
Т.Аятунгаа хэвлэлүүдээр “Интерполоор эрэн сурвалжлагдаж байна” гэсэн мэдээллэл ягаад гарсныг мэдэхгүй байгаа бөгөөд эрэн сурвалжлагдаж байгаа хэргийн талаар бус охиноо алдаад байгаа болон охиноо олоход туслаачээ гэсэн хүсэлттэй хэвлэл мэдээллийнхэнд хандсан юм. Тодруулбал, Т.Аятунгаа “олон улсын иргэншилтэй” гэх Чарльз гэдэг залуутай хуримаа хийн охинтой болсон. Хэсэг хугацаанд нөхөр, охины хамт гэр бүлээрээ Монголд амьдарч байгаад Филлипин улсад амьдархаар болж. Тэгээд л ээжтэйгээ цуг охиноо аваад Филлипин улс руу очсон. Гэтэл нэг л өдөр түүний нөхөр охиноо тэврээд “Ойрхон гараад ирье” гээд гарсан нь одоог хүртэл сураггүй, охин нь амьд үгүй нь мэдэгдэхгүй байгаа гэж тэрээр охиныхоо зургийг үзүүлэн нулимс дуслуулан хэллээ. Түүний охин одоо есөн сартай гэнэ. 2012 оны арваннэгдүгээр сарын 5-нд охиноо алдаад тун удалгүй арваннэгдүгээр сарын 30-нд визнийх нь хугацаа нь дуусч ээжтэйгээ хамт Монголд ирсэн байна.
Монголд ирснээс хойш Хүний эрхийн төрийн бус байгууллагуудад хандаж охиноо хайж байгаа. Хүүхэд алга болсон хэрэгт албан ёсоор эрүүгийн хэрэг үүсэн шалгаж байгаа бөгөөд аавыг нь буруутган хайж байгаа юм байна.
Түүний нөхөр яагаад охиныг нь аваад сураггүй болсон талаар асуухад тэрээр “Би сайн мэдэхгүй байна. Зүв зүгээр байж байгаад гэнэт л охиныг маань аваад явчихсан. Урьдаас төлөвлөсөн ч байсан юм уу би сайн мэдэхгүй байна” гэлээ. Хүүхдийнх нь эцгийн хаана ямар ажил хийдэг, ямар улсын иргэн зэргийг тодруулахад тэрээр мэдээлэл өгөх дургүй байсан бөгөөд олон улсын иргэншилтэй гэхээс өөр зүйл хэлсэнгүй.
Т.Аятунгаа яагаад интерполоор эрэн сурвалжлагдах болсныг тодруулахад “Би хар тамхи, хүүхдийн наймааны хэрэг огт хийгээгүй, охиноо хайхад саад болгож, хилээр нэвтрүүлэхгүй гэж хийсэн охины маань эцгийн хийж байгаа ажил гэж бодож байна” гэв.



