МИАТ-ын мөнгийг луйвардахаар компани байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2013.02.20-нд нийтлэгдсэн

МИАТ-ын мөнгийг луйвардахаар компани байгуулжээ

Дайны эрсдлийн даатгалын сан нэрээр
их  хэмжээний мөнгийг гадаад улс руу шилжүүлсэн гэх хэрэгт  МИАТ
компанийн үе үеийн удирдлага, хамсаатнууд нийт есөн хүн холбогдон 
шалгагдаж байгаа. 2011 оноос эхлэн шалгасан ч мөрдөн байцаалтын
ажиллагаа удаашралтай байсан энэ хэргийг оны дараанаас сэргээн шалгаж,
хэрэгт холбогдолтой хүмүүсийг цагдан хориод байгаа юм. Энэ хэрэгтэй
холбоотой янз бүрийн мэдээлэл гарсаар байна. Тиймээс УМБГ-ын Эдийн  засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн Ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ц.Наранхүүтэй   ярилцлаа.

-МИАТ-ын 
гэх хэрэгт есөн хүнийг сэжигтнээр тооцон шалгаж байгаа. Хэргийг шалгаж
эхлээд багагүй  хугацаа өнгөрсөн ч дорвитой ахиц гаралгүй удсан. Мөрдөн
байцаалтын ажиллагаа оны дараагаас эрчимжиж байх шиг байна? 

-Хэргийг
2011  оноос эхлэн шалгасан. Энэ хугацаанд хоёр удаа түдгэлзэж байсан.
Өнгөрсөн хугацаанд   хангалттай хэмжээний нотлох баримт цуглараагүй
байсан.  Бид нотлох баримт  бүрдүүлэхийн тулд Япон, Хонгконгоос
материал  ирүүлэх шаардлагатай болж хууль хяналтынх нь байгууллагад 
хүсэлтээ өгөөд  байсан. Тэдгээрийн хариу ирснээр хэргийг үргэлжлүүлэн 
шалгаж байгаа.

-Хэвлэлээр янз бүрийн мэдээлэл гарч байна. 
Сэжигтнээр татагдаад байгаа Ц.Орхон эхнэр  Ү.Цэцэгмааг суллаж, батлан
даалтад гаргавал хэрэгт холбоотой  20  улстөрчийг нэрлэнэ гэх  мэдээлэл 
үнэн үү?

-Хаанаас ийм мэдээлэл гараад хэвлэл мэдээллийн
хэрэгслээр цацагдсаныг мэдэхгүй. Үндэслэлгүй ташаа мэдээлэл гэдгийг
хэлэе.  Хэрэгт холбогдсон хүмүүсээс мэдүүлэг авч байгаа. Гэхдээ эхнэрийг
нь суллавал 20 улстөрчийг нэрлэнэ гэж мэдүүлсэн зүйл байхгүй.

-Энэ хэрэгт улстөрчид оролцоотой гэж хардах хүн цөөнгүй байна л даа. Улстөрчдөөс холбогдуулан шалгаж байгаа зүйл бий юу?

-Хэвлэл мэдээллээр гарч байгаа мэдээлэл бидний ажилд хамааралгүй. Улстөрчдийг холбогдуулан шалгаж байгаа асуудал байхгүй.

-Дайны
эрсдлийн даатгал нэрээр гадаад улс руу их хэмжээний мөнгийг хүлээн
авдаг байсан  Японд  харьяалалтай  “Вэст вэлф”  ямар ч эзэнгүй компани
байсан гэх мэдээлэл бий. Үнэхээр мөнгө угаах зорилгоор энэ компанийг
байгуулсан хэрэг үү?

-Зөвхөн дайны эрсдлийн даатгалын сан
гэгчээр төвлөрсөн мөнгийг шилжүүлэх зорилгоор “Вэст вэлф” гэх даатгалын
компанийг байгуулсан болох нь тогтоогдсон. Энэ компанийг үүсгэн
байгуулахад оролцсон  Японы иргэнээс  дээрх мэдээллийг авсан  байгаа. 
Дайны эрсдлийн даатгалын сан  гэгчийг Б.Эрдэнэбилэг анх үүсгэн
байгуулсан. Анхны гүйлгээг нь бас хийсэн байдаг.

-Цагдан хоригдсон  хүмүүсийн биеийн байдал ямар байгаа вэ. Батлан даалтад гарах хүсэлт тавьсан гэсэн?

-Эрүүл
мэндийн байдал хэвийн байгаа. Ц.Орхон, түүний эхнэр Ү.Цэцэгмаа,
Батхишиг нарын гурван хүн батлан даалтад гарах хүсэлт тавьсан. Хүлээн
авах боломжгүй гэж үзсэн.

-Ү.Цэцэгмаа   нэг настай хүүхэдтэй учир батлан даалтад гарах хүсэлт тавьсан юмуу?

-Найман настай хүүхэдтэй. Гэхдээ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх боломжгүй гэв.

Мөн
тэрээр мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа  учир холбогдогчдын
мэдүүлэг, цаашид явуулах ажиллагааны талаар  мэдээлэл өгөхөөс
татгалзлаа.

С.ОТГОНСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж