Сайд А.Гансүх ажлаа танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2013.02.20-нд нийтлэгдсэн

Сайд А.Гансүх ажлаа танилцууллаа

Зам тээврийн сайд А.Гансүх өнөөдөр салбарын хэмжээнд хийж байгаа ажлаа сэтгүүлчдэд танилцууллаа. Шинэчлэлийн Засгийн газраас бүх аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбохоор болсон. Одоогийн байдлаар есөн аймаг хатуу хучилттай авто замаар нийслэлтэй холбогдсон. Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрээр энэ жил Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Хөвсгөл, Баянхонгор аймгуудад авто зам барина. Нийт 1340 км авто зам баригдах бол ирэх жил Завхан, Говь-Алтай, Сүхбаатар аймгийг Улаанбаатар хоттой, 2015 онд Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудыг тус бүр хатуу хучилттай авто замаар холбохоор төлөвлөжээ. Тодруулж хэлбэл, 2016 онд бүх аймаг хатуу хучилттай авто замаар холбогдсон байх аж.
Зам тээврийн яаманд далайн тээвэр бас харьяалагдаж байна. Уул уурхайн бүтээгдэхүүнээ гуравдагч хөршид экспортлоход далайн тээврийг хөгжүүлсэн байх нь чухал тул үндэсний боловсон хүчин бэлтгэхэд анхаарч эхэлжээ. Энэ хүрээнд эхний ээлжинд БНСУ-д 10 далайчин бэлтгэж байгаа гэнэ. Нийт 170 далайчинг бэлтгэнэ. Мөн тус улстай хамтран Далайн усан тээврийн компани байгуулах, далайн тээврийг хөгжүүлэх стратегийн зорилт тавьжээ. Далайд гарцгүй, бас туршлагагүй орны хувьд энэ чиглэлээр хамгийн их амжилттай яваа улстай хамтран ажиллах нь туршлага хуримтлуулж, тэр хэрээр уул уурхайн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гуравдагч хөршид гарган далайн боомт дээр худалдаалахад хамгийн их боломж бололцоог нээнэ гэж харжээ. Ер нь уул уурхайн баялагийг үнэд хүргэх хамгийн том гарц нь далайн боомт байдаг аж. Тиймээс энэ чиглэлд Зам тээврийн яам хамгийн их анхаарал хандуулах болжээ.

Монгол Улс 1996 онд Олон улсын далайн байгууллагын гишүүн орон болсон юм байна. Ингэснээр Сингапурт улстай хамтран Монгол Улсын далбаатай хөлөг онгоцыг далайд аялуулж эхэлсэн. Тэр үед Монголын талын хувь эзэмшил 30 хувь байсан бол үүнийгээ өсгөж өнөөдөр 60 хувьд хүргэжээ. Цаашид Монголын талын хувь эзэмшлийг нэмэгдүүлнэ, мөн өнгөрсөн хугацаанд далайн тээврээс олсон орлогоос 2.8 тэрбумыг улсын төсөвт төвлөрүүлсэн тухай мэдээллийг сайд өглөө.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж