Тэднийг тойрсон дуулиан шуугиан ойрын өдрүүдийн гол сенсаац болж байх шиг. Гэрт нь нэгжлэг хийгээд “амьжиргааны цагаан” гэж нэрлэдэг ачааны жижиг машинаар дүүрэн ам.доллар хураасан, нууц амраг, эхнэр, хүүхдийнхээ нэр дээрх дансанд тэрбум тэрбумаар нь мөнгө хадгалж байсан, тэрбумын үнэтэй хаус хүүхдүүддээ авч өгсөн зэрэг дуулиан шуугиан тэднийг Арабын “Мянга нэгэн шөнийн үлгэр”-т гардаг баян хаад шиг харагдуулж байгаа юм.
Сүүлийн мэдээллээр бол тэдний улсад учруулсан хохирол 17 тэрбум төгрөгт хүрч болзошгүй байгаа гэх. Яаж завшихаараа ийм их мөнгийг босгож чаддаг байна аа гэж гайхмаар. Хэрвээ үнэн бол ёстой цөм хийсэн байна шүү гэхээс өөр үг алга.
Хэргийг шалгаж байгаа Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга Э.Амарбатын яриагаар бол Ч.Гансүх нарын дөрвөн хүнд бусдаас их хэмжээний хээл хахууль авсан, хууль бусаар хөрөнгөжсөн байж болзошгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэжээ. Өөрөөр хэлбэл, тэднийг улсын төсөвт төвлөрүүлэх ёстой олон тэрбум төгрөгийн татварыг нуун дарагдуулсан, үүнийхээ хөлсөнд аж ахуйн нэгжүүдээс авлига авсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн бөгөөд цагдан хорьжээ. Иргэдийн татварт төлсөн мөнгөнөөс тэрбум тэрбумаар халаасласан гэгдэж буй “хаад”-ын хэн нь хэн бэ гэдгийг бид сурвалжиллаа.
Ч.Гансүх
Татварын албанд 20 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд сүүлийн 12 жилд нь Үндэсний татварын ерөнхий газарт Хяналт шалгалтын чиглэл хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байгаа. Дашрамд дурдахад хянаж шалгаж байх ёстой хүн нь өөрөө хэдэн тэрбумаар нь мөнгө завшчихсан байна гэдэг манай төрийн нүд чих ямар сул байгааг харуулж буй хэрэг бизээ.
Ч.Гансүх нь хам хэрэгтнээр татагдаад буй татварын улсын байцаагч О.Бямбасүрэнгийн нэр дээрх дансанд хүү Г.Ганзулаараа дамжуулан таван тэрбум төгрөг хийлгүүлснийг хуулийнхан тогтоосон гэх. О.Бямбасүрэнг Ч.Гансүхийн нууц амраг хэмээн бичиж байгаа. О.Бямбасүрэнгийн дансанд Г.Ганзулын шилжүүлсэн мөнгө Үндэсний татварын ерөнхий газрын Төсвийн орлогын хураалтын тасагт тушаах ёстой иргэд, байгууллагын татварын мөнгө байсан гэнэ. Энэ тасгийг мөн л энэ хэрэгт хамсаатнаар татагдаад буй Д.Энхбат хариуцдаг ажээ.
Ч.Гансүх өмнө нь Хадгаламж зээлийн хоршоод дампуурах үеэр хоршоодыг дамдууруулсан хэрэгт холбогдон шалгуулж байсан бөгөөд түүнийг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Баттөр хамгаалдаг байсан гэх яриа ч байна.
Д.Энхбат
Өмнө нь Баянгол дүүргийн татварын хэлтсийн даргаар ажиллаж байх үедээ хэл аманд орооцолдож, шалгуулж байжээ. Түүнээсээ бүр өмнө Эрүүгийн цагдаагийн газар ажилладаг байхдаа мөн л хэрэг түвэгт холбогдож, цагдаагийн албанаас гарсан гэнэ. Бидэнд олдсон мэдээллээр тэрбээр өөрт олгогдсон эрх мэдлээ урвуулан ашиглаж тухайн үед манай улсад ажиллаж, амьдарч байсан ОХУ-ын иргэн Кузмичевыг хууль бусаар байцааж, биед нь байсан их хэмжээний мөнгийг дээрэмдсэн онц ноцтой хэргийг үйлдсэн гэнэ. Энэ хэргийн улмаас цагдаагаас гарчээ. Мөн тэрбээр цагдаад ажиллаж байхдаа эхнэрийнхээ нэр дээр Налайхад архины үйлдвэр байгуулан ихээхэн ашиг орлого олж байсан төдийгүй хотод мөрийтэй тоглоомын газар ажиллуулан хөрөнгөжсөн нэгэн гэнэ. Түүнийг хувийн компаниудынхаа татвар төлөөгүй асуудлуудыг шийдүүлэх гэж татварын албаар явж байхдаа Нийслэлийн татварын газрын удирдлагуудтай танилцаж, улмаар 2007 онд тус газарт татварын улсын байцаагч болсон гэж ярьдаг. Тэндээсээ Баянгол дүүргийн татварын хэлтсийн дарга болж дэвшжээ. Ингэж дэвшихдээ тухайн үед Татварын албаны удирдлагад ажиллаж байсан хүмүүст авлига өгсөн гэдэг яриа хөөрөө энэ албаныхны дунд байх юм билээ. Түүнийг Нийслэлийн татварын газрын даргын тушаалаар 2009 онд Баянгол дүүргийн татварын хэлтсийн даргаар томилжээ. Гэвч энэ албан тушаалыг хашиж байсан Б.Оюунтуяа гэх эмэгтэй Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаснаар Д.Энхбатыг Баянгол дүүргийн татварын хэлтсийн даргаар томилсон Нийслэлийн татварын газрын дарга С.Энхбаатарын тушаалыг хүчингүй болгож, Б.Оюунтуяаг ажилд нь буцаан томилсон байна. Гэвч Д.Энхбат татварын албанд орж ажиллах зорилгоосоо няцсангүй явсаар 2010 онд Үндэсний татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлага, судалгаа, үнэлгээний хэлтсийн дарга болжээ.
Тэрбээр хоёрхон жил ажиллаад ийнхүү аавын хаалга татаж байгаа бөгөөд одоогийн байдлаар Гаалийн ерөнхий газарт ажилладаг эхнэр Охиноо гэх эмэгтэйтэй нийлж аж ахуйн нэгжүүдийг залилж байсан. Аж ахуйн нэгжүүдээс саасан мөнгөө Ч.Гансүх нартай нийлж халаасалсан, бусдад бэлэглэсэн гэх хэрэгт шалгуулж байна. Түүнийг шалгах явцад эхнэрийнхээ нэр дээрх дансанд дөрвөн сая ам.доллар хадгалж байсан нь илэрсэн гэх.
О.Бямбасүрэн
Үндэсний татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч энэ эмэгтэй яг одоо шалгагдаж буй хэрэгт ямар хамааралтай талаар тодорхой мэдээлэл одоогоор алга. Ч.Гансүхийн хүү Г.Ганзул түүний нэр дээрх дансанд таван тэрбум төгрөг шилжүүлсэн учир шалгуулж байгаа юу, албан тушаалаа ашигласан өөр үйлдэлд холбоотой юу гэдэг нь удахгүй тодорхой болох бизээ.
Олны ярьж байгаагаар О.Бямбасүрэн Ч.Гансүхийн нууц амраг бөгөөд 2011 оны гуравдугаар сард ажлын байрандаа Ч.Гансүхтэй маргалдсаны улмаас, судсаа ханаж амиа хорлохыг завдсан нь тухайн үедээ хэвлэлээр гарч, хөөрхөн дуулиан тарьсан. Амиа хорлохыг оролдсон хэргийг нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байсан ч тэгсхийгээд сураг алдарсан юм.
Дашрамд дурдахад 2011 онд “Ширэвгэр” ХХК түүний эсрэг шүүхэд зарга мэдүүлж байсан бөгөөд төлөх шаардлагагүй татвар төлүүлэхээр албадаж байна гэсэн утгатай нэхэмжлэл гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байдаг юм.
Ж.Батбаяр
Үндэсний татварын ерөнхий газрын дэд дарга асан Ж.Батбаярыг 2012 оны зунаас эхлэн хуулийнхан шалгаж эхэлсэн. Тухайн үед УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаа “Үндэсний татварын ерөнхий газрын ажилтнуудыг шалгаж эхэлсэн. Хэрэв гэм буруутай гэж үзвэл цаашид нэр бүхий ажилтнуудыг шалгана” хэмээн мэдэгдэж байсан билээ. Эдүгээ Үндэсний татварын ерөнхий газрын албан тушаалтнуудыг улсын төсөвт төвлөрүүлэх ёстой их хэмжээний мөнгийг нуун дарагдуулж хувийн дансанд байршуулсан хэрэгт шалгаж байгаа нь Ж.Батбаярыг шалгах явцад илэрсэн хэрэг гэж зарим албаны эх сурвалж хэлж байгаа нь үнэний ортой байх магадлалтай. Ж.Батбаярыг одоо Авлигатай тэмцэх газарт шалгаж байгаа бөгөөд тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга Э.Амарбат “Татварын ерөнхий газрын дэд дарга Ж.Батбаярт холбоотой хэргийг манайх болон УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах хэлтэст шалгаж байгаа. Түүнийг албан татвар төлөхөөс зайлсхийсэн, хээл хахууль авсан байж болзошгүй гэсэн хоёр үндэслэлээр шалгаж байгаа” хэмээн мэдээлсэн билээ.
Н.Бат-Эрдэнэ
Татварынхнаар овоглосон эл дуулиан тарьж буй хэрэгт бас нэг хүний нэр холбогдож байгаа нь Үндэсний татварын ерөнхий газрын Захиргаа, удирдлагын газрын дарга Н.Бат-Эрдэнэ. Түүнийг цагдан хориогүй боловч шалгаж байгаа хэмээн албаны эх сурвалж мэдээлсэн.
Н.Бат-Эрдэнэ өмнө нь Авлигатай тэмцэх газрын хүний нөөц, боловсон хүчин эрхэлсэн ахлах ажилтан байсан бөгөөд алдаа дутагдал гаргасны улмаас ажлаасаа халагдаж, дараа нь одоогийн албан тушаалдаа иржээ. Иргэд, байгууллагуудыг шалгаж айлгаад байдаг татварынхан өөрсдөө тэрбум тэрбумаар нь завшиж, халаасалдаг хэргийн эзэд болжээ. Эхнэр хүүхэд, нууц амрагаа хүртэл хэрэгт татан оролцуулсныг бодоход их л бөх зүрхтэй хүмүүс бололтой.
Үндэсний татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Баттөмөр өөрийгөө “сайн ажилласан” гэж үнэлэн гурван сая төгрөгөөр шагнасан төдийгүй, сүүлийн хоёр жилд “мундаг” ажилтнуудаа 632 тэрбум 500 сая төгрөгөөр аялуулж, зугаалуулсан гэдэг. Энэ бүх мөнгө ард түмний татварт төлсөн мөнгө шүү дээ.
Эх сурвалж “ӨДРИЙН ШУУДАН” сонин