АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2013.02.20-нд нийтлэгдсэн

АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралдаж Намын дүрэмд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг шинэчлэх, Үндэсний зөвлөлдөх хороо болон нийслэл, дүүрэг аймгийн анхан дунд шатны нөхөн сонгуулийг хойшлуулах, Ардчиллын өргөөний ажлын явцтай танилцах гэсэн гурван асуудал хэлэлцэж дараах шийдвэрийг гаргасан байна. 

Тухайлбал, Намуудын тухай хуульд өөрчлөлт орох гэж буйтай холбогдуулан Намын дүрэмд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг шинэчлэн зохион байгуулах тогтоол гаргажээ. Ажлын хэсгийн даргаар Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, дэд даргаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, нарийн бичгийн даргаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь нарыг томилсон аж. Мөн Ажлын хэсэгт Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр Л.Болд, С.Төмөрхүү, Б.Ургамалцэцэг, Б.Мягмардаш нар ажиллахаар болсон байна.

Намын дүрэм шинэчлэх ажлын хэсэг 2011 онд байгуулагдаж ахлагчаар нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат ажиллаж байсан аж. Намын дүрмийн шинэчлэлтэй холбоотой саналыг намын дунд шатны дарга нараас АН-ын E-Office цахим шуудангаар хүлээн авч нэгтгэж байгааг энэ үеэр Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь онцолжээ.   

Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар намын дүрмэнд өөрчлөлт орох гэж буйтай холбогдуулан энэ оны есдүгээр сар хүртэл Ардчилсан намын ҮЗХ болон нийслэл, дүүрэг, аймгийн анхан дунд шатны нөхөн сонгуулийг хойшлуулах тогтоолыг баталжээ. 

Түүнчлэн хурлаар Ардчиллын өргөөний ажлын явц байдлын талаар хэлэлцэж, дахин танилцуулах асуудлыг Ардчилсан намын Хэрэг эрхлэх газарт даалгасан байна.  

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж