Энэ удаагийн наадам олон онцлогтой бөгөөд төвийн болон орон нутгийн театруудын 2012 онд бүтээж үзэгчдийн хүртээл болгосон 11 жүжгийн 60 гаруй уран бүтээлч наадамд нэр дэвшин өрсөлдөж байгаа аж. Тэр ч утгаараа энэ жил “Гэгээн муза” наадмын эргэн тойронд хамгийн олон өрсөлдөгчдийн дунд “ширүүхэн” тулаан өрнөх нь ээ.
Наадам өмнө нь драмын жүжиг, дуулалт жүжиг, хүүхдийн жүжиг гэсэн гурван үндсэн төрлөөр явагддаг байсан бол энэ жил инээдмийн жүжиг, нэг хүний жүжиг хэмээх хоёр төрөл нэмэгдэн дуулалт жүжиг төрөл хасагдаж үндсэн дөрвөн төрөлд шилдгээ тодруулах юм байна.
Драмын жүжгийн төрөлд:
УДЭТ-ын бүтээл У.Шекспир “Гамлет”
УДЭТ-ын бүтээл Б.Галаарид “Эсрэг дурлал”
Архангай аймгийн ХДТ-ын “Тамын дурлал”
“ТВ Коктейль” продакшны “Хоёр ертөнцийн буудал”
Инээдмийн жүжгийн төрөлд:
Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын бүтээл “Скапений дамшиглал”
Ховд аймгийн ХДТ-ын бүтээл “Аргагүйн эрхэнд оточ”
“Дорнод нутаг” клубын бүтээл “Найрын ширээний ууц”
Хүүхдийн жүжгийн төрөлд:
Улсын хүүхэлдэйн театр “Лусын хааны охид”
Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын бүтээл “Нарыг хэн хулгайлсан бэ”
Архангай аймгийн ХДТ-ын бүтээл “Чипполтинод тохиолдсон адал явдал”
Нэг хүний жүжгийн төрөлд:
“Бурханд илгээсэн захидал”
“Би Эдип Пиаф байна”
“Цонхоор харсан хүн”
“Хоосон зүүд” жүжгүүд тус тус өрсөлдөхөөр өнөөдөр батламжаа гардан авлаа.
Ирэх гуравдугаар сарын 27-нд болох “Гэгээн муза” наадмын шагнал гардуулах ёслолд уран бүтээлчид уламжлал ёсооор хувцас загварын агентлаг, салонуудын шилдэг загвар зохион бүтээгчдийн урласан хувцсаар гоёх бөгөөд тэдний гоёлын засалт, нүүр будалтыг “Vidal” салоны хамт олон хариуцан ажиллах юм байна.
“Гэгээн муза X” наадмыг ССАЖЯ, УДЭТ, Улсын хүүхэлдэйн театр, Монголын урлагийн ажилтны холбоо, Олон Улсын театр институтын Монгол дахь төв хамтран зохион байгуулж байгаа аж.
“Гэгээн Муза X” наадамд ОХУ-аас театр судлаач, найруулагч нар хүрэлцэн ирж шүүгчдийн бүрэлдэхүүнд ажиллах бөгөөд мөн Серби, АНУ, Косово улсын уран бүтээлчид ирж өрсөлдөх нь ээ.
Мөн арван нас хүрч буй “Гэгээн муза” наадмын ойдоо зориулан үе үеийн гранпри хүртсэн уран бүтээлийн дээжсийг өнөөдрөөс эхлэн УДЭТ-ын тайзнаа толилуулах юм.
Үүнд,
- 20-нд 14,18.00 цагт Софоклийн “Эдип хаан” эмгэнэлт драмын жүжиг
- 21-нд 18.00 цагт Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” түүхэн жүжиг
- 22-нд 18.00 цагт Виктор Хюгогийн “Парисын Дарь Эхийн Сүм” сонгодог мюзыкл драмын жүжиг
- 23-нд 18.00 цагт С.Жаргалсайхан “Нууц амраг чинь болъё” орчин үеийн жүжиг
- 24-нд 18.00 цагт Ц.Балдорж “Шөнө амталсан нулимс” орчин үеийн жүжиг
- 25-нд 18.00 цагт Гэгээн Муза-д Дундговийн театрын “Гэгээн тамлан” орчин үеийн жүжиг
- 27-нд 18 цагаас Д.Равжаа “Саран хөхөө” жүжиг багтжээ. Дээрхи жүжгүүдийг УДЭТ үзэгчдэд багцын үнэ буюу 60 мянган төгрөгөөр хүргэж байгаа бөгөөд багцын тасалбар өнөөдрөөс эхлэн худалдаанд гараад байгаа юм.
Харин энэ сарын 28-нд 18.00 цагт У.Шекспир “Гамлет” эмгэнэлт драмын жүжгийг толох бөгөөд Дундговь театрын “Гэгээн тамлан” жүжиг нь нар УДЭТ-ын багцын жүжгийн үнэд ороогүй юм байна. “Гамлет” жүжгийг өмнө нь тоглож байсан үндсэн үнээрээ үзэгчдэд толилуулах нь ээ.
“Гэгээн муза” наадамд өрсөлдөж буй шилдэг 11 уран бүтээл цувралаар ирэх гуравдугаар сарын 19-25-нд шүүгчдийн бүрэлдэхүүний хамт үзэгчдийн хүртээл болох юм.