чухамдаа зөвхөн үүнийг мэдэх гэж олон нийт “Тамхины хяналтын тухай” хуульд орсон төслийн нэмэлт өөрчлөлтүүдийг сонирхож буй хүн ч бий. Мэдээж хаана татаж болохгүй вэ гэдгийг нь тунхаглан зарласан юм чинь хаана татаж болох вэ гэдэг нь бас ойлгомжтой л байх ёстой шүү дээ.

Энэ талаарх ойлголтыг цэгцлэх, ойлгомжгүй асуудлыг хэлэлцэх уулзалтыг  Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас  өнөөдөр  зохион байгуулсан. Хуулийг боловсруулсан Ажлын хэсгийнхэн ирээгүй бөгөөд хэрэгжүүлж  хянах төлөөллүүд цугласан байв.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Ч.Түмэнхүү “Тамхи татах зориулалтын бүс, цэгийг байгуулах ёстой. Засгийн газраас тусдаа боловсруулж гаргах журмаар тодорхой зааж өгөх байх. Аж ахуйн нэгж, албан газруудын ажлын байранд тамхи татахыг хуулиар хориглож буй ч тухайн газар дотоод дүрэм журамдаа өөрчлөлт оруулснаар шийдэж болно” гэж тайлбарласан. Мөн Улаанбаатар хотын ерөнхий менежер ”Хуулийн гол утга агуулгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Тамхи татахыг нь тас хориглоогүй”  гэж хэлсэн.

Тус хуульд оруулсан гол нэмэлт өөрчлөлт нь тамхи татах болон худалдахыг хориглосон газруудын тухай юм. Өмнөх хуулиар цэнгээний газруудад тамхи татаж болох, болохгүй хэсэг болгон ангилан зааж өгч байсан. Тэгвэл энэ хуулиар бүр хориглосон нь  бизнесийн эрх ашгийн зөрчилдөөн үүсэх нөхцөл болохыг үгүйсгэх аргагүй гэж үзэх хүмүүс уулзалтын үеэр цөөнгүй байв.

Хуулийн хэрэгжилтийг хянах төлөөлөл нь дүүргийн Засаг даргын орлогч, үйлдвэр үйлчилгээний хэлтэс, Нийслэлийн захирагчийн албанаас гаргасан иргэдтэй ажиллах албаны хэсгийнхэн юм. Тамхи татахыг хориглосныг сануулах хуудсыг олон нийтийн газар, албан байгууллагуудад байрлуулах бөгөөд мэдээллийн хүлээн авах ажилтны нэр, утсыг бичсэн байх аж. Мэдээлэл өгөгч гэдэг нь иргэд өөрсдөө гэнэ. Хэн нь хэнийгээ татсан гэж хэлэх үү, бас л ойлгомжгүй заалт. Тамхи татахыг мэдээж хэн ч дэмжихгүй ч хаа ч татаж болохгүй хэмээн тас хорих нь бас утгагүй биш үү? Тамхи татаж болох, болохгүй газраа эхлээд  мэдэж байж дараа нь хууль зөрчсөн эсэх нь тодорхой болно. Гэтэл одоо ч энэ талаар ямар ч ойлголт мэдээлэл алга. Тэгэхээр ямар ч байсан хуулийг шинэчилж өөрчилсөн, үүнийг дагаад үүсэх ойлгомжгүй асуудлыг Засгийн газраас гаргах журмаар зохицуулна гэж албаны хүмүүс тайлбарлаж байна.  

Э.ГАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж