МАН, МАХН эвсч магадгүй

Хуучирсан мэдээ: 2013.02.20-нд нийтлэгдсэн

МАН, МАХН эвсч магадгүй

Монголын улс төр сонирхолтой болж эхэллээ. Угшил нэгтэй МАН, МАХН гэсэн хоёр  намын нэгдэл, эсвэл эвслийн тухай яриа гол сонин болж байна.  Д.Загджав, Р.Раш нарын экс гишүүдээр удирдуулсан МАН-ын хэсэг нөхөд МАХН-тай нэгдэх гарцыг эрэлхийлж, хоёр намын удирдлагуудад хандан уриалга хүргүүлээд байна.  Өмнө нь тэд намаа шинэчлэх шаардлагыг МАН-ын дарга Ө.Энхтүвшин, Ерөнхий нарийн  бичгийн дарга Г.Занданшатар болон Удирдах зөвлөлдөө хандан хүргүүлж байсан. Намын  үзэл  баримтлал,  үйл  ажиллагаа, бодлого,  зохион байгуулалт,  шийдвэр  гаргах  түвшин дэх гишүүдийн  оролцоог  шинэчилж,  шат шатны сонгуулиудад  удаа дараа хүлээсэн  ялагдалдаа улс төрийн  дүгнэлт  хийхийг  шаардаж байсан  юм.

Угсраа болсон  улс төрийн сонгуулиуд МАН-д ээлтэй байгаагүй. УИХ-ыг  тэд алдаад  зогсохгүй хамгийн  сайн  хөлтэй гэдэг  орон  нутгийнхаа дийлэнхийг  тавиад  туучихсан.  Харин нийслэлийн  хувьд МАН  арчигдсан гэхэд болно.  Энэ  бүхний шалтгаан  нь  нам нэрээ сольсон,  хоёр  хуваагдсан,  удирдлагуудын  шийдвэр  нүдээ олоогүй, жирийн  гишүүдийн үгийг  сонсоогүйтэй холбоотой гэж тэд  үзэж байгаа аж. Үүнийг  УИХ-ын  Тамгын газрын  дарга асан Ц.Шаравдоржийн захидал  батална. Тэрбээр МАН, МАХН-ын өнөөгийн удирдлагуудад  хандан, бие биенээ хүндэтгэн,  нэгдэж нягтрахыг  уриалсан  захидлыг  илгээж байв.  Захидалд  дурдсанаар  хоёр  хуваагдсанаар МАН өрөөсөн гуталтай, МАХН өмссөн  гуталгүй хоцорч,  бусдын  идэш  болсныг  сануулсан  юм. 

Ар араасаа ирсэн  хүчтэй цохилтын “өвчин нь  намдаагүй” энэ хэвээрээ Ерөнхийлөгчийн  сонгуульд  оролцвол ойрын  хэдэн  жилдээ л  сэргэж чадахааргүй унана хэмээн МАН-ын  гишүүд үзэж байгаа бололтой.  Энэ  нь ч үнэний хувьтай.  Улстөрчийнхөө чансаагаар  нэгдүгээрт  яваа,  нам дотроо  зуун хувийн дэмжлэгтэй,  амны “фигур” сайтанхаа ачаар ард түмнээс авсан халаасны оноо олонтой  Ц.Элбэгдоржийн  эсрэг  хагаралдсан  МАН зогсч чадахгүй. Угаасаа  өнгөрсөн  сонгуулиудын үр  дүнгээс  харахад МАН, МАХН  хоёр  нийлбэр  дүнгээрээ  ялах  боломж байсан. Энэ  бүх хүчин  зүйлүүдийг  тооцож үзээд  МАН-аас  угшил нэгт  МАХН-тайгаа нэгдэе,  эсвэл  ирэх  Ерөнхийлөгчийн  сонгуульд  эвсч оръё гэдэг уриалгыг  гаргаж байгаа юм. Уриалгыг  дэмжихгүй байх  шалтгаан алга гэдгээ МАН-ын дарга Ө.Энхтүвшин  өөрийн биеэр  мэдэгдсэн.  Тэрбээр  МАН дотор  байгуулагдсан  Эв нэгдлийн  хорооны гишүүдийн  гаргасан  уриалгын  хариуд  “Хоёр намын эв нэгдлийг хангахад татгалзах шалтгаан алга. Гол нь дан ганц МАН-аас хамаарах асуудал биш учраас МАХН-ын удирдлага, мөн гишүүдтэй ярилцаж уриалгаа хүргүүлэх ёстой. МАХН-ын зүгээс хүлээн зөвшөөрвөл МАН-ын түвшинд татгалзах шалтгаан байхгүй” хэмээсэн. 

Тус хорооныхон уриалгаа МАХН-ын  дэд  дарга Д.Тэрбиш­дагвад уламжилсан.  Хариуд нь  “Хүлээж авлаа,  намаараа ярилцъя,  даргадаа уламжилъя. Энэ  бол  нэг  хүний шийдэх асуудал  биш”  гэсэн хариуг  өгчээ.  Харин  Н.Энхбаяр  дарга нь  ямархан хариу өгөх  юм бол доо.

Хоёр  нам эвсвэл МАН-ын  хувьд  Ерөнхийлөгчийн  сонгуульд  нэр  дэвшигчийнх  нь саналыг  хуваахгүй сайн  талтай.  Тус намынхан “МАХН-тай нэгддэггүй юм аа гэхэд,  Ерөнхийлөгчийн  сонгуульд  эвсч ороод, тэднийхээс  хүн дэвшихгүй бол  учиртай даа”  хэмээн  ярьж байгаа сурагтай.  Бүр  МАХН-ын  захиалгаар  өлсгөлөн  зарласан  ээжүүд, өөрсөд  дээр ирж өрийг  нь  зөөллөсөн  Ө.Энхтүвшинг Ерөнхийлөгчийн  сонгуульд нэр  дэвшвэл  дэмжихээ ч илэрхийлсэн. 

Гэхдээ Ц.Нямдорж зэрэг   хатуу байр  суурьтай зарим нэг гишүүн “Их мөрөн  шалбаагт цутгадаггүй”   гэхчлэн гашуун  нясуун  үг унагаж,  багагүй түвэг удаж байгаа гэнэ.   

МАХН уг  уриалгыг  хүлээн  зөвшөөрч,  эвсэх  эсэх  нь  эргэлзээтэй.  Нэгдүгээрт, тэд Ардчилсан намын  Засгийн газарт  “бэр” болж очсон.  Засгийг  бүрдүүлэгч субьектийнхээ хувьд  сөрөг  хүчинтэй эвсч, байдал  аягүйдвэл “өөрөө өөртөө гал  дуудсан”-аас  ялгаагүй болно гэсэн  эмзэглэл бий.  Хоёрдугаарт эцсийн  шийдвэрийг нам гэхээсээ илүү,  эмнэлэгт хоригдож байгаа Н.Энхбаяр  гаргана.  Хэдийгээр  МАХН танигдсан  улстөрчдийг удирдлагын  суудалд  тавьсан  ч, ихэнхдээ л  Н.Энхбаярын эхнэр  О.Цолмонг  харж,  шийдвэрээ гаргадаг нь үнэн.  Тус нам Засгийн газарт  орохдоо  Н.Энхбаярыг  суллах  нөхцөлийг  албан бусаар  тавьсан ч,  Н.Алтанхуягийн  кабинетад  ажиллаж байгаа МАХН-ын сайдууд  олигтой хөдөлж чадахгүй байгаа. Үүнээс  болж нам  дотроо  дарангуйлагч аятай  байдаг  О.Цолмон  хатагтай  Д.Тэрбишдагва,  Ч.Улаан,  Н.Удвал,  Г.Шийлэгдамба, У.Барс­болд нарын  архаг  улс төрч­дийг  загнаж зандран,  хөөж туусан  сурагтай.  Мөн  МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Г.Бямбасүрэн “МАН-тай хэрхэвч нэгдэхгүй” хэмээн  ярьж байгаа.
 
Гэвч Г .Бямбасүрэнгээс дээд  түвшинд,  О.Цолмонгоос тусдаа МАХН, МАН-ынхан хэд хэдэн удаа эвсэх  талаар  уулзаад амжсан.  Хэдийгээр албан ёсны уулзалт болоогүй ч дээрх хоёр намын удирдлагын түвшнийхэн уулзахдаа МАН, МАХН хоёр нэгдэх нь байж болох хувилбар гэдэг гаргалгаанд хүрсэн.

Тэгэхээр  нэг угшилтай, нийтлэг чиг баримжаатай энэ хоёр нам хамтарч байж л өнөөгийн хагарал, доройтол, хүчгүйдлээс гарах  гарц олдох магадлалтай.

Б.ЭНХЖАРГАЛ

Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж