Хувь хүний хөгжлийн инстиутын захирал М.Ичинноров “Хувь хүний хөгжил дэвшлээс нийгмийн хөгжил дэвшил хамаарна гэсэн уриатайгаар бид ажиллаж байна. Улс орны хөгжил дэвшил хувь хүний хөгжил дэвшлээс хамаардаг. Сүүлийн 20 жилд орхигдуулсан зүйл бол хувь хүний хөгжлийн асуудал. Тийм учраас бид нийгмийн бүх давхаргынханд хүрч очих чармайлт тавьж байна. Мөн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургуулиудын сургалтын хөтөлбөрт “Амьдрах ухаан-амжилтын хөтөч” сургалтыг албан ёсны болгохоор зорьж байна. Хүн өөрөө дотоод ертөнцдөө асар их хүч агуулж байдаг. Тийм болохоор хүүхэд байхдаа мөрөөдөж байсан тэр хүчийг сэргээнэ. Амжилт хүрэх түлхүүр нь хувь хүний дотор байгаа, түүнийг нь нээхэд бид гүүр болж хөтөлнө. Дэлхийн агуу том сэтгэгчид, амжилтад хүрсэн хүмүүсийн гол нууц нь өөрийнхөө дотоод хүчийг нээж чадсанд оршдог” гэлээ. “Амьдрах ухаан-амжилтын хөтөч” сургалтын нээлт Мэдээлэл технологийн үндэсний паркад байрлах Хувь хүний хөгжлийн Институтийн сургалтын байранд боллоо.
Амьдрах ухаан сургалтын анхны хонхыг цохилоо
БНСУ-ын хөгжлийн нууц бол иргэн бүр нь хөдөлмөрч байсан явдал, ийм болоход иргэд нь өөрсдийгөө өдөр тутам дайчилж, тавьсан зорилгодоо хүрч, мөн өөрийгөө өөрчилж чадсанд оршино гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Амьдрах ухаан-амжилтын хөтөч” сургалтыг нээж, хонх цохих үеэрээ онцлон тэмдэглэлээ. Монгол Улсын үе үеийн Засгийн газар улс орныхоо хөгжлийг шинэ шатанд гаргах зорилт тавьж ирсэн боловч хувь хүнд анхаарал хандуулж тэднийг хөгжүүлж өөрчлөх чиглэлд тодорхой бодлого дэвшүүлж ажиллаж байгаагүй аж. Харин энэ санал санаачлагыг Хувь хүний хөгжлийн институтээс гаргаж, Засгийн газартай хамтрах болсноор ийнхүү “Амьдрах ухаан-амжилтын хөтөч” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Энэ хүрээнд эхний ээлжинд 50 залуусыг сургалтад хамрагдаж эхэллээ. Нийт 290 залуус дээрх сургалтад хамрагдахаар бүртгүүлснээс эхний ээлжинд 50-ыг нь сургах аж. Сургалт гурван сарын хугацаатай үргэлжилнэ, долоо хоногт нэг удаа хичээл орно. Ингэхдээ сургалтад хамрагдсан хүмүүст өөрийнхөө давуу чанарыг олж нээх, дотоод хүч чадвараа зөв ашиглах, аз жаргалтай сэтгэл дүүрэн амьдрах, амжилтад хүрэх хөтөч нь болоход хөтөлбөр чиглэгдэх аж.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг суралцагсдад хандан “Өөрөө өөрийгөө нээх, өөр хүн болох зорилго тавин “Амьдрах ухаан-амжилтын хөтөч” сургалтад хамрагдахаар анхны салхийг хагалж ирсэн залуустаа баяр хүргэе. Та бүхэн өөрсдийгөө өөрчилж чадна. Энэ нь улс орны хөгжилд маш том өөрчлөлтийг авчрах болно. Улс орны хөгжил гэдэг хувь хүн өөрийгөө өөрчилж чадсанд оршдог юм. Өөртөө тохирох хүнийг хайх бус өөрөө өөрчлөгдөх нь чухал. Энэ сургалт маш их үр дүн өгнө гэдэгт итгэж байна” гэсэн юм.
Г.ДАРЬ