Монголын туялзуур сэлэмний холбоо 2009 онд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн жил лигийн тэмцээнийг анх удаа зохион байгуулсан. Мөн 2011 оны ДАШТ-ээс Монголын туялзуур сэлэмний анхны ялалтыг тулаанч Э.Баярбат, Э.Орхон нар авч байжээ. Өнгөрсөн жил насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болон өсвөрийн ДАШТ-нд оролцсон нь олон улс, тив, дэлхийн хэмжээний тэмцээний өрсөлдөх тамирчидтай болоод байгааг харуулсан. Туялзуур сэлэм нь1896 онд улс түмний эв найрамдлыг бэлгэдсэн олимпийн наадам анх удаагаа Грекийн Афин хотноо зохион байгуулагдахад албан ёсны хөтөлбөрт багтсанаас хойш бүх олимпийн наадамд багтаад байна. Өдгөө Азийн туялзуур сэлэмний тамирчид дэлхий болон олимпийн наадамд өндөр амжилт гаргадаг бөгөөд Монголын тамирчид хүч түрэн орж ирж өрсөлдөөнийг улам ширүүн, сонирхолтой болгож байгаа талаар Азийн туялзуур сэлэмний холбооны ерөнхий санхүүч Клифф Вон өнгөрсөн онд манай улсад зочлохдоо онцлон сайшааж байсан.
Дашрамд дуулгахад, Монголын туялзуур сэлэмний холбоо 2015 оны Ази тивийн өсвөр, залуучуудын аварга шалгаруулах тэмцээн болон Азийн туялзуур сэлэмний холбооны хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулах эрхийн төлөө АНЭУ-ын Дубай болон БНСУ-ын Сөүл хотуудтай өрсөлдөж буй юм.