судлаач гэдгээр нь андахгүй мэддэг болсон биз. Харин түүнийг мэргэжил
нэгт нөхдөд нь “Сайн багш, сайн судлаач” гэж хүндэтгэдэг юм билээ.
Антарктид нийгэмлэгийн тэргүүн, ШУТИС-ийн профессор Л.Дүгэржавыг “VIP”
булангийнхаа зочноор урьж, ярилцлаа. Тэрбээр 2003 оноос хойш Антарктид
судлалын чиглэлээр мэргэшиж, Өмнөд туйлд монголчуудыг эзэмшил газартай
болгох эхлэлийг тавиад буй юм. Л.Дүгэржав профессор саяхан Өмнөд туйлийн
0 цэгт очиж, эх орныхоо далбааг мандуулаад зогсоогүй ирээдүйд, Монголын
судалгааны бааз байрлах газрыг тодорхой болгооод ирсэн юм.
-Таныг Увс аймгийн Тэс сумын хүүхэд гэж сонссон. Бага насны дурсамжаасаа хуваалцвал?
-Манай
сонин байх болов уу? Увсын Тэс сум бол Монголдоо алдартай шүү дээ.
Аймагтаа хамгийн олон хүнтэй, малтай нь. Хамгийн хүйтэн бөгөөд халуун
цэг болдог сонирхолтой нутаг даа. 1960 оны дунд үеэр -52 хэм хүрч
хүйтэрч байсан. +50 хүрсэн тохиолдол ч бий юм билээ. Одоо 8000 хүн
амтай гэсэн. Биднийг бага байхад 10 мянга гаруй хүн амтай байлаа.
Гурван
сургуультай, сум дундын нэгдэлтэй, Сангийн аж ахуйтай том сум байсан
юм. Тэнд л бага насаа өнгөрүүлсэн дээ. Найман жилийн сургуулийг Увсын
Тэст төгсөөд Баруунтурууны 10 жилд суралцаж улмаар 10 дугаар ангиа
Улаангомд төгссөн.
-Багадаа ямар хүүхэд байв. Шинжлэх ухаан их сонирхдог байв уу?
-Сурлага
сайтай байлаа. Гэхдээ бусдаас онцгой байгаагүй. Тэгээд 10 дугаар ангиа
төгсөөд Болгарт газрын тосны өрөмдлөг, олборлолтын чиглэлээр мэргэжил
эзэмшихээр явсан. Геологийн мэргэжил бол байгальтай байнга харьцаж,
тэнүүлчин сэтгэлгээ төрүүлдэг, товчхондоо бол аялал, жуулчлалын шугамаар
ч болтугай хөдөө гадаа явж байхгүй бол болохгүй тийм л мэргэжил.
-Болгарт сургуульд явахдаа тэр үеийн жишгээр конкурс өгч байв уу?
-Тэр
үед 10 дугаар ангиа төгсөөд хуваарь амлаад, тэр чиглэлээрээ шалгалтанд
орж өрсөлдөөд л авч чадсан нь явдаг байлаа. Тэгээд шалгалтад тэнцэж
Болгар явах болсон.
-Тэнд очоод сурахад хүнд хэцүү зүйл нь юу байв. Ээж аав, нутгаасаа хол хэцүү байсан биз?
-Тухайн
үеийн социалист орнуудаас Болгар бидний хувьд ойрхон байдаг. Одоо ч
гэсэн Болгартай амьдрал маань холбоотой явна. Би бас их азтай, сайн
багш нарын дунд очсон. Бидний мэргэжил тийм ч амар биш. Нэг талдаа
геологи байгалийн ухааны, нөгөө талдаа техникийн шинжтэй. Энэ хоёрыг
хослуулж эзэмшинэ, гадаад хэл сурна гээд хөдөөний хөдсөн дээлтэй хүүхэд
Европт очиж суралцах мэдээж амаргүй байсан. Гэхдээ сайхан байсан. Хэлний
бэлтгэлдээ зургаан жил суралцаад их сургуулиа онц төгсөөд эх орондоо
ирсэн. Тэгээд 1982 онд сургуулиа төгсч ирээд одоогийн Тавантолгойн
нүүрсний ордны хайгуулын ажлыг эхэлсэн. Үүнээс хойш Цайдам нуур,
Дорнодын нефтийн хайгуул гээд олон жил ажиллаа.
-Геологич болох таны багийн мөрөөдөл байв уу. Эсвэл хэн нэгэн зөвлөв үү?
-Нөлөө
байхгүй бол болдоггүй юм билээ. Миний хамгийн том ах химийн шинжлэх
ухааны доктор Бадам гэж хүн байсан. Ах маань 1973 онд Ленинградад
баяжуулахын чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан. Тэгээд геологи, уул
уурхайн чиглэлээр мэргэжил эзэмших хэрэгтэй гээд хүчээр энэ хуваарийг
авахуулсан юм. Ах “Чи энэ сургуульд ор. Наадах чинь нефтийн чиглэлийн
сайхан мэргэжил байна. Үүнийг ав” гээд явуулсан. Тэгээд ахынхаа үгэнд
орсон.
-Геологич байхын сайхан нь юундаа байдаг бол?
-Үргэлж
шинэ зүйлтэй таардаг. Үзсэн харсан, судалсан, шинжилсэн дээж болгон
давтагдашгүй онцлогтой. Өрөмдсөн нэг цооног л гэхэд дахиж хэзээ ч
давтагддаггүй. Геологийн ажил бол хамтын бүтээл. Энэ бол бусад
мэргэжлийн хүмүүсээс багийн тоглолтод хамгийн ойрхон, үргэлж их хөрөнгө
мөнгөн дунд явдаг, хариуцлагатай ажил. Хямд зардлаар яаж илүү их
мэдээлэл авч болох вэ гэсэн сэтгэлгээ социализмын үеэс бидэнд
төлөвшсөн. Тиймээс энэ үнэхээр сайхан мэргэжил. Эрүүл агаарт явдаг
төдийгүй бие эрүүл байх үндэс тавигддаг. Өдөрт 10-20 км явган явах
шаардлага гарна. Жилийн дөрвөн улирлын гуравт нь хөдөө явна шүү дээ.
-Манайд сүүлийн үед геологи, уул уурхайн салбар хөгжиж байна. Цаашид юуг анхаарах хэрэгтэй бол?
-Би
1986 оноос хойш ШУТИС-д өрөмдлөг, газрын тосны чиглэлээр багшилж,
завсарт нь төрд алба хашсан. 1994-1996 онд Газрын тосны хэрэг эрхлэх
газрын ерөнхий инженерээр, 1996-2006 он хүртэл Геологи уул уурхайн
газрын даргаар ажиллаж байсан. Тэгж байхдаа ШУТИС-д газрын тосны
инженерийн ангийг байгуулсан. Одоо 500 гаруй шавьтай. Бид Монгол орны
1.5 сая метр хавтгай дөрвөлжин газар нутгийн дөнгөж 25 орчим хувьд нь
1:50.000 масштабын зураглал хийсэн байгаа юм. Тэгэхээр 75 орчим хувьд нь
нарийн судалгааны ажил хийгээгүй байна гэсэн үг. Түүнийг хэн хийх вэ
гэхээр төрийн бодлогоор бид өөрсдөө хийх ёстой. Монголын геологийн алба
1939 онд байгуулагдснаас хойш 70 гаруй жил хөгжиж байгаа ч бид ийм л
ажил хийсэн байна. Бидэнд хийх ажил их бий. Тэгээд ч Монголын эдийн
засагт голлох үүргийг уул уурхайн салбар эзлэх болчихлоо. Би Монгол
оронд ганцхан Тавантолгой, Оюутолгой байна гэж боддоггүй. Нэлээд олон
Оюутолгой, Тавантолгой нээгдэнэ. Үүнд бид байх ёстой. Үүний тулд хүмүүс
суралцах ёстой гэж ойлгож байгаа. Тэгвэл ядаж гэрээ маань буруу, зөв
болчихлоо гэж гаднынхантай хэрэлдэхгүй шүү дээ. Эрдэнэтээс жишээ авах
ёстой. Оюутолгой, Тавантолгой шиг энэ орд дээр монгол залуус суралцах
ёстой юм. Энд геологийн ажил их хийгдэнэ. Геологийг дагасан өрөмдлөг,
олборлолт, биофизик, гидрогеологи, геодези, уулын ашиглалт, баяжуулалт,
цахилгаан механик гээд хэрэглэгдэхгүй мэргэжил байхгүй болж эхэллээ.
Түүнчлэн Монгол орны газрын тосны хэрэгцээний хоёр дахь гарц нь нүүрс
байна. Ойрын жилүүдэд нүүрсийг боловсруулах бүрэн бололцоотой болно.
Үүнийг монгол залуус л хийнэ. Энэ чиглэлд бэлэн байх ёстой. Бидний
үндсэн дутагдал юу байна вэ гэхээр ахмад үе хэтэрхий насжаад, залуу үеээ
дутуу бэлтгэсэн учраас энэ хооронд завсар үүсээд залуус нь хөгшчүүлээ
голдог боловч тэд нарынхаа түвшинд мэдлэг мэргэжил эзэмшиж амжаагүйд
байгаа юм. Үүнийг л нөхөх хэрэгтэй.
-Таны хувьд Болгарт төгссөн дунд үеийнхний нэг үү?
-Тийм
ээ. Болгарт 600 гаруй оюутан төгсч, 70-80 хүн эрдмийн зэрэг хамгаалсан.
Болгарт Монголын хамгийн нэртэй урлаг, спортын чиглэлийн хүмүүс төгссөн
байдаг. Ардын жүжигчин Жамьянжав, Жаргалсайхан болон Уртнасан гуай мөн
манай чөлөөтийнхөн чинь бүгдээрээ 1960-аад оны эхний үеийн оюутнууд
байсан. Урлаг уул уурхай, аялал жуулчлалын чиглэлээр олон хүн төгссөн
дөө.
-Таныг Болгарт Элчин сайдаар явах гэж байгаа гэж сонссон. Хэзээ явах билээ?
-Явах бэлтгэлээ хийж байна. Тавдугаар сарын эхээр болов уу.
-Тэнд очоод ямар ажил хийхээр төлөвлөснөө сонирхуулбал?
-Энэ
хоёр улсын харилцаа эртний түүхтэй. 1950-иад оны үед Монгол Улс
дипломат харилцаа тогтоосон эхний улсуудын нэг болсон. Соёлын асуудал
яривал, бид чинь тэдний зохиосон кирилл үсгээр бичдэг. Эдийн засаг газар
нутгийн байдлаас хамаараад сүүлийн жилүүдэд эдийн засгийн харилцаа
буурсан. Гэхдээ Болгарт манай Элчин сайдын яам бий. Миний хариуцаж
байгаа орнууд гэвэл Молдав, Румын, Грек, Кипр, Македон гэх мэт Балканы
хойгийн орнууд хамаарч байгаа учраас ганцхан Болгар гэлтгүй бүс нутагтаа
хамаарах ажлууд нэлээд хийнэ. Болгар-Монголын харилцааг нэмэгдүүлэх тал
дээр Антарктид судаллын ажлыг нэлээд гол болгож үзэж байгаа. Болгар бол
Антарктидад идэвхтэй судалгаа явуулдаг 20 орны тоонд ордог. Элчин сайд
байх хугацаандаа ганцхан Дүгэржавын хувьд биш болгаруудын баазыг
дагуулаад Монголын баазыг байгуулна. Бидний түвшин ойролцоо. Соёлын
харилцааг хөгжүүлэх бодол байгаа. Геологи, уул уурхайн салбарт хамтарч
ажиллана. Түүнчлэн хүнсний аюулгүй байдал гэдэг бол нэлээд том асуудал.
Хүмүүс хоол яаж хийж идэж байгаа нь асар том соёл байдаг. Балканы
хойгийн орнуудын хүмүүсийн хоол хийх соёл дэлхийн том соёлуудын нэг. Гоё
байгальтай аялал жуулчлал хөгжсөн орон. Үүнтэй Монголыгоо аль болох
ойртуулах бодлого барина даа.
-Антарктид судлалтай хэрхэн холбогдсон бэ?
-Бас
л болгаруудтай холбогдоод л явчихна даа. Би Болгарт 2003 онд шинжлэх
ухааны докторын зэрэг хамгаалахдаа Болгарын Антрактидын экспедицийн
хүрээлэнгийн нөхдүүдтэй нэг давхарт хамт суудаг байв. Мэргэжил нэгтэй,
ойролцоо байдаг байсан болохоор тэдний ажлыг их сонирхдог байлаа. Миний
доктор хамгаалсан сэдэв бол цэвдэг хөрстэй холбоотой асуудал байсан.
Антарктид мөнхийн цэвдэг. Тиймээс хийж байсан судалгаатай тэр ажлын
чиглэл ойр байсан учраас найзууд хамтран ажиллахыг санал болгож, би ч
татгалзаагүй. Тэгээд одоо хүртэл үргэлжлүүлээд явж байна даа.
-Тэгэхээр манай улс Антарктидад баазтай болохын ач холбогдол юу байх вэ?
-Манай
геологичид чинь хавар гараад намар ирдэг. Тэгэхээр нэг майханд амьдрах,
camp-д амьдрах өөр. Майхан чирчихээд Антарктидад халтайгаад байж байвал
бас нэг өөр. Тэнд өөрийн гэсэн хүйтнээс хамгаалах байр байшин,
судалгааны ажил хийх нөхцөлийг бүрдүүлнэ гэдэг чинь хүссэн хүсээгүй хийх
ажил. Майхан үүрээд яваад байвал үр дүн нь ч гарахгүй.
-Баазыг ойролцоогоор хэдэн төгрөгөөр босгох боломжтой вэ?
-Энэ
талаар судалж үзсэн. Амундсен-Скоттын цэгээс 10 гаруй км зайд байрладаг
АНУ-ын баазыг тэрбум ам.доллараар босгожээ. Солонгос улс 2010-2011 оны
судалгааны жилд мөн тэрбум ам.доллараар хоёр бааз байгуулсан. Хятад
өнгөрсөн жил “Цагаан хэрэм” нэртэй баазаа байгуулахад мөн л тэрбум
ам.доллар зарцуулж. Болгар улс өөрийн баазаа сая доллараар босгосон.
Манай улсын хувьд хэдийгээр энэ хэмжээний мөнгөөр бааз байгуулж чадахгүй
ч 200 орчим мянган ам.доллараар босгочихно гэж бодож байгаа.
-Монголын баазыг байгуулах газрыг тогтоочихсон гэсэн. Яг хаана нь байх вэ?
-Баруун
Антрактидад Ливингстоны арал гэж бий. Тэнд Болгар, Испанийн бааз бий.
Энэ хоёр баазын завсарт манай бааз байна. Газрын хувьд ерөнхийдөө 10х20
метр орчим бул чулуун дээр барина. Түүнээс том бааз байгуулах бололцоо
байхгүй. Ямар үйл ажиллагаа явуулах вэ гэхээр хүн эхлээд тэндхийн 50
градуст амьдарна. Дараа нь судалгааны ажил явуулах нөхцөлийг бүрдүүлэх
ёстой. Хамгийн наад зах нь жирийн хүн амьдраад ямар хоол идэх, ямар
хувцас өмсөх ёстой гэдгээс эхлээд судална. Яг ойрын үед биш ч гэсэн
20-30 жилийн дараа Антарктидад хүмүүс амьдрах болно.
-Цаг агаарын хувьд ямар байдаг юм?
-Салхигүй
үедээ өвлийн дундаж температур нь -74, жилийн дундаж температур нь -54
градус. Зуны үед бол дундаж температур нь -34 орчим градус байдаг.
-Та Антарктидад очоод ямар хоол хүнс хэрэглэж байв?
-Мэдээж
эх газраас авчирсан хоол хүнсээ хэрэглэнэ. Хурдан мууддаггүй, сайн
чанарын савлагаатай, калори сайтай хүнсний бүтээгдэхүүн байх тусмаа
сайн. Судлаачдын хоолыг долоо хоног тутамд усан онгоцоор авчирдаг.
Тиймээс хоол хүнсний тал дээр санаа зовох зүйлгүй. Манай борц ч гэсэн
сайн хоол тэжээл болдог. Борцноосоо хамт явсан хүмүүсээ дайлсан шүү.
-Эрүүл хүн очих ёстой гэлүү?
-Тэнд цэвэр орчинтой, вирус гэж байхгүй. Тэгэхээр эрүүл хүн очно. Гол нь ирээдүйд очих судлаачид, хүмүүс эрүүл байх ёстой.
-Энэ олон удаа явахдаа зардал хэрхэн зохицуулж байв. Төрөөс туслалцаа үзүүлэв үү?
-Ер
нь эхний жилүүдэд өөрөө халааснаасаа мөнгө гаргаж явж байсан. Сүүлийн
хэдэн жил салбарын яам болон Байгаль хөгжүүлэх сангаас зөвхөн замын
зардал өгсөн. Нэг талдаа дор хаяж 25 мянган км явдаг. Онгоцоор, усан
онгоцоор, автобусаар явна. Зөвхөн онгоцоор явахад л 43 мянган ам.доллар
шаардлагатай. Увс руу машинаар яваад ирэхэд л зөвхөн бензиний мөнгө сая
төгрөг болдог. Тэгэхээр замын зардалд хэдийг зарцуулах нь тодорхой.
Экпедицийн зардлыг Болгарын багийн бүрэлдэхүүнд явдаг учраас Болгарынхан
төлөөд явчихдаг. Олон жил хүний хоолыг хүн бэлтгэж өгөхгүй. Өөрсдөө
гаргадаг болох хэрэгтэй. Түвшин маань арай дээшилсэн учраас төр засаг
ойлгодог болж байна. Энэ жилийн төлбөр тооцоог зээлээр аваад явсныг БШУЯ
төлнө гэж хэлсэн.
-Ер нь монголчууд Антарктидад баазтай болоход төрөөс ямар дэмжлэг хэрэгтэй бол?
-Тэнд
маш том судалгааны обьект, хязгааргүй талбар байна. Одоо бие дааж
ажиллах үе ирж байна. Энэ удаагийн аялал бол эхлэл. Дараагийн удаа бид
олуулаа явах болно. Жилийн дөрвөн улиралд тэнд хүн амьдруулна, бүх
нөхцөл бололцоог бүрдүүлнэ гэдэг амар биш. Сая энэ тивд Чили улсын
Ерөнхийлөгч очсон. Удахгүй Оросын Ерөнхийлөгч очих байх. Тэнд газар
нутгийн маргаан явагдаад эхэлж. Түүнчлэн том улс төр, гадаад харилцааны
том бодлогууд явагдаж байгаа. Тийм учраас манай төр засгаас ч гэсэн
анхаарахаас өөр аргагүй.
-Ингэж олон удаа явж байгаа нь таны сонирхол уу, эсвэл монголчуудаа гэсэн чин сэтгэлтэй холбоотой юу?
-Аль
аль нь. Энэ дэлхийн хуурай газрын 10 хувь хэний ч биш газар. Дэлхийн
цэвэр усны нөөцийн 80 хувь тэнд байна. Ирээдүйн хүн төрөлхтнийг хооллох
ундлах, эрчим хүчээр хангах эх үүсвэр тэнд байна. Тэгэхээр саран дээр
очиж юм авчрах, Ангараг гариг дээрээс ашигт малтмал зөөхөөс өмнө энэ
газрыг эзэмших хэрэгтэй. Хүссэн хүсээгүй энэ ажлыг нэг хүн хийнэ. Тэр
ажлыг нь би хийгээд явж байна. Яагаад гэвэл надад хамаагүй ойр, би
түрүүлж энд хүрсэн, ойлгосон учраас л хийж байгаа. Испани, Чили, Герман,
Орос, Хятад, Япон зэрэг орноос олон найз нөхөдтэй болсон.
-Та Төгрөг нуурын судалгаан дээр ажиллаж байсан. Судалгааны ажил одоо юу болсон бэ?
-Би
тэнд мэргэжлээ ашиглаад гүйцэтгэх захирал хийж байсан. Лиценз
эзэмшигчид нь надаар Төгрөг нуурын геологи хайгуулын ажлыг дуусгуулж,
100 орчим саяын нөөцийг нь батлуулж авсан. Мөн тэнд ашиглалтын лиценз
авч жилд хоёроос зургаан сая тонн нүүрс олборлох техник эдийн засгийн
үндэслэлийг нь боловсруулж, батлуулаад ашиглалтын лицензтэй болгоод, ус
цэвэрлэх системийг нь бий болгож өсөн. Дээр нь хүрэн нүүрсийг яаж
боловсруулах эхний туршилт үйлдвэрлэлийн баазыг байгуулж өгөөд, утаагүй
түлшийг үйлдвэрлэж, нүүрснээс нефть, хагас кокс гаргаж, хийжүүлж болдог
гэдгийг баталж өгсөн. Тэгээд л багшаа хийхээр ирсэн. Хувийн
байгууллагад ажиллаж байсан хүмүүсийг чинь нэг өдөр “За за баяртай”
гэдэг шүү дээ. Тийм л юм болсон. Миний хувьд ураны ордын хайгуулын
чиглэлээр ажил хийж байна. Нэг шавь маань Монгол орны зэсийн ордуудын
геохимийн модельчлолоор удахгүй докторын зэрэг хамгаална. Оюутолгойг
нээсэн Хатавсүрэн гэж хүн бий. Би ч ер нь мэдэхгүй юм алга, чаддаг юм
байхгүй л болж байна даа.
-Та өнөр өтгөн гэр бүлд өссөн гэлүү?
-Бид
чинь ах дүү 16-уулаа. Би айлын 10 дахь хүүхэд. Хоёр ах долоон эгч,
зургаан дүүтэй. Амьд байгаа нь 13 даа. Манай аав хэрэв амьд байсан бол
ач зээ, ачинцар гээд 400 гаруй хүмүүсээр хүрээлүүлж байх байлаа.
-Тэгэхээр тань шиг геологи, уул уурхайн чиглэлийн судалгаа хийгээд явж байгаа хүн байна уу?
-Том
ах маань химийн мэргэжилтэй хүн байсан. Тэдний хүүхдүүдийн нэг нь
нисгэгч, нөгөөх нь газрын мэргэжилтэн болсон. Миний дүүгийн нэг хүүхэд
ШУТИС-ийн Уул уурхайн сургуульд багшилж байна. Одоо Америкт доктор
хамгаалах гэж байна даа. Бас нэг дүүгийн хүүхэд Оюутолгойд маркшейдер
хийж байгаа. Мөн манайхнаас гурав, дөрвөн хүүхэд өрөмдлөг, газрын тос,
уул уурхайн чиглэлээр төгсөөд ажиллаж байна даа.
-Гэр бүлээ танилцуулбал?
-Манай
гэргийг Н.Баярт гэдэг. Насаараа ахуйн үйлчилгээний салбарт ажилласан.
Эдийн засагч хүн бий. МХЕГ-т санхүүгийн хяналтын чиглэлээр олон жил
ажилласан. Одоогоор хувийн компанид ажиллаж байна. Ах нь гурван хүүхэд,
таван ач, зээтэй. Том хүү маань архитектор, охин маань нисэхийн
маркетинг, менежментээр төгссөн, бага хүү банкны мэргэжилтэн дээ.
-Та Болгар руу хэнийгээ авч явах гэж байна даа?
-Нэг зээ хүүгээ авч явна даа. Одоо нэгдүгээр сургуульд наймдугаар ангид суралцдаг юм. Тэгээд гэр бүлийнхээ хүнийг авч явна.
Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин