Йеменд цэргийн онгоц осолджээ

Хуучирсан мэдээ: 2013.02.20-нд нийтлэгдсэн

Йеменд цэргийн онгоц осолджээ

Йемений нийслэл Санаа хотын иргэдийн суурьшлын бүсэд өчигдөр цэргийн байлдааны онгоц осолдож, тээвэрлэж явсан нэг пуужин нь дэлбэрч, томоохон осол болжээ. Йемений Батлан хамгаалахын сайдын мэдээлснээр байлдааны онгоц Санаа хотын гурван өндөр барилгын оройг мөргөсөн бөгөөд үүний улмаас олон барилгад гал гарсан байна.  Энэхүү ослын улмаас нийт 21 гаруй хүн гэмтэж бэртэн, арван хүн амь үрэгдсэний долоо нь энгийн иргэн байсан байна. Хохирогчид бүгд газар дээрээ амь үрэгдсэн тухай “CNN” мэдээлжээ. Йемений албаныхны мэдээлснээр байлдааны онгоц сургуулилтын зорилгоор үүрэг гүйцэтгэж яваад ийнхүү осолдсон байна. Одоогоор Йемений холбогдох албаныхан ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд онгоц унаж осолдсон газарт аврах албаныхан ажиллаж, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх зэрэг шаардлагатай арга хэмжээ авч байгаа аж.

Үүнээс өмнө өнгөрсөн арваннэгдүгээр сард Йеменд цэргийн тээвэрлэлтийн онгоц осолдсоноос 10 хүн амь үрэгдэж байсан билээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж